ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ё.Баатарбилэг: Бүх сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-26

БСШУС-ын яамнаас өнгөр­сөн долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж “Хичээл эхэл­лээ” өдөрлөгийг зохион бай­гуулавв Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын талаар багц мэдээлэл өглөө. Энэ хичээлийн жилээс ЕБС болон сургуулийн өмнөх боловс­ролын сургалт сайж­руулсан хөтөлбөрөөр явна гэдгийг салбарын сайд онцлов. Ингэснээр бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан хөтөлбөрөөр 755 болж буурчээ. Тэгвэл суурь боловсролынх өмнөх жилүүдээс 8.7 хувиар, бүрэн дунд боловсролынх 9.2 хувиар тус тус буурчээ. Хичээлийн хөтөлбөрийг сайжруулан баталсантай холбоотойгоор энэ сарын 05-наас 09-ний хооронд үндэсний хэмжээний 545 сургагч багшийг бэлтгэсэн байна. Эдгээр сургагч багш нар энэ сарын 15-30-ныг хүртэл орон нутагт очиж, гурван ээлжээр бүх багш нарт сайжруулсан хөтөлбөрийг танилцуулах сур­галтыг зохион байгуулжээ. 

Жил бүрийн хичээлийн жилд сурах бичгийн хүртээмжийн асуудал шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ асуудал шийдэгджээ. Тод­руул­бал, БСШУС-ын яам Азийн хөгж­лийн агентлагын тус­ламж­­тайгаар сурах бич­гийн асууд­лыг шийдсэн бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр бүх сурах бичгүүдийг сур­гуу­лиудад хүүхдийн тоогоор ху­ваарилан хүргүүлнэ гэдгийг салбарын сайд онцоллоо. Сурах бичгүүдийн хэвлэлтийн ажил хэвийн явж байгаа бөгөөд хэвлэх ажил оройтсон шалтгааныг Ё.Баатарбилэг сайд тайлбарлахдаа санхүү­жүү­лэгч талаас хэвлэх зөв­шөөр­лийг энэ сарын эхээр өгсөн учраас хэвлэлтийн ажил оройтож байгаа гэсэн юм. Мөн энэ хичээлийн жилээс улсын хэмжээнд зохион байгуулдаг 20 гаруй олимпиад байсныг цэгцэлж ес болгосон байна. Үүнтэй холбогдуулан аливаа нэрэмжит тэмцээн уралдаан, олимпиад зохион байгуулахыг хоригложээ. Сургалтын хөтөл­бөрийг сайжруулан баталснаар багш нарын ачаалал буурч, хичээлийн агуулгын давхцал мөн төдий чинээ буурна гэдгийг ч салбарын сайд онцолж байгаа юм. Сурах бичгийг сургуулиудад хүүхдийн тоогоор тараах бөгөөд сурагчид сургуулийн номын сангаасаа тодорхой хэмжээний төлбөр төлж, түрээслэх журмаар авна гэнэ. Сурах бичгийн түрээсээс цугласан орлогыг  алдсан, үрэгдүүлсэн сурах бичгийг дахин хэвлэхэд зар­цуулна гэдгийг сайд мэдээ­лэв. Сурагчдын амрал­тын хувьд нийслэлийн сур­гуулийн сурагчдын өвлийн амралт утааны улирал­тай холбоотойгоор өмнөх жилийн­хээс урт хугацаанд амрах бол орон нутгийн сургуулийн сурагчид мал төллөлтийн үеэр буюу хавар амрах юм байна. Харин зуны амралтын хувьд 2020 оны тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын 06-ны хооронд бүх ерөнхий боловсролын сургуулиуд амрах аж.

Дүрэмт хувцасны нөөц хангалттай байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн бас нэгэн том асуудал бол сурагчийн дүрэмт хувцас. Дүрэмт хувцасны нөөц хангамж хүрэлцээгүй, стандарт шаардлага хангаагүй зэрэг шүүмжлэл ч эцэг эхчүүдийн зүгээс гардаг. Тухайлбал эмэгтэй сурагчдын юбка хэт богино байна гэж шүүмжилдэг билээ. Тэгвэл энэ хичээлийн жил сурагчийн дүрэмт хувцасны загварт өөрчлөлт ороогүй, хуучнаараа байх юм байна. Хүртээмжийн хувьд төсөл хэрэгжүүлэгч компаниуд орон нутаг дахь кластерийн системээрээ дамжуулан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг борлуулах аж. Энэ жилийн хувьд дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нөөц хангалттай байгаа гэдгийг үйлдвэрлэгч компаниудаас мэдээлжээ.

93 цэцэрлэг, 48 сургууль ашиглалтад орно

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн хүүхдийн тоо 50 мянгаар, цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 15 мянгаар тус тус нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор шинээр цэцэр­лэг, сургууль барих нь нэн тэргүүний асуудал болсон. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Энэ онд багтаад улсын хэмжээнд 48 сургууль, 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Харин хичээлийн шинэ жилээс өмнө буюу есдүгээр сарын 01 гэхэд 14 сургууль, 29 цэцэрлэг ашиг­лалтад орохоор бэлэн болоод байна. Үлдсэн сургууль, цэцэр­лэгүүд оноос өмнө буюу арван­хоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад орно” гэв. 

Барилгын ажлыг хугацаандаа барьж дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулна

Шинээр барих сургууль, цэцэр­лэгийн барилгын аж­лыг хариуцаж авсан ком­паниудын хариуцлагагүй байд­лаас үүдэн боловсролын сал­бар тэр дундаа хүүхдүүд хохир­дог. Тэгвэл энэ жилээс тендерт шалгарсан барилгын компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс хүлээж авсан ажлаа ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь дуусгаагүй компаниудыг хар жагсаалтад оруулна гэдгийг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлж байгаа. Он дамжин барилгын ажлыг гацаасан нэр бүхий компаниудын нэрийг гаргаж, хар жагсаалтад оруулахаар болжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн барилгыг найман жил гацаасан “Хөвсгөл геологи” ХХК хар жагсаалтад орохоор болсон байна. Хар жагсаалтад орсноор тухайн компани гурван жилийн турш аливаа үйлчилгээ эрхлэх, худалдан авалтад оролцох эрхгүй болох аж.

“Иргэний ёс зүйн боловсрол” хичээл шинээр нэмэгджээ 

Нийгмийн байдал, залуусын хандлагатай холбоотойгоор энэ жилээс сургалтын хөтөлбөрт “Иргэний ёс зүйн боловсрол” хичээл шинээр нэмэгджээ. Энэ нь хуучнаар “Иргэний боловсрол” хичээлийн шинэ­чил­сэн хөтөлбөр юм байна. 1-5 дугаар ангид “Монгол ёс хүмүүжлийн хичээл” нэртэйгээр, 6-12 дугаар ангид “Иргэний ёс зүйн боловсрол” нэртэйгээр орох аж. Энэ хичээлийн сурах бичиг бусад хичээлийн сурах бичгээс харьцангүй оройтож хэвлэгдэнэ гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн юм. 

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэнэ

Энэ хичээлийн жил их, дээд сургуулийн элсэгчдийн тоо өмнөх жилийнхээс 30 гаруй мянгаар бага болохыг онцлов. Өмнөх хичээлийн жилүүдэд 30-40 мянган элсэгч шинээр их, дээд сургуульд элсдэг байсан бол энэ жил 10 гаруй мянган элсэгч авсан байна. БСШУС-ын яамнаас их, дээд сургуулиудын тоог цөөлөх, улмаар нэгтгэх бодлогыг баримталж байгааг салбарын сайд онцлов. Тэрбээр энэ талаар “Бид дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсролын тогтолцоотой болохын тулд цөөн тооны маш өндөр чанартай сургуультай байх ёстой. Тиймээс бид цаашид төрийн өмчит их, дээд сургуулиудыг нэгтгэж, нэг сургууль болгох бодлогыг баримталж байна. Сургуулиудын тоог цөөлөх бодлогыг цаашид хэрэгжүүлнэ” гэв. Энэ хичээлийн жилд эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын бүх сургууль эцэг, эх асран хамгаалагч, багш, сургуулийн гурвалсан гэрээ байгуулах юм байна. Энэхүү гурвалсан гэрээг ирэх есдүгээр сард багтаан байгуулах аж.