ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэмцэгчид Тостын нурууг бус нэг компанийг хэлэлцэв

O.Admin
2019-08-10

Тост, Тосонбумбын нурууг хамгаалах “том” зорилготой ч тун ч ядмагхан тавилттай жүжиг болон хувирсан хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд “Иргэний танхим”-д зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлэг өнгөрөгч долдугаар сарын 29-нд Өмнөговь аймагт болсон ч зохион байгуулалттай нэг компанийг онилж, улстөржсөөр дууссан байдаг юм. Харин Төрийн ордонд болох хэлэлцүүлэгт яг Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Тост, Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй 17 лицензийг эзэмшиж байгаа есөн компанийн төлөөллийг ирүүлэх талаар нутгийн иргэд ярьсан ч ганцхан “Сауд Гоби Коал Транс” компани л хүрэлцэн ирж, мэдээлэл өгөхийг хүссэн ч илтгэл тавиулахыг ч хүссэнгүй, заалнаас орилолдож, хашгирсаар буулгав.

Харин нөгөө хятад эзэдтэй компаниуд бараа сүрээ ч харуулсангүй. Баахан ТББ-ын тэргүүн нар нөгөө л хайрцагласан жүжгийн гол дүрд тоглон, уйлж дуулсаар тарлаа. Хэлэлцүүлгээс Тост, Тосонбумбын нурууг хамгаалах талаар шаардлага гаргаж, төрийн гурван өндөрлөг буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргэхээр болжээ. Өмнөх хэлэлцүүлгээс авууштай байсан зүйл нь энэ удаад төрийн байгууллагын төлөөлөл оролцож, байгаль орчны нөлөөлөл, тус газарт олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниудын талаар мэдээлэл өгөв.

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхзул, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, МХЕГ-ын холбогдох албан тушаалтан нарын албаны хүмүүс бодит мэдээлэл өгсөн юм. Мөн Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах талаар тэмцэж явсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ирж үг хэллээ.

Ц.Бээжин: Зохион байгуулж буй хүмүүс тодорхой бодлоготой, процедуртай явж байна

Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй гол хүн нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч /түр түдгэлзсэн/ Х.Мандахбаяр гэдгийг уншигч та мэдэж буй биз. Төрсөн нутгийнхаа төлөө тууштай тэмцэнэ хэмээн саяхнаас л хоолой шахан мэдэгдэл хийх болсон энэ залуугийн хувьд эх нутгаа хамгаалах уу, эсвэл тодорхой нэг эрх ашигт үйлчлэх болов уу гэдгийг ялгаж салгахад бэрх болсон. Учир нь хоёр удаагийн үндэсний хэлэлцүүлгээр зөвхөн нэг компани буюу улсын тусгай хамгаалалттай бүсээс гадна үйл ажиллагаа явуулж буй “Сауд Гоби Коал Транс” компанийг онилсон улс төр хийж, ганцхан энэ компанитай тэмцэж, бусдыг нь ор тас мартаж орхисонд нутгийн иргэд ч дургүйцэж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, Гурвантэс сумын нутагт долоон үеэрээ амьдарч буй, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн гишүүн, Байгаль хамгаалагч Ц.Бээжин энэхүү хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавихыг хүссэн ч зохион байгуулагчдын зүгээс татгалзсан хариу өгчээ.

Ц.Бээжин гуайд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй дотоодын хоёр компани болон, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудын бүх мэдээлэл баримттай байгаа учраас илтгэл тавих санал гаргасан аж. Гэвч хэлэлцүүлгийн утга санаанаас зөрнө гэсэн утгатай зүйл хэлсэнд бухимдаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр, ярихдаа “Тост, Тосонбумба орчимд яг одоо ажиллаж буй найман уурхай бий. Ноён суманд нэг бий. Эдгээр ажиллаж байгаа уурхайнууд бүгд Нарийн сухайтын бүлэг орд буюу стратегийн ордод ажилладаг. 10 гаруй хэсэг хувааж, гадаад дотоодын хувийн компаниудад 100 хувь эзэмшүүлсэн нь Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Нарийн сухайтын нүүрсний ай сав бол Алтайн нурууны хагалбар, Зүүн салаа, Тост, Хүрэн ханы хэцийн урд хаялга руу дагаж тогтсон, дөрөвдөгчийн галавын эрдэсжилттэй учраас усны үе давхарга байгаа.

Тавантолгой буюу Улааннуурын хотгорын ордод харьцангуй гайгүй. Ус гэдэг бол хүн зон, ан амьтны ганц амин хэрэглээ юм. Тост, Тосонбумбын нуруунд хамгийн гол асуудал нь ус л байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүс бүгд л Өмнөговийн хүмүүс. Хүч чадал нь хүрэхгүй байна уу, эсвэл тодорхой нэг бодол байна уу асуудлыг цогцоор нь авч хэлэлцэхгүй байна. Байгаль орчин гэдэг жижиг лицензийн шугам зургаар хэмжигдэхгүй. Ялангуяа Тостын нуруу, Хүрэн ханыхаа хэцийг даваад “Жавхлант орд” “Тэра Энержи”, “Зэлэм” гээд алдартай 107 лицензийн /гэмт хэрэг болох нь тогтоогдож, шүүхээр ял эдэлсэн/ 3-4 нь эргэж сэргээд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниуд Тостоо даваад Ар хөндий, Хатан сэврэй, Нэмэгт, Гилбэнт, Ар богд, Их богд, Бага богд гэсэн дэлхийн улаан номонд орсон улсын тусгай хамгаалалттай бүс нутаг руу нөлөөлөл нь шууд орж эхэлж байгаа.

Энэ бүс нутгийн асуудлыг цогцоор нь ярих ёстой. “Эс Жи Эс” гэж компани байгаа. Фрийдланд лицензийг нь эзэмшиж байгаад БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпорацид 500 сая ам.доллароор зарсан баримтууд нь байна. “Чинхау-Мак” гэж УИХ-ын Н.Номтойбаяр, БНХАУ-ын Альшаа аймгийн Эзний хошууны төрийн оролцоотой, 50:50 хувийн хамтарсан компани байгаа. Мөн Н.Номтойбаяр гишүүний 100 хувийн эзэмшлийн МАК гэж уурхай бий. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний анх үүслийг нь тавьсан, дамжуулан зарсан гэх “Өсөх зоос” гэж компани байдаг. Өмнөговь аймгийн Засаг дарга асан н.Бадраагийн хориглож чадаагүй “Жавхлант орд” гэж компани, Сү.Батболдын хамаарал бүхий гэж хэлж болох “Тэра Энержи” гээд австраличуудын 100 хувь эзэмшдэг компани байдаг. Өнөөдөр ярьж байгаа “Сауд Гоби Коал Транс” бол нэг л орд. Ингээд үндсэндээ Тост, Тосонбумбын нурууг ухаж байгаа. 1000 км хол байгаа учраас Монголын төр хүрч ажиллаж чадахгүй байна уу гэж хараад байна.

Эдгээр лицензийг бүгдийг нь цуцлах ёстой юм. Зохион байгуулж буй хүмүүс тодорхой бодлоготой, процедуртай явж байна. Миний хувьд нутгийн зөвлөлийн зүгээс 10 минут илтгэл тавих санаачилгаа хэлсэн ч хүлээж аваагүй. Мэдээллээс цар хүрээ гажих гээд байна гэдэг хариулт өгсөн” гэв. Харин эдгээр уурхайнуудтай яагаад тэмцэхгүй, зөвхөн нэг уурхайг онилсон талаарх тодруулсан сэтгүүлчийн асуултад Х.Мандахбаяр “Эхлээд нэг уурхайг зогсоочихвол дараагийнхтай нь тэмцэнэ. Хүч тарамдах гээд байна. Мөнгөтэй компаниуд биднийг дамжлаад аваад явчих биз. Тиймээс үлдсэн уурхайнуудтай дараа тэмцэнэ” гэсэн хариулт өгөв. Гэвч хэзээ гэдгээ тэр хэлсэнгүй.

Д.Буянбат: Х.Мандахбаяр хүний үхлээр хүртэл шоудаж байна

Хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдахаас гадна Төв талбайд мөн жагсаал зохион байгуулжээ. Тэнд нөгөөх л “Босоо хөх Монгол”, гоц авьяастан гэх н.Өнөрчимэг нарын хүмүүс ирсэн харагдав. Тэд Төрийн ордонд мөн хэлэлцүүлэгт суусан бөгөөд компанийн төлөөлөл үг хэлэхийг хүссэн ч микрофоныг нь хаах зэргээр дарамт үзүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт эхнээс нь эхлээд дуустал сууж буй “Сауд Гоби Коал Транс” компаний захирал Д.Буянбат “Манайхыг чиглэсэн тодорхой зорилготой шантааж хэрээс хэтэрлээ. Цөөхөн хэдхэн хүн үүнийг хийж байгааг та бүхэн мэдэж буй биз. Одоо сүүлдээ хүний үхлээр хүртэл шоудаж байна, энэ Х.Мандахбаяр гэгч этгээд. Юманд бас хэмжээ хязгаар гэж байх ёстой. Байгаль хамгаалагч залуу амиа алдсанд харамсч явдаг. Гэтэл энэ залуугийн үхэлтэй хүртэл биднийг холбон дайрч, доромжилж байгаа учраас цагдаад хандана” хэмээхэд Х.Мандахбаяр босч харайн очиж, микрофоныг нь булаан авч, үгийг нь таслав.

Мөн төслийн менежер Д.Сүхтулга компанийн өнөөгийн нөхцөл байдал, хууль зөрчсөн асуудал байгаа эсэх талаар илтгэл тавихаар индэр дээр гарсан ч мөн л “цаг чинь боллоо, одоо наадхаа боль” гэх мэтээр заалнаас хүмүүсийг хашгируулж, өөрөө давхиж очин микрофоныг нь хаачихав. Ингээд хоёр талын байр суурийг тэнд цугласан олон нийт авч чадаагүй юм. Төслийн менежер Д.Сүхтулгын хэлж буйгаар Тост, Тосонбумбын нурууны аль хэсгийг тусгай хамгаалалтад авах талаар дотоодын болон гадаадын эрдэмтэн судлаачдын гаргасан зураг байдаг аж. Компаний зүгээс яг энэ зургийн дагуу тусгай хамгаалалтаас гадна бүсэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгаль орчны үнэлгээгээ ч хуулийн дагуу хийлгэжээ.

Мөн саяхан БОАЖ-ын яамнаас баталсан ажлын хэсэг очиж, ажиллаад ямар нэг булаг шанд байхгүй, Гол мөрний урсац, ойн сан бүхий газарт олборлолт явуулахыг хориглох тухай хуулийг зөрчөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан талаар ажлын хэсгийн гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхзул танилцуулав. Уг ажлын хэсэг уурхай дотор байгаа гэх Зүүн булан булаг, Ховд булаг, Хуршуут булгийн нөхцөл байдлыг судалжээ. Гэтэл Зүүн булан булаг нь уурхайгаас баруун тийш, ойролцоогоор 11 метрт /урсацгүй/, Ховд булаг нь уурхайгаас баруун урагшаа, ойролцоогоор 15-18 км-т /мал орж булингартуулснаас сул шаргал өнгөтэй болсон/, Хуршуут булаг нь уурхайгаас зүүн хойшоо 15-18 км-т урсаж байжээ.

Харин сэтгүүлч Х.Мандахбаярын хэлээд буй гол, горхи уурхайн олборлолт явуулж буй хэсэгт байгаагүй бөгөөд гол хэмээн зааж өгсөн газар нь “Билүүт шанд” хэмээх газар байсан бөгөөд борооны ус тогтсон, далан байжээ. Газар нь бага зэргийн чийгтэй, усгүй байсныг ажлын хэсгийнхэн тогтоогоод иржээ. Тус ажлын хэсэгт Х.Мандахбаяр өөрөө багтсан. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт үнэнийг тогтоосон, угтаа өөрт нь таалагдаагүй учраас тэрбээр эсэргүүцэж эхэлсэн. Ямар эрх ашиг нуугдаж байсан болоод ажлын хэсгийн дүгнэлтийг эсэргүүцсэн талаар түүнээс асуусан сэтгүүлчийн асуултад “Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзул бол компаний хэвлэлийн төлөөлөгч шиг ажилласан. Эрх ашгийн зөрчилтэй байсан. Усны дүгнэлтийг шууд газар дээр нь гаргасан” хэмээн бухимдав.

Гэтэл төрийн байгууллагынхан түүнээс өөр зүйл ярьж байгаа бөгөөд өөрийнх нь хүссэний дагуу ажлын хэсэг гаргаж, ашиг сонирхлын зөрчилтэй түүнийг хүртэл ажлын хэсэгтээ оруулаад бодит байдалтай танилцаад ирсэн байгаа юм. Харин төрийн албан хаагчдын гаргасан дүгнэлт түүнд таалагдаагүй, түүний эрх ашигт нийцээгүй учраас тийнхүү эсэргүүцэн давхижээ. Угтаа Х.Мандахбаярт л таалагдахгүй бол илтгэл тавиулахгүй, тавьсан илтгэлийг нь худлаа хуурамч, компанид үйлчилсэн мэтээр зарлаж, хурлаа тун чадамгай хайрцаглаж байлаа.

Компанийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байгааг тодруулахад төслийн менежер Д.Сүхтулга “Сүүлийн үед манай компани руу чиглэсэн гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Зохион байгуулалттай мэдээлэл тарааж байгаа. Яг ямар хууль зөрчсөн бэ гэхээр огт ярьдаггүй. Тост, Тосонбумбын тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулаад, уул ухаад, ус ширгээгээд байгаа мэтээр ярьдаг. Гэтэл удаа дараагийн шалгалтууд очиж ажиллаад, ийм зөрчил алга гэдэг. Тэгэхээр нь батлагдсан мэдээллээ өөрчлөөд, тэгвэл ингэж хууль зөрчлөө гээд анхны ярьж байснаасаа шал өөр зүйл ярьдаг. Тийм зүйл байхгүй гээд тогтоогоод гаргаад ирэхээр тэгвэл булаг шанд ширгэлээ гээд өөрчилдөг. Булаг шанд алга аа. Үйл ажиллагаа хэвийн гэхээр ирвэс үхлээ гээд илт худлаа мэдээлэл өгөөд байдаг.

Саяхан салбар яамнаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Гэтэл манай компаний эсрэг зохион байгуулалттай дайралт хийж байгаа Х.Мандахбаяр гэж хүн тэр ажлын хэсэгт орсон байгаа юм. Тиймээс энэ хүнийг ажлын хэсгээс гаргаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Тэр өөрөө уул уурхайн бизнестэй хүн. Тавантолгойд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг бизнестэй хүн нөгөө компаниа очиж, зогсоох талаар санал гаргаад, төрийн ажлын хэсэгт багтаад явж байсан. Гэвч тэр хүн төрийн байгууллагын ажилд хяналт тавина, би сэтгүүлч гэж хэлээд ажилласан. Ажлын хэсэг нь манайх хууль зөрчөөгүй, гол горхи ширгээгээгүй, тийм бүсэд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа. Гэтэл нөгөө ажлын хэсгээ хууль бус байсан, худлаа дүгнэлт гаргасан мэтээр өөр зүйл яриад явж байна” гэлээ.

Ийнхүү Х.Мандахбаярын энэ тэмцэл бодит байдал дээр ямар зорилготой байсныг нутгийн иргэд ч олон нийт ч эхнээсээ ойлгож эхэлжээ. Хамгийн гайхмаар нь тэр заалыг маш чадамгай удирдаж, хурлаа ч өөрт ашигтайгаар дэглэж чадаж байлаа. Харин үүнийг нь хэлж, гуравдагч этгээдээр хурал удирдуулах хүсэлт гаргасан компанийн хуульч руу чичлэн дайрч давшлах нь тэр. Эцэстээ тэд Тост, Тосонбумбын нурууг хамгаалах асуудлаар төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлэхээр болов. Төрийн гурван өндөрлөг хүсэлтийг хүлээн авлаа гэхэд тэнд үйл ажиллагаа явуулж буй 17 лиценз эзэмшдэг есөн компанийг бүгдийг нь хаах хэрэгтэй болно. Харин Х.Мандахбаяр үүнийг хүсч байгаа болов уу. Учир нь Тостод үйл ажиллагаа явуулдаг есөн компаниас ганцхан нэгийг нь онилсон тэмцэл нь илүү том чулууг хөдөлгөх нь ээ.