ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд сэргээш хэрэглээгүй гэдгээ итгэлтэй хэлсэн, би ч итгэж байгаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-27

Улсын баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболд аваргаас сэргээшийн төрлийн 4 бодис илэрсэн талаар Бөхийн салбар комиссоос өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ талаар түүний багш, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодруулга авлаа. 

-Бөхийн салбар хорооноос Улсын аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн талаар зарлалаа. Та өмнө нь мэдээлэл хийж, шавьдаа хоёр зүйлийг захьдаг хэмээн ярьж байсан. Түүний нэг нь сэргээш хэрэглэхгүй байхыг сануулдаг байсан гэсэн. Гэтэл түүнээс сэргээш илэрчихлээ. Та багшийн хувьд юу хэлэх вэ?

-Би өмнө нь Төрийн ордонд та бүхэнд мэдээлэл өгсөн. Түүнээс өмнө би нэг удаа утсаар ярьсан. Өөрөө ч бас цахим хуудсаараа дамжуулаад мэдээлэл өгсөн байсан. Өөртөө их итгэлтэй яриад байгаа. “Багш аа, би сэргээш огт хэрэглээгүй шүү” гэсэн. Хууль хяналтын байгууллагад ч хандсан юм билээ.  Баяр наадмын өмнө “Чамайг түрүүлбэл допингийн асуудалтай хутгана” гэж хэлсэн талаар ярьсан. Мөн түрүүлсний дараа тэрбум 700 сая төгрөгөөр наадмын түрүүг худалдаж авсан гэх мэтээр дайрсан талаар надад хэлсэн. Би сүүлд нь сайтуудын мэдээллийг үзэхэд тийм мэдээ гарсан байсан. Иймэрхүү зүйл байгаад, хүнийг хэлмэгдүүлж байгаа бол болохгүй л дээ. Тиймээс шалгадаг газар шалгах ёстой. Хоёрдугаарт, сэргээш үнэхээр хэрэглэсэн бол Олон улсад хүртэл тогтсон хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцдог. Манай улс ч гэсэн хариуцлага тооцох хуулиуд нь бий. Тэр журмаараа л явах байх.

-Сэргээшийн шинжилгээ авах нь ойлгомжтой, хэрэглэсэн бол гарах нь дамжиггүй шүү дээ. Гэтэл яагаад бөхчүүд хэрэглээд байна вэ. Сэргээшийн шинжилгээг аргалж ирсэн уламжлал байгаад байна уу?

-Би 2006 оноос хойш сэргээшийн шинжилгээ авч байгаа өрөө тасалгаанд орж ч үзээгүй. Сүүлийн үед яаж шинжилгээ авч байгааг ч мэдэх юм алга. Би төв цэнгэлдэхэд хүртэл тавын даваанаас хойш очдог хүн шүү дээ.  Тэгж аргалж ирсэн зүйл байдаг эсэхийг ч мэдэх юм алга. Хүмүүс л тэгж яриад байх юм. 

-Шээсийг нь сольсон гэсэн мэдэгдлийг Э.Оюунболд аварга өөрөө хийсэн. Тийм боломж байдаг юм болов уу?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Сүүлийн үед бөхчүүдийн дунд ийм яриа их л гарах болсон. Шээс солигдлоо, хариуг нь дарлаа, шинжилгээг нь өгүүлээгүй гэх мэтээр. Үүнийг хууль, хяналтын байгууллага л  шалгаж тогтоох ёстой. Тэгэхгүй бол хардсан, ярьсан л юм байгаа. Энэ жилийн сэргээшийн шинжилгээ авч байгаа үеийн бичлэгийг цахим хуудаснаас үзэхэд, их л замбараагүй харагдсан. 

-Э.Оюунболд аварга өөрөө Б сорьцын шинжилгээ хийлгэхээс татгалзсан гэсэн. Яагаад татгалзсан юм бол, танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Өөрөө мэдэгдэл хийхдээ “Би сэргээш хэрэглээгүй. Намайг ийм зүйлтэй хутгах гэж оролдож байна. Баяр наадмын өмнөөс эхлээд л дарамталж, заналхийлсэн. 1.7 тэрбумаар төрийн наадмыг худалдаж авсан гэсэн. Би ДНК-гийн шинжилгээ хийлгэнэ” гэж мэдэгдсэн. Тийм болохоор л Б сорьцын шинжилгээ хийлгээгүй юм байлгүй дээ. 

-Цолыг нь хураах хүртэл арга хэмжээ авна гэж яригдаад байна?

-Өөрөө мэдэгдэлдээ хэлсэн, ДНК-гийн шинжилгээ өгнө гэж. Хаана, яаж өгөх гэж байгааг мэдэх юм алга. Төрийн баяр наадмыг зохион байгуулах хороо байна. Бөхийн салбар комисс гэж бий. Сэргээшийн шинжилгээ авах тусгай баг гаргасан. Мөн дүрэм, журам байна. Тэр журмынхаа дагуу л шийдэх байх.

-Э.Оюунболд аварга санаатайгаар сэргээш хэрэглэсэн юм биш үү. Илэрсэн бодисынх нь хоёр нь сэргээш хөөх зориулалттай бэлдмэл гэж мэргэжилтэн нь ярьсан байна билээ?

-Тийм зүйл яригдсан. Гэтэл өөрөө надтай утсаар ярихдаа маш итгэлтэйгээр “Миний шинжилгээг сольсон байна” гээд байгаа шүү дээ. Тэр хүн итгэлтэй байгаа бол би ч гэсэн итгэлтэй л байна. Эцсийн дүнг нь Баяр наадмын комисс зарлаж. Мань эр өөрөө хууль хяналтын байгууллагад хандсан. Энэ бүхэн эцэслэгдвэл хууль, журмынхаа дагуу л шийдэх байх.