ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Энхтөр хурандаа та сайхан зүүднээсээ сэрнэ үү, баярлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-23

Хуучин Замын цагдаад ажиллаж байсан нэг хурандаа шөнө зүүдэлж хоносон гэгээн мөрөөдлөө өглөө нь босч ирээд ярьж байгаа аятай л Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах мэргэн санаа олсноо ярьж эхлэв. НИТХ-ын төлөөлөгч, хурандаа С.Энхтөр гэгчийн боловсруулсан түгжрэл бууруулах аргаар бол Улаанбаатар хотыг гурван бүсчлэлд хуваахаар болжээ.

Тодруулбал, Цэцэг төвийн уулзвараас Багшийн төвийн уулзвар хүртэл А бүс, Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх уулзварыг В бүс, түүнээс гаднахыг С бүс хэмээн тооцжээ. Хотын төв буюу А бүс рүү бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, хугацаандаа үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл оруулахгүй бөгөөд мөн өдөр бүр тэгш сондгой дугаар үйлчилнэ гэлээ. Хотын төвийн бүх зогсоолын төлбөрийг 8-15 мянга болгох бөгөөд ингэснээр түгжрэлийг бууруулж чадна гэж үзжээ.

Гэвч, С.Энхтөр хурандаа та нойрноосоо сэрж, зүүдлэхээ больмоор байна. Хотын дарга асан Э.Бат-Үүл автобус, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болсноос хойш хотын төвийн түгжрэл буурчихаад байгаа. Хурган дарга нар чинь замаа хаалгаж байгаад л зорччихдог. Харин ялгаварлан гадуурхаад байгаа В, С бүс буюу Баянбүрд, 100 айл, Дарь-Эх, Дамба, Нарантуул, Хархорин зэрэг газруудаар л хамгийн их түгжрэлтэй байдгийг 100 айлд ажиллаж, Нисэхэд гэртээ харьдаг хүний хувьд хэлчихье. Хоёр машинтай хурган дарга нар нь хотын төвдөө сэлгүүцэж, харин ядарсан иргэд нь "түгжрэл дээрээ түгжрэл нэмж, зам дээрээ хоно оо" гэснээс ялгаагүй харгис шийдвэрийг чинь хэн ч дэмжихгүй болов уу.

Энэ шийдвэрийг танилцуулж эхэлснээс хойш иргэдийн асар их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэтэл С.Энхтөр хурандаа өнөөдөр мэдээлэл хийхдээ “Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 57 орчим хувь нь дэмжсэн” гэж мэдэгдэв. Тэр санал асуулга нь хаагуур явав. Хэн хамрагдав гэдэг нь сонин. Нэг хүн хэдэн ч удаа санал өгөх боломжтой байдлаар санал асуулга явуулж, төрийн албаны хэдэн ажилчдаа өдөр шөнөгүй санал өгүүлж байгаад шийдвэр гаргадаг, та бүхний хурган залийг иргэд хэдийнэ мэддэг болжээ.

Метро, нийтийн тээвэр тултал хөгжсөн орнуудад л үүнийг хэрэгжүүлдэг юм билээ. Харин манайх шиг автобусаа хүлээсэн иргэд нь буудал дээрээ хөлддөг, дугуй болон мопед унах зам талбай түй ч байхгүй улсад ажил, сургуульдаа амжиж очих гэж машин унахгүй өөр яах юм бэ. Ийм агаарын, зүүдэлж хоносон мөрөөдлөө хүчээр тулгаж байснаас нийтийн тээврээ хөгжүүл, дарга нар аа. Р.Дагва, С.Амарсайхан нар ийм ажил хийх гэж хотыг удирдаагүй байлтай. Хотын захиргаагаа Яармаг руу нүүлгэ. Төвлөрлөө сааруул.

100 айлын барилгын захаа нүүлгэ. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, метрогоо барина уу, эсвэл агаарын цахилгаан тээврээ явуулдагсан уу, ямар нэг байдлаар нийтийн тээвэртээ эрс өөрчлөлт хий. Их сургуулиудыг нүүлгэнэ гэж олон жил ярьсан мөрөөдлөө нэг ч болов хэрэгжүүлж үз. Тэгж чадахгүй атлаа хотын төвөөр түрээсэлчихсэн хэдэн зогсоолноосоо мөнгө олох гэсэн хурган дарга нарынхаа бизнесийг хэдий болтол дэмжих хэрэг вэ. НЗДТГ-ыг тойрсон бүх зогсоолд НИТХ-ын төлөөлөгч, хурган дарга нар эзэн суучихсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэдний бизнесийг дэмжих гэсэн энэ шийдвэрийг Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нь эрхбиш зогсоох байлгүй. Ерөөс сонгууль хаяанд ирчихсэн энэ үед ард иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргахаар яриад сууж байгаа С.Амарсайхан, Р.Дагва нарын бодлыг ойлгох ухаан алга.

Тэд намынхаа хоолойнд "олс углаж" байгаатай агаар нэг шийдвэр гаргах гэж байна. Ард иргэдийн бухимдал юу болохыг тооцсон уу, сургууль цэцэрлэг эхлэх үед хэрэгжүүлэх энэхүү шийдвэр чинь хөрсөн дээрээ яаж буухыг тооцсон уу. Метро барина гэж хагас зуун жил зүүдэлсэн та бүхэнд үүнээс дээр гарц, гаргалгаа олдоогүй нь гаслантайяа. Олон улсын жишиг, туршлагыг тэгж л их хэрэгжүүлмээр байдаг бол хотоо эхлээд олон улсын жишигт хүргэчих. Дугуйн замаа барь, нийтийн тээврээ хөгжүүл. Дараа нь хотоо хэдэн хэсэг хувааж, хэнээс төлбөр авах чинь түй ч хамаагүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхэнд бүдүүлгээр халдсан ийм шийдвэр л гаргах дутаж дээ.