ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Алтан-Өлзий: Нүд минь аягандаа хөдөлж байгаа цагт би жүжиглэсээр байх болно, авьяас хөгширдөггүй, үхдэг юм

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-07-29

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий агсантай 2012 онд дэлхийн театрын өдрөөр ярилцаж байсан билээ. Хан-Уул дүүрэгт байрлах Мэргэжил сургалтын төвийн сурталчилгаанд тоглож, зураг авахуулж байхад нь очоод, хүлээж байгаад авч байсан юм. Энэхүү ярилцлага  "Монголын мэдээ" сонины "Чухал хүн" буланд нийтлэгдэж байсан билээ. 

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа МУГЖ Ч.Алтан-Өлзийг урилаа. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт болсон “Гэгээн муза” наадмаас муза өвөртөлж харьсан ахмад уран бүтээлч. Тэрбээр алтан тайзаа хүндэлж сөгдсөн нь уран бүтээлч хүн ямар агуу сэтгэлтэй болохыг харуулж байсан билээ.

-Дэлхийн театрын өдөр тохиож, та “Гэгээн муза” хүртсэн. Энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй наадмаас муза хүртэнэ гэдэг бэлэгшээл шүү?

-“Гэгээн муза” хүртсэндээ маш их баяртай байгаа. Наадам энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдахад ийм шагнал хүртэнэ гэдэг маш том хүндлэл. Ерөөсөө энэ шагналыг драмын урлагийн жүжигчид мөрөөдөж явдаг байх.  Их нэр хүндтэй, том шагнал. Грекийн домогт Гэгээн муза гэдэг охин тэнгэрүүд газарт бууж ирж, ард түмэнд аз жаргал бэлэглэсэн юм гэнэ билээ. Есөн охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн энэ том шагналыг ес дэх жилд нь авна гэдэг сайхан биз дээ. Залуучууд маань намайг өндрөөр үнэлж, шагнал өгсөн. Би энэ шагналыг авахдаа хэлсэн “Шагнал бол хүнийг цаашид их юм хийж, бүтээгээрэй гэж өгдөг" гэж.  Надад тэгж өгсөн шагнал юм шиг санагдсан. Би хэдийгээр  60 гарсан ч гэсэн цаашид  хийх юм их байна. Залуу үетэйгээ хамтарч ажиллах хүсэл байгаа. Би өөрөө алтан үеийнхний хормойноос нь зуураад алдсан  хүн. Тийм болохоор тэр хүмүүсийн театртаа ханддаг, хайрладаг байсан сэтгэлийг одооны залуу жүжигчдэд суулгаж өгөх хэрэгтэй байна.

Энэ хүүхдүүд чинь төлөвшиж амжаагүй байна шүү дээ. Ялангуяа уран бүтээлч хүн төлөвшихөд их урт хугацаа шаардагддаг. Жүжигчний гол ажил нь дүрд хувилах. Гэтэл дүрд хувилах гэхээр өөрөө төлөвшиж амжаагүй учир хэцүү байдаг. Өөрөө сайн төлөвшиж байж сая жүжигчин болж, дүрд хувилдаг.  Надад С.Оюун багш “Жүжигчин бол хүн судлалын ажил” гэж хэлж байсан. Манайд хүн судлал гэж тусдаа хичээл ордоггүй, тийм шинжлэх ухаан байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө мэдрэмжээр судлах хэрэгтэй. Ер нь авьяас бол мэдрэмж юм. Их торгон мэдрэмжтэй хүн бусдаас үг олж сонсохдоо сайн байдаг юм. Н.Сувдын хэлсэн их гоё үг байдаг. “Авьяасыг сурдаггүй төрдөг юм” гэж. Сургуульд сурч байгаа хүүхдүүдийг би муу хэлэх гэсэн юм биш. Суралцаж, мэдлэг оюунаа дээшлүүлэх хэрэгтэй. Гагцхүү хүн судлал гэдгийг торгон мэдрэмжээрээ олж мэдэх хэрэгтэй.

-Театрын баярын өдрөөр та яаж баярладаг вэ?

-Жил бүр манай театрынхан баяраа тэмдэглэдэг. Энэ баярыг олон улсад тэмдэглэсээр ирсэн түүхтэй. АНУ-ын Бродвэйн театрынхан маш өргөн тэмдэглэдэг юм гэсэн. Англи, Орост ч гэсэн өргөн тэмдэглэдэг. Энэ өдрийг дэлхий нийтийн баяр болгож тэмдэглэдэг гэхээр театр ямар өндөр төвшинд хөгжиж байгаа нь мэдрэгдэж байгаа юм. Театр бол үнэхээр агуу.

-Одооны залуус таныг “Өнөр бүл” кинонд тоглосон л гэж мэддэг юм билээ. Гэтэл та  УДЭТ-т ажиллаж, 100 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглосон хүн. Тэр дурсамжаасаа жаахан хуваалцаач?

-Мэдэх нэг нь мэддэг л юм.  Чөлөөтийн тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Сэрээтэр намайг Алтан-Өлзий гэж дууддаггүй. Дандаа л Борбанди гэдэг байсан. Төрийн шагналт зохиолч Ч.Чимэдийн “Арын албаныхан” жүжгийн Борбандийн дүрд тоглож байсан. Тэр дүрээр маань нэрлэж байгаа хэрэг. Дэлгэцийн урлаг хүнд хүрэхдээ их хурдан, өргөн хэмжээгээр түгдэг. Тийм болохоор хүмүүс намайг Гармаагийн дүрээр таньдаг нь тийм учиртай. Гэтэл театрын урлаг гэдэг бүхэл бүтэн бүрэлдэхүүн бий болж байж уран бүтээл бүтдэг. Миний үед хавар, намар хөдөөгөөр бригад явдаг байсан. Тэр үед хөдөөнийхөн хүртэл намайг жүжгийн дүрээр сайн мэддэг байсан.

Одоо  залуучууд жүжиг үзэхээ больж. Залуус театр гэдгийг өргөн хүрээнд, мэдэрч ойлгохгүй байна. Зурагт, кино л үздэг. Театрын урлаг ямар гоё амьд, бодитой харилцаа байдаг юм бэ гэдгийг мэдрэхгүй. Кинонд бол үзэгчтэйгээ харилцаж чадахгүй шүү дээ.  Театрт бол үзэгч, жүжигчин хоёрын амьд харилцаа бий болдог. Үүнийг би өөрөө туршсан хүн. Найруулагч Б.Мөнхдорж надад хэлсэн юм. “Чи үзэгчдээс нэгийг нь онцол. Түүнийгээ сайн барьж чадах юм бол үзэгчид бүгдээрээ чамд баригдах болно” гэж. Тэгээд би “Халуун газар” жүжигт тоглохдоо нэг үзэгч рүү хараад, харилцаад байсан нөгөөх чинь надтай харилцаж байгаа юм. Тэгэхэд үзэгчид тэр чигээрээ чимээгүй болж байсан. Шивнэж ярьсан ч гэсэн хамгийн хойд эгнээнд сууж байгаа хүнд сонсогдохоор байсан. Тийм учраас үзэгчид театраас гайхалтай мэдрэмжийг авч чаддаг. Үүгээрээ л театрын урлаг киноноос өөр юм. Энэ гайхалтай мэдрэмжийг манай залуус ялгаж мэдрэхгүй л байна.

-“Тэнгэрийн хүү” жүжиг “Гэгээн муза”-гаас бүх шагналыг нь авлаа. Та мэдээж энэ жүжгийг үзсэн байх. Өөрийнхөө зүгээс үнэлэлт өгвөл?

-Энэ бол манай театрын хувьд нэг том алхам болсон жүжиг. Залуу найруулагч, залуу уран бүтээлчдээ нэг цөм болгож барьж чадсан. Бүхэл бүтэн цөм шүү. Ингэж хэлэхээс өөр аргаүй. Манай залуусын хичээе, зүтгэе гэдэг сэтгэл маш хүчтэй оргилж гарч ирсэн нь мэдрэгдсэн. Тэгээд ч энэ бол үнэхээр агуу түүхэн жүжиг. Гегель хэлсэн байдаг “Хүн төрөлхтөн дорноос үүссэн. Тэр тусмаа Монголоос үүссэн. Яагаад гэвэл тэнд төртэй байсан юм. Төртэй байсан болохоор ард түмэн нь аз жаргалтай, ирээдүйтэй, сайн сайхан амьдарч байсан юм” гэж. Төр гэдэг зүйлийн талаар үүн шиг ингэж чанга дуугарч байсан жүжиг манай театрын түүхэнд байхгүй. Энэ бол үнэхээр цаг үеэ олж, чанга дуугарч чадлаа. Одоо энэ төрөө хар. Би төргүй нийгэмд амьдарч байна шүү дээ. Би тэгж хэлдэг юм. Төрийн гурван өндөрлөг, толгой гэж ярьдаг. Тэд чинь гурвуулаа эх орноо харийнханд худалдаж  байна. Тийм учраас бид төргүй нийгэмд амьдарч байгаа юм.

Гашуунсухайт, Тавантолгойн нүүрс, Тамсагийн нефть гэж байна. Ямар ч хяналтгүй, үнэтэй үгүйг нь мэдэхгүй Хятад руу гарсаар л. Үүнийг харсаар суугаад, өөрсдөө гаргаад байгаа хүмүүсийг төрийн тэргүүн гэх үү. Ийм төр байх уу. Нөгөө Монгол Улсын тусгаар тогтнол хаана байна. Монголын ард түмний бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол хилээсээ эхэлдэг. Эх орон хаанаас эхлэх вэ гэж хүмүүс асуугаад байдаг. Тэр чинь хилээсээ, газар шорооноосоо эхэлдэг юм. Түүнийгээ  гадныханд өгчихөөд төр гээд суугаад байгаа нь инээдэмтэй байгаа биз дээ. Монголын ард түмэн яасан хүлцэнгүй юм бэ гэж би гайхдаг. Тэгэхээр “Тэнгэрийн хүү”-г үзсэн хүн бол өөрийн эрхгүй төр гэдгийг бодох болно.

-Энэ жүжгээс харахад,  драмын урлагийн нэг бүтэн үе түрж гарч ирж байгаа юм шиг санагдсан?

-Манай театрын залуучууд үнэхээр сайн баг болж байна гэсэн үг. Манай театр жүжигчидтэйгээ ажиллах ажиллагаа нь шинэ төвшинд гарсан учраас ийм сайн баг гарч ирсэн хэрэг. Ерөнхийдөө театрын бүхий л зүйл шинэ төвшинд гарсан гэж хэлж болно. Залуу үе ингэж сайн гарч ирж байгаа нь манай театрын нэг том ололт. Энэ бол дэлхийн аль ч театртай манайх эн зэрэгцэхээр болсон гэсэн үг. Манайхан Европийн театруудаас хоцроод байна гэж ярьдаг. Тийм биш, зарим талаараа манайх илүү гарчихсан. Хүнтэй ажиллах, хүнийг хүн болгох үйл ажиллагаа нь хамаагүй илүү гэж бардам хэлнэ. Улс болгон өөр өөрийн гэсэн урлагтай, онцлогтой. Монголын урлаг хэдийгээр барууны школоор явж байгаа ч бидэнд онцлог бий. Тэр нь монгол хар ухаан. Монгол хар ухаан гэдэг бол дэлхийн хаана ч байдаггүй. Нүүдэлчин хүний сэтгэхүйд л бий. Үүнийг ард түмэнд хүргэдгээрээ манай урлаг онцлогтой. Дэлхийд ялгарч чаддаг юм.

-Та одоо ямар уран бүтээл туурвиад байна?

-Одоогоор гэртээ сууж байна. Бие жаахан тааруу байгаа. Тийм болохоор залуучуудын хурдыг гүйцэхгүй юм. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр чадахгүй юмаа хийх гээд яах вэ. Хүч хүрэх ажил байвал хүүхдүүдтэй хамтарч ажиллана. Хүч хүрэхгүй бол би хүнд гай болохгүй. Тэртэй тэргүй би урлагт 40 гаруй жил зүтгэлээ. Гэхдээ залуучууд уран бүтээл хийе гэж уривал би бэлэн. Нүд минь аягандаа хөдөлж байгаа цагт би жүжиглэсээр байх болно. Авьяас өвдөггүй, хөгширдөггүй, үхдэг юм. Тэр хүнтэйгээ л цуг үхнэ.

-Олон жил уралдсан морь өөрийгөө сойдогтой адил урлагийн “тогоо”-нд олон жил буцалсан хүн жүжиг үзэхээр тайзан дээр гармаар санагдаад, адгах үе гардаг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, би ганцаараа гэртээ байхдаа уйлмаар, хашгирмаар байдаг. Их олон хүнтэй бужигнаж байсан хүн гэртээ суухаар эвгүй байдаг юм билээ. Хүнд хүсэл мөрөөдөл, зорилго заавал байдаг. Би бууц ханхалсан, сумын төв ховорхон ордог, бүх амьдралаа малынхаа төлөө зориулсан хөдөөний хөх өвгөнд тоглоод үхэх юмсан гэж боддог. Сүүлийн үед залуус настай хүний бодол, сэтгэхүйг мэдрэхгүй болж. Хүн ямарваа нэг зүйлийг мэдэрч байж бичдэг. “Үер” киноны Болд өвгөн, нөгөө “Үер” киноны завьчин өвгөн шиг дүр гарахаа болчихож.  Зохиолчид тийм дүр бичихээ больжээ. Яагаад гэвэл мэдэхгүй учраас бичихгүй байна. Мэдээд бичдэг хүмүүс нь алга болчихож. Мэргэжлийн зохиолч гэдэг манайд үнэхээр дутагдалтай байна.

-Одооны киноноос харахад,  ахмад жүжигчид муу, муухай дүрд тоглох болж?

-Залуус өөрсдийнхөө мэддэгийг бичиж байгаа нь тэр. Дандаа үл бүтэх, шил түүдэг, архичин, хулгайч өвгөний тухай л бичээд байна. Энэ чинь тэдний л мэддэг өвгөн. Монголын хар ухаантай өвгөдийн талаар мэдэж байгаа хүн алга. Тийм учраас бичихгүй байна. Бичихээрээ л шил түүдэг хүний тухай гаргана. Энэ чинь ахмад үеэ бага зэрэг дорд үзэж байгаагийн нэг илрэл юм уу даа. Үүнд би гомдож явдаг. Энэ нийгэм чинь хулгайч, гуйлгачин өвгөдөөр дүүрчихээгүй байна. Нэг мундаг үг байдаг даа. "Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудах юм бол ирээдүй чинь их буугаар буудна” гэж. Энэ бол бид өнгөрснөөсөө сурч, өнөөдрөөсөө мэдэж, ирээдүй рүүгээ явна л гэсэн үг. Энэ дараалал манайд жаахан алдагдаад байна уу даа. Залуу, хөгшнөөр нь ялгах гээд ч байх шиг. Нийгэм нь өөрөө ялгаж эхэллээ. 40-өөс дээш насны хүмүүст ажил олдохгүй байна. Энэ төрийн бодлого байхгүйгээс л болж байгаа юм.

Төргүй болохоор хувийн хэвшлийнхэн хөдөлмөрийнхөө үр бүтээлийг дээшлүүлэхийн тулд залуу боловсон хүчнийг сонгоод байдаг. Гэтэл заримдаа тэр нь өөрөөр эргэх ч үе байна. Уг нь Оюутолгойд 1000 монгол, 300 хятад ажилчин  авна гэж байсан. Өнөөдөр эсрэгээрээ эргэчихсэн байна. Энэ чинь хөдөлмөрийн зохицуулалт байхгүй болсонтой л холбоотой. Хөдөлмөрийн зохицуулалт байхгүй болохоор хөгшин, залуугаар нь ялгасаар байх болно.

-Нэг үеэ бодвол манай уран бүтээлчид түүхэн уран бүтээл их хийх болжээ. Түүхт ой тохиож байгаатай холбоотой юм болов уу, уран бүтээлчид ухамсартай болж эхлэв үү?

-Ухамсар сууж байгаа юм биш ээ. Ухамсар гэдэг бол манай жүжигчдийн хамгийн түрүүнд тавьдаг зүйл. Жүжигчид дээд зэргийн ухамсартай хүмүүс. Өнөөдөр уран бүтээлчид түүхэн сэдэв рүү орж эхэлсэн нь мөнгөтэй холбоотой. Хуучин энэ сэдвээр уран бүтээл хийх гэхээр мөнгө олддоггүй байлаа. Түүхэн кино гэдэг чинь хоёр морьтой хүн явж байгаад уулын орой дээр очиж суухыг хэлэхгүй шүү дээ. Аль цаг үеийн тухай өгүүлэх гэж байгаа юм. Тэр цаг үеийнх нь орон байр, эдлэл хэрэглэл нь олдохгүй байсан. Олох гэж хичээсэн ч мөнгө байдаггүй байлаа. Одоо бол арай өөр болсон. Мөнгө ч олддог болж. Тэгэхээр энэ уран бүтээлчид чинь хийе гэж олон жил хүссэн бүтээлээ гаргахаас яах юм. Энэ бол ухамсартай ямар ч холбоогүй. Харин ч манай уран бүтээлчид цаг үеийн шуурганд хөлд алдчихгүй, киногоо хийгээд явж байгаа нь том гавьяа.

-Кино урлаг хөгжиж байна, мөнгөтэй болж байгаа ч уран бүтээлчийг үнэлэх үнэлэмж өсөхгүй байна шүү дээ?

-Манайхан хүний үнэлэмжийн талаар одооноос л ярьж эхэлж байна. Ер нь хүн ямар үнэтэй юм бэ. Тэр  2008 оны долдугаар сарын 1-нд буудсан таван хүний амийг төр хэдэн сая төгрөгөөр үнэллээ. 50-хан сая гэсэн үү. Хүний амь 50-хан сая төгрөг юм уу. Бүхэл бүтэн хүний амь, амьдралыг 50 сая төгрөгөөр үнэлж болохгүй шүү дээ. Хүн гэдэг хамгийн дээд зэргийн үнэт матер. Хүний үнэлгээнд хязгаар байхгүй.  Манайд бол хүнийг үнэлэх талаар яриад ч нэмэргүй. Ялангуяа уран бүтээлч хүн социализмын үеийн хатуу чанга  үзэлд баригдчихаад одоо болтол салж чадахгүй байна. Тэгэхэд гадаадын том жүжигчид ямар байгаа билээ. Хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров дээр зурагтаар ярьж байна билээ. “Хэрвээ би Японд амьдарч байсан бол өдийд хувийн усан онгоцтой, 4-5 машинтай, Ц.Нямдорж, С.Баяртай адил хаустай амьдарч байх байсан” гэж ярьсан. Гэтэл Монголд амьдарч байгаа учраас Н.Жанцанноров таксинд гар өргөөд явж байна. Урлагийнхныг үнэлж байгаа үнэлгээ нь ийм.

Тээр жил Чехийн нэг жүжигчин ирж бидэнтэй уулзсан. Манай жүжгийг үзээд баярлаад “Би Азид, тэр тусмаа Монголд өндөр хөгжилтэй театр байна гэж бодоогүй” гэж хэлсэн. Тэгээд манайхан асуусан “Бид ийм цалин авдаг, танайх хэд вэ” гэж. Гэтэл хэлэхээс татгалзсан. Учир нь бидэнд эвгүй сонсогдоно гэж байсан. Хэрвээ тэр хүн цалингаа яг үнэнээр нь хэлсэн бол бид үнэхээр боож үхмээр өндөр тоо хэлэх байлаа. Тэнд уран бүтээлчдээ тэгж үнэлж байна. Гэтэл манайд уран бүтээлчдээ хэзээ ч ингэж үнэлж байгаагүй. Одоо ч гэсэн үнэлэхгүй хэвээрээ л байна.

-Таныг залуучууд кинонд оролцуулахдаа яаж үнэлдэг вэ?

-Би өөрөө үнэлгээгээ тогтоодог. Жижиг дүрд ороод гарна гэвэл доод тал нь 200 мянга. Хэрвээ туслах дүрд тоглохоор бол 500 мянга. Хоёрдугаар зэргийн дүр гэвэл сая, гол дүр гэвэл 10 сая төгрөг гэж хэлдэг. Одоо бид өөрсдийгөө үнэлэх цаг болж. Хүний аманд ороод юм хийдэг цаг өнгөрсөн байна.

-200 мянга гэдэг бага биш үү?

-Юу ярьж байгаа юм, бага. Гэхдээ тэр хүмүүс өөрийнхөө хөрөнгөөр уран бүтээл хийж байгаа. Улсаас төсөв баталж өгдөг цаг өнгөрсөн юм чинь. Тэгэхээр тэднийг бас бодох хэрэгтэй. Би монгол хүн. Адилхан ядуу нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Түүнээс биш хувиа бодсон бол зүгээр нэг жижиг хэсэгт ороод гарахад сая төгрөг нэхэж болох байсан. Надад даанч тийм хогийн зан байхгүй. Уран бүтээл хийх гэж байгаа хүнд урам өгөх хэрэгтэй шүү дээ.

- Уран бүтээлчид өөрсдийн бор зүрхээр зүтгэж, улс орны урлаг соёлыг авч явж байна даа?

–Ерөөсөө систем нь тийм байна. Төр нь тийм байгаа. Энэ системийг давж гарч, уран бүтээл хийнэ гэвэл эсэргүүн болно шүү дээ. Харин манайхан сүүлийн жилүүдэд өөрсдийгөө чамбайруулж байна. Хувийн хэвшлийнхэн мундаг болж. Түүний хүчээр улс орон бага зэрэг урагшилж байх шиг байна.

-Таны бие муу байгаа гэсэн, одоо гайгүй юу?

-Өнгөрсөн жил намайг ходоодны хорт хавдартай гэсэн. Нэгдүгээр эмнэлэгт  үзүүлсэн чинь хоёрхон сарын настай гэсэн. Гэхдээ сүүлдээ тан уусаар байгаа одоо жил гаруй амьд явж л байна. Одоо зүгээр хоолоо идэж байгаа. Харин гахай, тахиа, загасны мах идэж болохгүй. Үхэр, хонины махаа идээд болоод байна. Өнгөрсөн жил би тал аяга хоол идэх гэж 200 грамм архи уудаг байсан. Архи уухаар өнөөх хавдар нь жаахан тэнийдэг юм байлгүй. Тэгж байж хоол иддэг байсан. 86 хилтэй байсан хүн чинь 57 болж турсан.  Хүмүүс намайг хараад танихаа байсан шүү дээ. Та чинь Алтан-Өлзий гуай мөн үү гэж асууж байсан. Одоо бол буцаад таргалаад 62 кг болчихсон. Энэ зун 66 кг болох байх гэж бодож байна. Тэр Баатар гэдэг эмч надад хоёр дахь амьдралыг минь бэлэглэсэн. Хоёрхон сарын настай гэж байсан хүн өнөөдөр зүгээр хоолоо идээд явж байна. Ганцхан архи  ууж л болохгүй.

Би архийг ч их уусан даа. Ёстой ногоортлоо уусан. Одоо бол архи уухгүй яваад байж болж л байна. Хоёр хүүхэддээ хэд хоног харагдъя, энэ чинь. Үхтэл үр харам гэж, нүдээ аньтал, амьсгаагаа тасартал үрийнхээ төлөө л байдаг юм байна. Хоёр хүү маань одоо ажил төрөлтэй, сайхан болчихлоо. Одоо надад санаа зовох юм алга. Гэхдээ амьд явж байхад ямар дэлхий даахгүй гэх биш дээ.

-Хоёрхон сарын настай гэж хэлэх үед юу бодогдож байв?

-Нэг их олон юм бодогддоггүй юм билээ. Яаж энэ хоёр сарыг барах вэ. Гэхдээ өөрт ашигтайгаар барах вэ гэж л бодсон. Архийг сайн уусан, тэртэй тэргүй хоёрхон сарын настай юм чинь гэж бодоод. Бас хийж амжаагүй юм юу билээ гэж их бодсон. Тэгж байхад сайхан хөх толгойтой өвгөний дүрд тоглож чадалгүй үхэх нь дээ л гэж их харамссан.

-Тийм сайхан өвгөний дүрд тоглох боломж гарахгүй байна уу?

-Надад тийм дүрийн санал тавьсан хүн алга л байна. Харин миний эхнэр “Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийнх нь зохиолыг биччихсэн байгаа. Кино хийх гэхээр хөрөнгө олдохгүй байна. Гэхдээ том компаниудаар явж бадар барина даа. Мөн интернэтээр гадаадад гарчихсан хөрөнгөтэй хүмүүсээс тусламж гуйна. “Өнөр бүл” киног үзсэн хүмүүс хоёрдугаар ангийг нь хийе гэхээр туслах байх гэж найдаад байгаа. Ард түмэн ч гэсэн энэ сонинг уншиж байгаа бол туслах байх аа. Би ард түмнээсээ гуйж байна гэж хэлмээр байна. Хоёрдугаар ангийн зохиол нь логик талаасаа маш зөв болсон. Гэхдээ 30 жилийн дараах амьдралыг харуулна.

-Та өөрөө гол дүрд нь тоглоно биз?

-Би, Чулуунчимэг, Цэнд-Аюуш тоглоно. Одоо амьд байгаа хэдхэн хүн байгаа. Тэр хүрээнд зохиолоо бичсэн. Их гоё зохиол болсон байгаа.

-УИХ-ын гишүүдээс мөнгө гуйвал өгдөг л юм шиг байна билээ?

-Тэд өгөхгүй ээ, би мэдэж байна. Уг нь хүний ходоодонд нэг литр л юм орно. Нэг литрийн саванд гурван литр сүү багтахгүй биз дээ. Түүнтэй адил хүний ходоод хэмжээтэй. Гэтэл энэ хүмүүс яасан ёроолгүй ходоодтой хүмүүс байдаг юм. Идээд л байх юм. Тэгсэн хэр нь уран бүтээл хийе гээд мөнгө гуйхаар өгөхгүй байгаа юм чинь. Манай театр “Тэнгэрийн хүү” жүжгийг тавих гээд улсаас олон удаа мөнгө гуйсан. Өгөхгүй байгаа юм чинь. Харин сайхан сэтгэлтэй том компанийн захирлууд тусалж байж босгосон. Тийм сайхан сэтгэлтэй хүмүүс Монголд олон байна. Түүнээс биш УИХ-ын гишүүд бол өгөхгүй ээ.

-Одоо таны амьдрал ямар байна даа?

-Хоёр хүүхэд маань ажил төрөлтэй болчихлоо. Эхнэр бид хоёр гэртээ. Эхнэр маань гэрээрээ бууз хийдэг юм. Дандаа хонины гуяар бууз хийдэг. Нансалын бууз гээд бүр зартай болчихсон. Харин сүүлийн үед мах үнэд ороод, үнэ нь нэмэгдэхээр хүмүүс авч дийлэхээ больчихоод байна. Би “Зургаан буудал”-д амьдардаг юм. Манай тэндхийг эмзэг бүлгийнхэн гэдэг. Яагаад гээч, би дэлгүүрт ороод зогсч байтал хоёр хүүхэн ирээд нэлээд удаан ярьж зогслоо. Тэнд 500 төгрөгийн жижиглэн гэж байдаг байхгүй юу. Жаахан гүзээ, элэг бөөр нийлсэн. Гэтэл тэр хоёр түүнээс нэгийг аваад, хувааж авахаар ярилцаж байсан юм. 500 төгрөгөөр хоёр айл хонох гэж байна. Тэгэхээр эмзэг бүлэг байгаа биз дээ. Төвийн дэлгүүрүүдэд байдаг гоё бараа тэнд байхгүй. Шоколад хүртэл байхгүй.  Гүйдэггүй юм. Хүмүүс ийм янзаар л амьдарч байна.

-Танд цагтаа төрөөс байр сав өгч байсан санагдах юм?

-Төр надад гурван өрөө байр өгсөн. Би тэрийг нь зарчихгүй юу. Алдаа болсон юм. Сайн найздаа тус болоод, 12 сая төгрөг банкнаас зээлсэн. Гэтэл өнөөх чинь алга болчихгүй юу. Би өөрийнхөө нэр дээр зээлсэн болохоор төлөхөөс яах вэ. Ямар шоронд оролтой биш. Сайн найзууд гадуур их байна шүү дээ. Би хоёр ширхэг “24”-тэй байлаа. Нэгийг нь задлаад зарчихсан, нөгөөх нь хаачсаныг бүү мэд алга болсон. Бас л сайн найзуудын ач.

-Таны туулж өнгөрүүлсэн, үзэж харсныг ном болговол сайхан бүтээл төрнө дөө. Тэр талаар бодож байгаа юу?

-Бодож байгаа. Гэхдээ би ярьж, бодохоос бичиж чадахгүй хүн юм билээ. Бичнэ гэдэг чинь өөр юм байдаг юм билээ. Би тархиндаа бодож байгаа л болохоос цаасан дээр буулгаж чадахгүй  байгаа юм. Тэгэхээр зохиолч гэдэг агуу байгаа биз. “Ардын элч” кинон дээр нэг гоё үг байдаг. Гамингууд зэвсэг хурааж байхдаа “Зэвсэг ч гэж зэвсэг юм даа харал гэж” гэж хэлсэн чинь дарга нь “Монгол хүн морио унаад, ташуураа бариад мордсон цагт байлдах чадвартай юм шүү” гэж. Агуу үг байгаа биз. Бид чадвартай хүмүүс гэдгийг энэ үгээр хэлсэн байна. Гэтэл талбай дээр газар шорооны хөдөлгөөнийхөн талбай дээр морьтой ороод ирсэн чинь тахал дайрсан аятай ярьж байсан. Монголчууд чинь уг нь морио дээдэлдэг биз дээ.