Олон улсын “Авто ралли”-д оролцож байсан Япон улсын иргэдийг тээвэрлэж явсан “Тоёота Алфард” маркийн автомашин, “Тоёота приус” машинтай мөргөлдөж, нэг хүн нас барж, долоон хүн хүнд гэмтсэн зам тээврийн ноцтой осол өчигдөр гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг Баруунхараа сумаас 15 км-ийн зайд байрлах “Хоёр даваа” гэх газарт энэхүү ноцтой хэрэг гарсан бөгөөд хоёр машиныг хоёуланг нь эмэгтэй жолооч барьж явжээ. Ослын улмаас нутгийнхаа наадам үзэхээр явж байсан 50 гаруй насны эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бол 5, 3 настай хоёр хүүхэд болон Япон улсын дөрвөн иргэн ноцтой гэмтсэн аж.
Хүүхдүүдийг болон Япон улсын хоёр иргэн Баруунхараа сум руу түргэний тэргээр хүргэгдэж эмнэлгийн үйлчилгээ авсан бол үлдсэн гурван иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэж ирсэн байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.
Нийт хэргийн 90 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдэг тул жолооч та бүхэн “Бүсээ бүсэлж, хурдаа тохируулж, дүрмээ биелүүлж” хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн баяр наадмын олон хоногийн амралтаар хөдөө явах бол хурдаа тохируулж, мөн анхаарал болгоомжтой зорчихыг нийт зорчигч нарт уриалж байна.