ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дэлхийн уушги” шатаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-08-27

Бразилын Амазоны ширэнгэд ойд 10 гаруй хоногийн өмнө түймэр гарч, бүс нутаг утаан мананд бүрхэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл унтрааж чадаагүйн улмаас түймрийн тархалт улам нэмэгдэж, шинээр 1664 орчим цэгт түймэр асч буй талаар эх сурвалж мэдээллээ. 

Амазон нь жилд 2500-4500 мм хур тунадас унадаг өтгөн ой бөгөөд манай гаригийн агаар мандлыг хүчилтөрөгчөөр хангаж байдаг гол нийлүүлэгч гэгддэг. Тиймээс ч, “Дэлхийн ногоон уушги” хэмээн нэрлэдэг билээ. 

Үүнээс гадна, ургамал, амьтны зүйлийн хамгийн том цуглуулга болдог юм. Бүс нутагт 2.5 сая төрлийн шавьж, 40 мянган төрлийн ургамал, 2200 төрлийн загас, 1294 төрлийн шувуу, 427 зүйлийн хөхтөн, 428 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагчид оршдог аж. 

Гэвч, түймрийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаад иргэд бухимдаж, дэлхийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. 

Холливудын одод ч эсэр­гүүцлээ илэрхийлж, түймрийг нэн даруй унтраахыг уриалжээ. 

Тухайлбал, Анжелина Жоли түймрийн унтраах арга хэмжээ нэн даруй авахыг уриалсан байна. Тэрбээр “Амазоны халуун орны ойг түймэр устгаж байгааг хараад суух тун хэцүү байна. Энэ ой дэлхийн хувьд ямар чухал болохыг ээж минь намайг зургаатай байхад ярьж өгч байсныг би санадаг. Ойг хамгаалж, нандигнах ёстой юм. Гэтэл бид тэгэж чадсангүй" хэмээжээ. 

Бразилын эрх баригчид түймрийг унтраах дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тухай бусад алдартнууд ч мэдэгдэл хийв.  Жүжигчин Леонардо ди Каприо, хөлбөмбөгчин Роналдо нар энэхүү түймрийг унтраах нь дэлхийн бүх улс оронд хамаатай болохыг онцлоод байна.  Улмаар Леонардо ДиКаприо болон түүний найзуудын үүсгэн байгуулсан “Earth Alliance” байгаль орчныг хамгаалах сан Амазоны түймрийг унтраахад таван сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ.  

Хэдхэн хоногийн өмнө Бразилын Засгийн газар түймрийг унтраахад өөр бусад улсын дэмжлэг хэрэггүй хэмээж байв. Гэсэн ч, эдүгээ түймрийн өмнө хүчин мөхөсдөж буйгаа хүлээн зөвшөөрч, цэргээ дайчилж эхлэв. 

Тэд  44 мянга орчим  цэрэг, 12000 литр ус зөөвөрлөх хүчин чадалтай C130hercules онгоц хоёрыг, нийтдээ зургаан техникийг түймрийн голомт  руу илгээсэн байна. Түймрийн бүс нутаг бүхэлдээ өтгөн утаан мананд хучигдаж, утаа Бразилын хилээс 1000 км-ын алсад орших Аргентинд хүрсэнийг тус улсын цаг агаарын албанаас мэдээллээ. 

Улмаар ойрын үед Аргентины цаг агаарт нөлөөлж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.  Албан ёсны тоон баримтаас үзвэл Бразилд энэ жил 2013 оноос хойш хамгийн их буюу 78383 ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Түймрийн талаас илүү хувь нь 20 сая гаруй хүн амьдардаг Амазоны бүс нутагт гарчээ. 

Жил бүрийн хуурайшлын үед түймэр гарах нь хэвийн үзэгдэл боловч энэ удаа хүний оролцоотойгоор түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн гэж байгаль хамгаалагчид үзэж байна. Фермерүүд тариалангийн газраа тэлэхийн тулд ой ширэнгийг шатаан устгаж байгаагаас түймэр эрчимжсэн гэж тэд дүгнэж байгаа аж.