ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-20

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц,  УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр,  О.Бямбажав  нарын есөн хүнд  холбогдох шүүх хурал зургаа дахь өдрөө боллоо. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ эрүүдэн шүүдсэн хэргээр буруутгаад байгаа юм.

Өчигдөр өглөө 9 цагт эхэлсэн шүүх хурал 2 цаг 30 минутын үед  завсарлаж, шүүх бүрэлдэхүүн эдгээр нэр бүхий хүмүүс гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөв. Улмаар 18 цаг 30 минутын үед шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж тэнд цугласан хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд Төрийн болон албаны тухай хуулиар “Маш нууцын зэрэглэлтэй” байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцсэн. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож,  гэрчээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Ц.Амгаланбаатар оролцлоо.

 Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна хэвлэл мэдээллийнхнээс гадна, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,  цагдаа болон бусад хамгаалалтын албаныхан  байсан юм.   Улмаар шүүхээс гаргасан  шийдвэрийн дагуу зөвхөн сэтгүүлч нарт шийдвэрийг танилцуулав.

Шүүх хурал зургаан өдрийн турш үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.  Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дүгээр зүйл ангиар тус тус буруутгасан  аж. Тодруулбал,

133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн. Түүний хувьд БНСУ-д эмчилгээ хийлгэхээр яаралтай явсан аж.  Гэсэн  ч нэг өмгөөлөгч нь байгаа учир,  шүүх хуралдаанд саадгүй гэдгийг бусад өмгөөлөгчид хэлж байлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ, “Нотлох баримтын шаардлага хангахгүй олон зүйл байгаа нь үнэн. Шүүх гэмт хэрэг гэж үзэхэд хангалтгүй байна гэж үзлээ. Хэргийн талаар өөр зүйл ярих боломжгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” гэлээ. 

Шүүх хуралдааны үеэр УИХ-д байгуулагдсан С.Зориг агсны хэргийг шалгах түр хорооны нарийн бичгийн дарга П.Хишигбаяр шүүх хурлын үйл явцыг ажиглахаар ирсэн юм. Тэрбээр хэлэхдээ, “Шүүх хуралдаанд ажиглачаар оролцуулах хүсэлт гаргасан боловч, хүсэлтийг хүлээж аваагүй. Гэвч түр хороо үндсэн чиг үүргийнхээ хүрээнд шүүх хурлын явц, гарах шийдвэрийг  анхааралтай ажиглаж байгаа. Түр хорооноос шүүх ямар хууль ашиглах талаар тодорхой нөлөөлөл үзүүлж болохгүй. Түр хорооны зүгээс Монгол улс олон улсын гэрээнд нэгдсэн гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгааг анхааран ажиглаж байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцод 2000 онд нэгдсэн байдаг. Бид шүүх хуралдааны явцыг гаднаас мэдэх боломжгүй. Зарим нэр бүхий өмгөөлөгчид мэдээлэл хийж байгаа учир, түр хорооны гишүүд мэдээлэл өгч байгаа” гэлээ.

Хохирогч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа сэтгүүлчдэд тайлбар хийлээ.  Тэрбээр,  “Б.Хурцын  гэх тодотголтой шүүх хуралд зургаа дахь өдрөө ирлээ. Хэдий тийм тодотголтой ч эрүүдэн шүүлтийг дээд хэмжээгээр хийсэн олон хүн энэ шүүхээр шүүгдэж байна. Яагаад зүгээр байсан хүнийг эрүүдэж, өөрсдийнхөө зөв болгох гэж олон жил явж байгааг үнэхээр гайхаж,  эмзэглэж байна. Түрүүчийн шүүх буруу шүүсэн. Ард түмэн, сэтгүүлчид бүгд л мэдэж байгаа шүү дээ. Төв аймгийн шүүх буруутай этгээдийг илрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Харьцангуй залуу шүүгчид бий, хонгилын шүүгчид үнэхээр буруу байсан, гомдож байна. Өнөөдөр нэлээд үндэслэлтэйгээр, удаан хугацаагаар шүүж байх шиг байна” хэмээсэн. Гэсэн ч шүүх шийдвэрээ гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин  улсын яллагч тав хоногийн дотор эсэргүүцэл бичих боломжтой аж. Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох юм.Шүүх хуралд оролцож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат прокурорт хандаж гомдол гаргах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж, шийдвэрээ гаргана гэдгийг хэлсэн. Харин Б.Хурц нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусах аж.