ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдуард Лимонов: Монгол бол бидний өвөг дээдсийн нутаг

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-08-28

-Буддын шашин миний сэтгэлд хүрсэнгүй-

ОХУ-ын улстөрч, зохиолч Эдуард Лимонов Монголд аялсан тэмдэглэлээ уншигчдад хүргэжээ. “Другая Россия” намын дарга, өнөөгийн Ерөнхийлөгч В.Путинтай өрсөлдөж явсан энэ эрхэм тэмдэглэлээ “Монгол бидний өвөг дээдсийн нутаг” хэмээн гарчигласны зэрэгцээ өнөөгийн Монголын нөхцөл байдлыг ёжилсон,  шүүмжилсэн байдлаар дүрслэн бичсэн байв. 

Монгол Улс есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баяраа тэмдэглэх бөгөөд эл баярт  ОХУ-ын Ерөнхийлөгч ирнэ хэмээн  хүлээж байна. Тус улсын Засгийн газар ОХУ-ын Ерөнхийлөгчийг Зөвлөлт-Монголын дайчдын ялалтын баярт хүрэлцэн ирэхийг урьсан юм. Тэр дундаа Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө урьсан билээ. 

Тэртээ 1939 оны намар Зөвлөлт-Монголын цэргүүд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг Японы түрэмгийллээс хамгаалж чадсан. Тухайн үед Япончууд Монголын нутаг дэвсгэрийн нэгээхэн  хэсгийг өгөхийг шаардсан тул тулалдахаас өөр замгүй болсон юм. Ингээд Монголын талаар ярьж өгье. Би наймдугаар сарын 18-нд Улаанбаатар-Улан-Үдэ чиглэлийн галт тэргээр нутагтаа ирсэн. Юуны өмнө хоёр Монгол байдаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй болов уу. Нэг нь хонь, үхэр, адуу, ямаа зэрэг 70 сая мал бэлчсэн  өргөн уудам хээр талтай нутаг. Нөгөө нь, хагас сая хүн амтай Азийн мегаполис Улаанбаатар хот улс /өөрсдөө ингэж хэлсэн/. Өөрөөр хэлбэл хүн амын тал нь /Монголын хүн ам 3.1 сая/ Жуманжи шиг оронд, нөгөө хэсэг нь хүсээд байхаар бус нийгэмд амьдардаг. 

Хаа сайгүй орос бичиг. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд эдүгээ крилл үсэгнээс татгалзсан ч, Монгол Улс манай крилл үсгийн цагаан толгойг өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Сэтгэл хөдөлмөөр. Улаанбаатарт байшингуудаа хэт ойрхон барьсан. Анх барихдаа л ингэж барьсан гэнэ. Гурван давхар байшин, есөн давхар байшинтай зэрэгцэж орших бөгөөд замын түгжрэл, чимээ шуугиан, хөл хөдөлгөөн ихтэй.  Хотын захад машин өргөн төмрийн хаягдалд тушааж байгаа хүчирхэг кранууд, нэг үгээр хэлбэл машины оршуулгын газар хашааны цаана харагдана. Хаа сайгүй тоос шороо, бохир гэж жигтэйхэн. Улаанбаатарт Монголын хүн амын тал нь цуглажээ. Бидний байрласан “SKA Hotel” буудал Хрущевын үеийн хуучин өрөөтэй, тэнд нь ЗХУ-ын үеийн эртний тавилга тавьжээ.

Улаанбаатарын төв талбай манай Улаан талбайгаас том гэдгийг би дараа нь мэдсэн. Засгийн газрын ордны байшингийн хананы дэргэд дээл өмссөн Чингис хаан баргар царайлан сууна. 

Би монгол орчуулагчаасаа “Танайд Чингис хаанаас өөр баатар байна уу” гэж ёжлон асуухад тэр талбайн нөгөө хэсэг рүү заах нь тэр. Тэнд нь морь унасан Сүхбаатарын чулуун хөшөө байрлаж байв. 

Харин монголчуудын нөгөө хэсэг нь асар уудам ногоон талд амьдарч байна. Тэнд хаашаа л харна мал сүрэг. Авто замаар  хөндлөн гарах  хонин сүрэг анхаарал татна. Урт гэгч нь үргэлжлэх ямааны цуваа. Яг л Хятадын томоотой сурагч охид шиг хоёр хоёроороо тасралтгүй урагшлан зам гатална. 

Буриадын Улаан-Үдээс Монголын Улаанбаатар хүрэх зам ямар ч хяналтгүй, эмх замбараагүй. Замын асфальтын энд тэндгүй нүх үүсчээ. Биднийг очихоос хэд хоногийн өмнө  ширүүн бороо орсны улмаас зам эвдэрсэн аж. Эцэст нь нэг юм бид машиныхаа эд ангийг бараг эвдээд Улаанбаатарт хүрлээ. Хээр талд амьдрах хүмүүсийн хувцас нь хөдөө загвартай. Малчдын наранд шарагдсан бор царай, шляп малгай, зузаан өмд, бакал гутал, суран бүстэй цагаан цамц. Монгол ковбойгууд мал сүргээ морь болон мотоциклоор хариулна. Тэдний унасан мотоцикль надад болон миний хамтрагчдад гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. Мэдээж буддын шашны талаар тэмдэглэхгүй бол болохгүй билээ. Бурхан багшийн зураг хөргийг хаана ч харж болно. Улаан, цэнхэр, шар, алтан өнгөөр будсан тоо томшгүй олон бурхан, дагина ажлын өрөө, гуанз гээд хаа сайгүй. Хар Хоринд ч гэсэн адилхан.

Хархорин дахь Эрдэнэ зуу бол Москвагийн Кремль гэсэн үг. Гэхдээ их ядуу, Ханыг нь 108 суваргаар хүрээлсэн. Суварганууд дотор юу ч байхгүй, бас ямар ч зай завсаргүй. Тэд яг юунд хэрэгтэйг би ойлгосонгүй. 

Суваргыг ямар нэг зүйлийг хамгаалахын төлөө бус, айлгах зориулалтаар л хэрэглэж байгаа мэт. 

Хархорины ихэнх хэсэгт зэрлэг ургасан байх бөгөөд зүүн хэсэгт нь буддын шашны бүхий л зүйл төвлөрчээ. Тэнд дээлтэй туранхай хөтчийг жуулчид дагаж, ярих үлгэрийг нь дуулгавартай гэгч нь сонсоно.  Жуулчдын дунд дотоодын аялагчид ч олон байна. 

Монголын өвөө, эмээ нар Хархоринд мөргөл хийчээд үхэх хүсэлтэй, энд ирж мөргөх нь тэдний үүрэг юм. Хархоринд ирэхдээ түүхэн чухал балгас, элсээр хучигдсан туурь бүхий урт удаан хугацаанд хөгжсөн аялал жуулчлалын цогцолбор үзнэ гэсэн төсөөлөлтэй явлаа. 

Гэтэл энд бакал гуталтай монголчууд, гайхсан царайтай гадаадын жуулчид нар, салхинд цохиулан алхаж явах юм. Музейн үүдэнд Чингис хааны зурагтай цамц салхинд хийсэн харагдах бөгөөд энд фашистын биш монгол хас тэмдэгтэй богино цамц зарж байгаа харагдана. 

Буддын шашин миний санаанд хүрсэнгүй. Манай Оросын буриадууд монголчуудыг нэг их тоодоггүй. Харин би буриадууд шиг их зан гаргаагүй. (буриадууд монголчуудыг хамгийн сүүлд буддын шашинд орсон гэж доош нь хийдэг) Оросын Европын хэсгээс харахад Буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин шиг харагддаг байлаа. Харин Монголд ирээд харахад буддизм нь Будда болон санаагаараа зохиосон хэдэн мянган бурхнаа сурталчилсан, Энэтхэгийн индуизм шашны л нэг төрөл харагдсан.

Энгийн ард олны толгойг эргүүлж, буддын шашныг тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ олон хэцүү зүйлсийг зохиосон буй заа. Буддын шашин надад цирк эсвэл цыгануудын зальтай үзүүлбэр шиг санагдсан.  Хархоринд бид гэрт хонолоо. Өглөөгүүр хөлдөх шахам хүйтэн байв. Би босч төмөр зуух галлах шаардлагатай болов. Босоод тавин метр орчим алхаад Орхон голд хүрлээ. Орхон гол бургилан хаашаа ч юм урсан одно. Энд Чингис хаан явж байсан нь гарцаагүй. Чингис бол үлгэр домог мэт агуу хүн. Түүний хүүхдүүд Орхон голд ордог байсан гэж энд батлан ярьдаг.

Би говьд очиж үзэх гэсэн боловч тийшээ зам байдаггүй, зүгээр зүг чиг л байдаг гэнэ. Хэд хонож хүрдэг аж. Газрын зураг дээр харахад говь уг нь ойрхон харагдаж байлаа. Надад зав байгаагүй тул говийг дараа үзэхээр орхилоо.

Улаанбаатар-Улаан-Үдийн галт тэрэг хар нүүрсэн утаа татуулсаар намайг нутагт минь аваачлаа. Монголын гаалийнхан эелдэг байсан бол Оросын гааль манай купег өөд уруугүй нэгжлээ. Нутаг нэгтнүүдээ гомдоохдоо манай оросууд гарамгай улсууд даа.
Энэ тэмдэглэлийг минь уншаад та нар “Лимоновт Монгол таалагдсангүй” гэж хэлэх байх.

Үгүй шүү, таалагдсан. Бүр хэт их таалагдсан гэж хэлж болно. Яагаад гэвэл Монгол бол манай өвөг дээдсийн нутаг. Хатуу ширүүн уур амьсгалтай ч миний эх орон. Түрийг нь нугалан доошлуулсан бакал гутал, шляпан малгайн доорх ширүүн царай.

 http://ren.tv/blog/450293