ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгсжээ

Б.ГАНЗОРИГ
2019-07-16

Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт, төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав таалал төгсжээ. Тэрбээр, Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.Энэ үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний минь гавьяаг үнэллээ. Гэхдээ энэ зөвхөн миний шагнал биш. Миний хамтран ажилласан, дуучид, уран бүтээлчдийн минь шагнал. Тэгээд дээрээс нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн тэр их урлагийг түшиж, гол болгож явсаны минь ач буян юм. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлалаа. Сайхан өдөр байна. Цаашдаа Монголынхоо хөгжмийн урлагийг өндөрт өргөж яваарай гэж залуучууддаа захъя” гэсэн юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, "Чингис хаан" одонт, төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав нь "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1, 2 дугаар симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан юм.