ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-19

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой явж байсан “Латио” загварын суудлын автомашин мөн л дөрвөн зорчигчтой Улаанбаатар хот руу явж байсан “Ланд крузер-200” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Осол энэ сарын 18-нд буюу өчигдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Устын ам” гэх газарт болсон аж.

"Зам тээврийн ноцтой осол гарлаа" гэх дуудлагыг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид авч, хэргийн газар ажилласан байна. Ослын улмаас 45 настай эрэгтэй, 45 настай эмэгтэй, 26 настай эрэгтэй, 10 настай эрэгтэй хүүхэд тус тус нас барж, гурван том хүн нэг хүүхэд ноцтой гэмтэл авсан аж. Гэмтсэн иргэдийг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бол нас барсан иргэдийн цогцсыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн албан хаагчид ажиллаж байна. Энэ зуны тухайд Хэнтий аймаг зуншлага сайн байгаа. Тиймдээ ч зүүн аймгуудыг чиглэсэн аялал зугаалга ихэсч, тэр хэрээр осол аваар их бүртгэгдэж байгаа аж. Баяр наадмын өдрүүдээр ч Хэнтий аймагт зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас “Яараад яах вэ” аяныг санаачилж, зам дагуу олон янзын сэрэмжлүүлэх самбар байршуулж, мөн цагдаагийн албан хаагчид хурд хэмжиж байгаа ч иргэд энэ мэтээр хайхрамж, болгоомжгүй байдлаасаа болж осол аваар гаргасаар байгаа юм.