ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын үйл явцыг Dardas.mn сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу наймдугаар сарын 12-нд эхэлсэн шүүх хурал нууцын зэрэглэлтэй болж байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч, гэрч, өмгөөлөгч гэсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үргэлжилж байна. Яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх танхимд орж, ямар шийдвэр гаргахаа зөвлөлдөж байгаа юм. Өнөөдөр буюу шүүх хурлын зургаа дахь өдөр Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь ирээгүй. Гэвч нэг өмгөөлөгч нь байгаа учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн шүүх хурлыг үргэлжлүүлсэн билээ. Шүүхийн гадна талбайд МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдсэн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шийдвэрлэлтийн явцыг нягтлах үүрэг бүхий Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс шүүх хурлыг зургаан өдрийн турш  гаднаас нь ажиглаж байна. Энэ үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийж Б.Хурц нарт зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой. Шүүх шударга шийдвэр гаргана гэж найдаж байна гэдгээ илэрхийлэв. Тэгвэл шүүгдэгчдийн өмгөөлөгч  н.Батбаяр “Шүүгдэгчид шүүхийн шийдвэр гараагүй байхад гэмт хэрэг үйлдчихсэн хүмүүс биш. Тиймээс шүүгдэгчдийг ч гэсэн шүүх хамгаалах ёстой” гэж байв.