Шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмдэх хэрэг энэ зуны хугацаанд цөөнгүй бүртгэгджээ. Тэгвэл энэ хэргийг үйлддэг дөрвөн бүлэг, 15 этгээдүүдийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-оос 29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх зургаа, хулгайлах гурав, залилах гурав нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байгаа аж.
Орой үдшийн цагаар иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул шөнө, оройн цагаар ганц, нэгээрээ явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай аюулгүй бүсийг сонгон явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.