Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, тус газарт аялал жуулчлалын чиглэлээр шинээр зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн нуурын эрэг орчмын дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар шийдвэрлэхээр болсон байна. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.
Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүс нутагт багтах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо улам бүр нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээлийн эрэлтийг даган өссөн аж.
2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуурын БЦГ-т аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөнөөс үзэхэд 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, шалгалтын үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэдгээрээс холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй 52 иргэн, аж ахуйн нэгж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй 42 иргэн, аж ахуйн нэгж, үнэлгээ хийгдэж байгаа буюу хугацаа дууссан 26 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.