ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ванчиг: Франц үнээнээс өдөрт 40 литр сүү авдаг

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-21

Манай улсын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403 сая литр байдаг. Тэгвэл улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 220 үйлдвэр, цех жилдээ 280-300 сая литр шингэн сүүг нийлүүлдэг аж. Бид 66 сая малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч сүүний  хэрэглээнийхээ 60 хувийг импортоор хангадаг. Харамсалтай нь нийт бэлчээрийн талаас илүү хувьд даац 2-5 дахин, бүр түүнээс ч илүү хэтэрсэн. Иймээс Засгийн газраас 2013 онд бодлогоор дэмжиж сүү, махны чиглэлийн өндөр ашиг шимтэй үнээнүүдийг гаднаас оруулж иржээ. Манай сонины сурвалжлах баг дээрх төслийн хүрээнд франц үнээг амжилттай нутагшуулж чадсан Төв аймгийн Баянчандмань суманд байрлах үнээний фермийн аж ахуйг зорьсон юм. 

 

Caption

Бид сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ч.Ганчимэгтэй уулзаж Баянчандмань сумын мал аж ахуйн онцлог, эрчимжсэн аж ахуйн тухай мэдээлэл авсан юм. Тэрбээр “Манай сум 61,1 мянган га нутаг дэвсгэртэй, 40974 га бэлчээр, 3779 га тариалангийн талбайтай, 246 малчин өрх амьдардаг.  Эрчимжсэн аж ахуй эрхлэгч 36 ферм бий. Бэлчээр багатай учир эрчимжсэн мал аж ахуй эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, өдөрт 36-40 литр сүү өгдөг монбилярд, хар тарлан  үнээ, улсын шилмэл мал үзэсгэлэн худалдаанаас Гран-при шагнал авсан өдөрт хоёр литр сүү өгдөг эрлийз ямаа, өндөгний чиглэлийн тахиа зэрэг ашиг шим өндөртэй  мал аж ахуй байдаг. Бидний очих франц үнээний фермийн аж ахуй 2015 онд “Улсын тэргүүний” ферм болж байсан үлгэр жишээ фермер” хэмээн танилцуулав.

Төв аймгийн Баянчандмань сумын “Эрдэнэ” багийн нутаг “Сүүл цагаан” хайрханы өвөрт байрлах улаан хашааны гадаа үлэмж биерхүү, 40-ийн битон шиг дэлэнтэй, ухаа хонгор  үнээнүүд идээшлэнэ. Хашааны хаалгаар ороход чигжүү ургасан ногоон тэжээлийн захаар трактор пад пад дуугаран, тэжээл хадаж шинэхэн өвсний сөлийн үнэр нэн таатай анхилах аж. Намхан нуруутай хүн дотогш орвол харагдахгүй шахам өндөр ургасан тэжээлийг бүтэн мөрөөр явахаар хэрчигч хахаад явахгүй нь энэ хэмээн инээмсэглэх залуу жолооч биднийг угтав Фермийн эзэн боловсролын тэргүүний ажилтан, нисэх загварын спортын мастер Б.Ванчигтай уулзаж ирсэн зорилгоо танилцууллаа.

Тэрбээр “ Анх 2009 онд эзгүй талд мах сүүний чиглэлийн үхэртэй болно гэж тооцож 50 үнээний стандартын ферм барьсан. Монгол 30 үнээ авснаар үйл ажиллагаа эхэлж байлаа.  Санаж явбал бүтнэ гэж 2013 онд Засгийн газар гаднаас өндөр ашиг шимтэй үнээ оруулж ирнэ хэмээснээр монгол үнээнүүдээ борлуулж франц үнээ авч эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болсон. Аж ахуй эрхлэх үед мэдэхгүй чадахгүй асуудал их л байсан” хэмээсээр бидэнтэй уулзсан юм. Тэдний нэг үнээ бэлчээр, цаг агаар, улирал хамаарахгүй жилийн 300 өдөрт өдөр бүр 40 литр сүү өгдөг аж. 

Б.Ванчиг: Байгалийн хадлангаас ногоон тэжээл хямд байдаг

Сүүний фермийн аж ахуйн амин сүнс нь өвс тэжээл байдаг билээ. Ногоон тэжээлийн дарш бэлтгэн гишгэж байгаа ажилчид дээр очиж “Ажил нь тавтай юу, ургац арвин уу” хэмээн мэндлэх үед тэжээл сэрээдэж байсан 50 гаруй насны шовгор бор ах хөлсөө арчин “Газрын шим гомдохооргүй л байна” хэмээн инээмсэглэсэн юм. Б.Ванчиг ах “Байгалийн хадлангийн  боодолтой өвсний нэг килограмм нь 400 төгрөгийн өртөгтэй. Харин газраа хагалаад, үрээ худалдаж авч, түлшээ хийж, хүнээр тариулсан ногоон тэжээлийн даршны бүх зардал ороод нэг килограмм нь 68 төгрөгийн өртөгтэй. Өвснөөс хямдхан,  мөртлөө хэд дахин илүү ашиг шимтэй” хэмээн ярих нь эрхгүй анхаарал татна. Мөн өвөлдөө чингэлэгт гидропоненикийн аргаар улаан буудайг усан дээр тарьж өдөр бүр сөөм хиртэй ургасан 500 килограмм ургац хурааж үнээндээ шинэ ногоо идүүлдгийг сонсоод өөрийн эрхгүй бахархлаа.

Фермийн аж ахуй уламжлалт мал ахуйгаас ялгагдах зүйл нь байгалийн ган зудаас хамааралгүй ашиг олж чаддагт оршдог аж. 50 үнээний жилийн хэрэгцээний дарш бэлтгэхэд 50 га газар хэрэгтэй гэв. Даршаа битүү 30 хоног дарснаар сүүний хүчлийн бактери үржиж 60-70 градус хүртэл халдаг бөгөөд 3-4 жил хадгалсан ч шим тэжээлт чанараа хадгалдаг тухай өгүүлж байлаа.

Эрчимжсэн мал аж ахуй давуу тал олонтой

“Чи чадна гэвэл чиний зөв. Чи чадна. Чи чадахгүй гэвэл чиний зөв чи чадахгүй” гэж хэлсэн үг намайг фермер болгосон хэмээн өгүүлэх Б.Ванчиг ах туршлагаа түгээн дэлгэрүүлэх, цөөн тооны малаас өндөр ашиг шим авах чиглэлд тэргүүлэн ажилладаг нэгэн. Мах сүүний чиглэлийн үнээгээ Европоос авсан нь бас учиртай. Францаас авсан үнээнүүдээ  гаалийн үзлэгт орохоос эхлээд нислэгийн замд гарах эрсдэлийг бид даана хэмээн худалдсан тал хариуцлага өндөр, эргэх холбоо сайтай ажиллажээ. Франц мэргэжилтнүүд анхны тугал авах үед болон сааль гарч эхлэх хүртэл Францын элчингийн шугамаар ирж зөвлөгөө өгч хамтарч ажилласан гэсэн юм. Нэг тугал хоёр сая төгрөгөөр худалддаг бөгөөд фермийн үнээ Монгол Улсын 21 аймагт тарсан аж. “10 үнээ тэжээгээд 40 литр сүү авах уу. нэг үнээ тэжээгээд 40 литр сүү авах уу гэж бодоод манай тугалыг авдаг даа” хэмээн даруухан өгүүлж байлаа.

Эрчимжсэн аж ахуйн үхрийн давуу талыг дурдвал монгол үнээнээс 18-25 хил жинтэй тугал гардаг бол франц  үнээнээс 50-иас дээш жинтэй тугал гардаг аж.  Мөн монгол үнээ 36 сарын дараа хээл авч төл өгдөг. Харин франц үнээ 18 сар хүрээд хээл авч төл өгч эхэлдэг аж. Монгол үхрийн сүүний тослог 2.8 хувь байдаг бол  өндөр ашиг шимтэй үнээний сүү тослог нь 5.6 хувь байдаг гэв.

Caption

Франц үнээний ферм Баянчандмань суманд олон сайхан зүйл өгчээ. Малчид өндөр ашиг шимтэй малын ач холбогдлыг ойлгож бэлчээрийн мал аж ахуйгаас фермийн аж ахуй руу шилжих хувьслыг зугуухан хийж байна. Тус ферм гурван гэр бүлийн зургаан хүнийг байнгын ажлын байраар хангадаг. Тэд сард 1.2 сая төгрөгийн цалин авдаг бөгөөд эрүүл мэнд нийгмийн даатгалд хамрагддаг байна. “Миний ажил зургаан малчнаа л хайрлах. Тэр хэд минь энэ 50 үнээгээ маллах юм. Анх ажилд орохдоо нэг гэр бүл нь мотоциклтой байсан.

Одоо бол гурвуулаа сайн машинтай болсон. Сайн малчинтай байх нь аж ахуй эрхэлж байгаа хүний амин сүнс юм шүү” хэмээн фермийн эзэн малчиддаа сэтгэл хангалуун ярьсан юм. Сайныг дагавал сарны гэрэл гэж хөдөө нутагт халуун хүйтэн устай, тохилог ариун цэврийн өрөөтэй тус бүр нь 100-аас дээш метр квадрат хотын тохилог орон сууцнаас дутахгүй байшинд малчид нь амьдарч байлаа.  

Оройн ажил нь дууссан тракторчин залуу биднийг гэртээ орохыг урьсан юм. Ажилчдын байшингийн хаалгаар ороход ижил өнгийн дөрвөн бүргэд хаалга угтав. Залуу малчдын гэрт ороход нямбай цэвэрлэсэн, саруул, дулаахан гурван том өрөөтэй аж. Тав тухтай тохилог орчныг харсан бид үнэндээ бишрэх сэтгэлээ нууж чадаагүй. Тэд өндөр хурдны интернет хэрэглэдэг бөгөөд “Хэдийгээр хэл мэдэхгүй ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрд нэвтэрсэн фермийн аж ахуйн технологийн бичлэг үзэж өөрсдийн ажилд туршиж үздэг” хэмээн залуу хосууд тэмүүлэл дүүрэн ярьж байлаа.

Франц үнээний фермийн аж ахуйтай танилцсан бид хүн хийнэ гэж зорьвол чадахгүй зүйл байдаггүйг баталсан Б.Ванчиг ахад талархах сэтгэл төрж байсныг хэлэх нь зүйтэй. Даанч төрөөс  Хүнсний тухай хуулийн 8.3-т “Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно” гэж заасан байдаг ч өнөөг хүртэл төрийн дэмжлэг бодитой хэрэгжихгүй байгааг мэдээд харамсалтай санагдсан юм.