ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Сүхбаатар: “Буянт-Ухаа-2” түрээсийн орон сууцны бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-19

“Буянт-Ухаа-2” хороололд баригдсан 972 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хэрхэн хамруулах, мөн түрээсийн журмын талаар өнөөдөр Нийслэлийн орон сууц корпорацийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК-ийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.

Түрээсийн орон сууцны 30 хувийг нь энгийн түрээс, 30 хувийг нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэр, үлдсэн 40 хувийг нь түрээсийн орон сууц барих зориулалттай газар чөлөөлсөн иргэдэд олгохоор НИТХ-аас шийдвэр гарсан бөгөөд “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууц”-нд хамруулахаар журмыг мөн боловсруулан гаргажээ. Бүртгэлийн ажил энэ сарын 22-ны өдрөөс эхэлж, 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Бүртгэл 24 цагаар ажил, амралтын өдөр ялгахгүй явагдахаас гадна бүртгэлээ өмнө, хойно хийлгэсэн эсэх нь огтхон ч хамаарахгүй. Тухайн иргэний мэдээллийг нягталж үзээд эрэмбэлэх асуудал байгаа гэдгийг НОСК-ийн дарга Б.Сүхбаатар хэлж байлаа.

Тэрбээр, “Цахим бүртгэл NOSK.UB.GOV.MN гэсэн хаягаар явагдана. Хэрхэн бүртгүүлэх нь тодорхой байгаа. Үүнээс гадна бүртгэлийн журам гарсантай холбогдуулан соошл орчинд асар их худлаа мэдээлэл явж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч айл албан ёсоор ороогүй. Бичиг баримтаа өгсөн асуудал ч байхгүй. Нийслэлийн орон сууцны комисс зөвхөн бүртгэлийн ажил хийнэ.

Үүний дараа хуулийн байгууллагын төлөөлөл болон Нийслэлийн Засаг даргын дэргэхэд Орон сууцны комисс иргэдийг эрэмбэлэх, оруулах ажлыг хийнэ. Найман төрлийн иргэд хамрагдана. Тусгайлсан квот өгөх асуудал байхгүй. Багш хүн байлаа гэхэд тэтгэвэрт гарчихсан бол ахмад настаны ангилалд хамрагдах боломжтой. Залуу багш нар тухайлбал залуу гэр бүл ангилалд бүртгүүлж болно. Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх олгохгүй. Гэр хорооллын иргэд түлхүү хамрагдана. Улаанбаатар хотод оршин суудаг байх нь чухал. Иргэд яарч сандрах шаардлагагүй. 14 хоногийн хугацаа урт учраас дор бүрнээ ярилцаж байгаад 14 хоногийн аль ч өдөр бүртгүүлэх боломжтой” гэлээ. Түрээсийн орон сууцны сонголтын тухайд гурван өрөөнөөс сонголт хийх аж.

Тухайлбал,

-68.59 м2 гурван өрөө

-39.30 м2 хоёр өрөө

-49.23 м2 хоёр өрөөнөөс тус, тус сонголтоо хийнэ. Түрээсийн үнийн хамгийн хямд нь 137 мянган төгрөг байх бол дээд үнэ нь 411 мянган төгрөг байхаар тогтоожээ. Харин түрээслээд өмчлөх байрны м.кв-ын үнэ нь 1.450.000 төгрөг байна. Хөгжлийн банкнаас ирүүлсэн үнэ аж. НОСК нэг ч төгрөг нэмээгүй гэлээ. 30 хувиа төлөөд орсон иргэн хамгийн багадаа 284 мянган төгрөг сард төлөөд таван жилийн хугацаанд өмчилж авах боломж бүрджээ. Харин урьдчилгаа төлөхгүй бол сардаа 1.6 сая төгрөг төлөөд явсан тохиолдолд таван жилийн хугацаанд өмчлөх боломж бүрдэнэ.

Засгийн газраас гаргасан журмын хүрээнд анх удаа түрээслээд өмчлөх хэлбэрийг оруулж ирсэн бөгөөд таван жилийн хугацаанд төлбөрөө хувааж хийгээд цаашдаа өмчлөөд явах юм байна. Түрээсийн орон сууцны асуудал яригдаж эхэлснээс хойш ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон жилийн өмнөөс материалаа өгч, бүртгүүлэхийг хүсч байжээ. Тэгвэл эдгээр иргэдийн материалыг НОСК татан авсан гэв. Нийт 5700 гаруй иргэний материалыг судалж, үзээд шаардлагад нийцсэн гэж үзвэл бүртгэлд хамруулах асуудлыг ч мөн ярьж байгаа аж. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Түрээсийн орон сууцыг НОСК руу шилжүүлснээр арын хаалганы асуудал яригдаж эхэллээ. Ажилтан нь иргэнээс долоон сая төгрөг нэхсэн гэх асуудал үнэн үү?

-НОСК зөвхөн бүртгэл явуулна. Сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахгүй. НОСК-ийн нэр барьж залилан хийхийг оролдсон гэдэг мэдээлэл нэлээд хэд ирсэн. Албан ёсоор хэлэхэд манай ажилтан, албан хаагчид зөвхөн бүртгэл хийнэ. Квот авах ёстой, тэдэн квот гэдгийг арилгасан. Хуулийнхан ажиллаж байгаа. Манай ажилтан тийм зүйл гаргасан байвал шууд хууль хяналтын байгууллагад өгнө. Хариуцлага ярина. Төрийн албан хаагчид бүгд бүртгүүлэх боломжтой. Төрд ажилласан хугацаа, өрхийн ам бүлийн тоо, бага насны хүүхэд, гавьяа шагнал, нийгмийн даатгал төлсөн байдал, агаарын чанарын байдлаар нь ангилна. Төрийн албан хаагч гачигдалтай бол гэр бүлээрээ маш сайн ярилцаад, аль нэг ангилалд нь ороод бүртгүүлэх ёстой.

-Тэтгэврийн зээлтэй ахмадууд яах вэ. Тэтгэврээ зээлд өгчихсөн гээд хамрагдахгүй юм биш биз?

-Энгийн түрээсэнд орохоор бүртгүүлсэн тэтгэврийн зээлтэй иргэн түрээсээ төлж чадахаар байвал оруулна. Түрээсээ төлөх чадваргүй хэмжээнд банкны зээл төлдөг бол орж чадахгүй шүү дээ.

-Цахимаар бүртгүүлнэ гэсэн атлаа бичиг баримтууд шаардаад байх юм. Бичиг баримтыг нь биеэр хүргэж өгөх ёстой юм уу. ТҮЦ машины тодорхойлолт гэхээр юуг нэхээд байгаа юм бэ?

-Эхний ээлжинд цахимаар бүртгэл хийж байгаа. 20-30 мянган цаас бүрдүүлнэ гэдэг хэцүү. Цахимаар бүртгээд сонгон шалгаруулалт явуулна. Шаардлага хангаж байвал материал авч ир гэж нэхнэ. Орон сууцанд орох шаардлага хангалаа гэж үзвэл бичиг баримт нэхнэ. Дараагийн удаагийнх гэсэн үг. Цахимаар бүртгүүлж байгаа иргэд худал юм уу, хуурамч мэдээлэл бүртгүүлсэн тохиолдолд хар жагсаалтад оруулна. Тиймээс 14 хоногийн хугацаанд маш сайн уншиж судалж, бүртгэлдээ хамрагдаарай. Цахим бүртгэл дээр цаас ерөөсөө хүсэхгүй. Ургийн овог, ам бүлийн тоо гэх мэтээр цаас шаардахгүй мэдээлэл нэхнэ. Өмнө нь нэг айлын дөрвөн хүн түрээсийн орон сууцанд орчихсон тохиолдол гарсан. Одоо Улаанбаатар хот түрээсийн орон сууцтай холбоотой өргөдлийг ганцхан цонхоор буюу НОСК л авна.

-Байр түрээсэлдэг иргэд орохгүй юм уу. Гэр хороолол гээд заачихаар орон байргүй хүмүүс яах юм?

-Огт орон гэргүй түрээсээр явж байгаа иргэд орох боломжтой. Энэ найман шаардлага дотор байгаа. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа аваад үзэхэд үл хөдлөх хөрөнгө өөрт чинь байхгүй, тухайн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байвал орох боломж бий.

-Нийгмийн даатгал хэдэн сараар төлсөн байх ёстой гэж байгаа вэ?

-Жилээр нь тооцно. Гэхдээ нийгмийн даатгалыг бүх иргэнээс шаардахгүй. Гачигдалтай иргэдээс шаардахгүй. Орон байргүй иргэдээс шаардахгүй.