ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс энэ онд 21.4 сая ам.доллароор талх, гурилан бүтээгдэхүүн гадаадаас авчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-29

-Импортлогчид, сүлжээ дэлгүүрийнхэн үндэсний үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлж байна- 

 

Монгол Улс 2019 оны эхний долоон сарын байдлаар дэлхийн 141 улстай худалдаа хийж,  613.4 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор авчээ. Энэ нь 2018 оны эхний долоо сарын байдалтай харьцуулахад, 241.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Мөн манай нийт импортын хэмжээ 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Гэтэл экспортын хэмжээ 4.6 тэрбум ам.долларт хүрчээ. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зогсоо зайгүй зөөж, энэ хэмжээний бараа эргэлттэй болсон. Харин гадаадаас оруулж ирж болох бүхнийг авчирч, зардаг. Харьцуулахад, гадаад худалдааны тэнцэл ашигтай мэт боловч ийм хэмжээний мөнгөөр гадаадаас элдэв бараа, бүтээгдэхүүн авчирна гэдэг нэг талдаа эмгэнэл.  “Эмгэнэл” гэж тодорхойлсон нь учиртай.  2019 оны эхний долдугаар сарын байдлаар 696.6 сая ам.доллароор машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл импортолж авсан.  688.8 саяар тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги авчээ. Энэ ч яахав, манай улс үйлдвэрлэж чадахгүй. Машин, уул уурхайн механизмын  тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа манай улс энэ хэмжээний мөнгөөр сэлбэг, хэрэгсэл авалгүй  яах вэ.  Автобензинд гэхэд 185.9 сая ам.долларыг зарцуулжээ. Гэтэл хүнсний бэлэн бүтээгдэхүүн гадаадаас оруулж ирэхэд зориулж монголчууд 247.8 сая ам.долларыг үржээ.

2017 оны эхний долоон сард 200 саяыг гаднаас хүнсний бэлэн бүтээгдэхүүн авахад зарцуулж байсан бол хоёр жилийн дотор 47.8 саяар өсчээ. Хүн амын тоо өссөн,  эдийн засаг сайжирч, иргэдийн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар нэмэгдсэнтэй холбоотой байх. Нөгөө талаас үйлдвэрлэгчдээсээ олон импортлогч компаниудтай болсон нь нөлөөлж байгаа. Өнөөдөр Монголд борооны дараах мөөг шиг “ургаж” байгаа зүйл бол хүнсний сүлжээ дэлгүүрүүд. Супермаркет, мини маркет, хайпермаркетууд гэсэн үг. “Монхангай” группын ажиллуулдаг “Миний” сүлжээ дэлгүүр гэхэд Улаанбаатар хотод 23 салбартай хэмээн цахим хуудастаа мэдээлжээ. “Номин” супермаркетын салбар 13, хайпермаркет нь зургаа. Хамгийн том дэлгүүрүүдийнхээ тоог бичсэн байх. Жижиг, том дэлгүүрийнх нь тоог нэмбэл яаж 19-өөр тогтох билээ. “Макс” группын “Макс” сүлжээ дэлгүүр гэхэд Улаанбаатар хотод найман салбартай бол “Оргил”-ын 11 салбар байгаа. Харин “Сансар” супермаркетын таван том салбар байгаа талаар цахим хуудастаа мэдээлэв. Түүнээс гадна, жижиг олон салбар бий. Сүүлд “Е-Март” сүлжээ дэлгүүр Монголд хаалгаа нээж, хоёр салбар ажиллаж байна. Түүнээс гадна, Хан-Уулд салбар нь тун удахгүй нээлтээ хийнэ. Яармагийн гүүр даваад нэг салбар барьж байгаа. Энэ олон сүлжээ дэлгүүрийн цаана нэг том групп, компани бий. Бүгд гадаадаас элдэв хүнсний бүтээгдэхүүн импортоор авчирч, лангуун дээрээ өрдөг. Зарим нь шингэн хүнс, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн гээд бага сага зүйл үйлдвэрлэдэг. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь импорт.

Тиймдээ ч үндэсний үйлдвэрлэгчдийг дэмждэггүй. Үнэнээс огт зөрөхгүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг лангууныхаа хүн харахгүй хэсэгт тавьж, наагуур нь импортын бараагаа өрдөг. Хамтарч ажиллахаад хэт өндөр шаардлага тавьж,  сав л хийвэл буцаалт хийх гэнэ.  Мөнгө төгрөгний тооцоо нийлэх гэхээр хүлээлгэдэг, дугаарлуулж зогсоодог гээд үйлдвэрлэгчдийн үйл тамыг иддэг үйлдлийг тэд гаргадаг нь худлаа биш. Ямар ч баялаг бүтээдэггүй, гадаадаас сайн, муу бараа зөөж, сүлжээ дэлгүүрийнхээ лангуун дээр өрж зарж байгаа импортлогч компаниудын эзэд зудтай жилийн нохой шиг л зоолж байгаа.  Үйлдвэрлэгчдээ, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч нь хүртэл Польшоос нөөшилсөн бүтээгдэхүүн зөөж, зарж байлаа шүү дээ.  Ийм байхад яаж үндэсний үйлдвэрлэгчид өсөж дэвжиж, ажлын байр нэмэгдэх билээ. Монголчууд бид машины сэлбэг, цахилгаан бараа үйлдвэрлэтэл зай ч байна, лай ч байна. Нефьтийн үйлдвэр бариад, бага ч болов шатахуун үйлдвэрлэхээр хичээж буй. Энэ ахиц юм. Харин хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэг үеэ бодвол хөгжиж, амт, чанар, сав, баглаа боодол нь сайжирч байгаа.

Бид эх орондоо аль ч улстай харьцуулахааргүй цэвэр, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ядаж л хүнсний үйлдвэрүүдээ дэмжиж, хүчин чадлыг нь нэмж, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болох хэрэгтэй байна.  Бүх төрлийн салат, дарсан ногоог хэд хэдэн үйлдвэр Монголдоо хийж чадаж байгаа. Гадаадаас авчирч байгаа элдэв нөөшилсөн бүтээгдэхүүнээс илүү юу гэхээс дутахгүй.  Тариаланчид бүхий л төрлийн нарийн ногоо, өргөст хэмх, сонгино сармис, жимс жимсгэнэ тарьж, ургуулж чаддаг болчихсон. Тариаланчдын тарьж ургуулсан ногоог үндэсний үйлдвэрлэгчид худалдаж аваад, нэмүү өртөг шингээгээд зарвал хэн хэндээ хэрэгтэй билээ. Үүнийг холбосон гүүр, бодлого байна уу. Ямар ч бодлого алга. Бодлого гаргах, энэ чиглэлээр ажиллаж байх ёстой албыг хашиж байсан хүн нь өөрөө гадаадаас нөөшилсөн бүтээгдэхүүн зөөхөөр чинь ойлгомжтой биз дээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны албан ёсны цахим хуудаст байгаа мэдээллээс үзэхэд, хүнсний нийт импортын гуравны нэгийг буюу 31.4 хувийг үр тариа эзэлжээ. Харин 18 хувийг сахар, чихрийн зүйл эзэлдэг.  

Тэгвэл 9.1 хувийг гурилан бүтээгдэхүүн, 8.4 хувийг хүнсний ногоо, булцуут ба үндэс үрт хүнсний ургамал эзэлсэн байх юм. Нөөшилсөн бүтээгдэхүүн 3.5, жимс, жимсгэнэ 5.5, хуурай сүү, сүүн бүтээгдэхүүн 4.2 хувийг эзэлж. Энэ бол 2016 оны тоо баримт.  Ерөнхийдөө хэмжээ үүнээс нэг их зөрөхгүй.  Төр бодлого бариад, хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангахын төлөө ажиллавал хүнсний ногоо, нөөшилсөн жимс, ногоо, сүү, сүүн болон гурилан бүтээгдэхүүнийг гадаадаас авахгүй байх боломжтой.  Эх орондоо үйлдвэрлэе, таръя л даа. Одоо эх орондоо тарьж байгаа ногоо, жимс, үйлдвэрлэж байгаа гурилан бүтээгдэхүүн, чихэр, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, ижил төрлийн барааны импортын татварыг өсгөх бодлого дутагдаад байгаа юм. Тиймдээ ч импортлогч компаниудын сүлжээ дэлгүүрүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, хэд хоног, яаж ч тээвэрлэж ирсэн нь мэдэгдэхгүй элдэв хүнсний бүтээгдэхүүн зарсаар л.  2019 оны эхний долоон сарын байдлаар 74.9 мянган ам.долларын төмс, 1.8 сая ам.долларын сонгино, сармис, 91 мянган ам.долларын өргөст хэмх гаднаас авчээ.  Жимсний талаар яриад ч хэрэггүй. 6.3 саяар алим, лийр, 1.4 саяар гадил, 1.5 саяар жүржийн төрлийн жимс авсан байна. Нийтдээ 13.1 сая ам.доллароор жимс импортолсон. Энэ юу ч биш, 69 мянган ам.доллароор хиам, зайдас гаднаас авсан гээд бод доо.  

Монголд 100 гаруй хиамны үйлдвэр байдаг гэсэн тоо баримт бий. Энэ олон үйлдвэрийн хажуугаар 60, 70 мянган ам.доллароор хиам оруулж ирж байх ч гэж дээ. Хатуу чихэр таван сая ам.доллароор импортолсон тоо байна. Ахиад нэг цочирдмоор тоо хэлье. Монгол Улс 2019 оны эхний долоон сарын байдлаар 21.4 сая ам.доллараар талх, амтлаг гурилан бүтээгдэхүүн импортолж авчээ.  Манай хүнсний үйлдвэрүүд талх, гурилан бүтээгдэхүүнийг хэнээс ч дутахгүй хийнэ.  Тийм байхад бид гадаадаас 21 сая ам.доллароор талх, гурилан бүтээгдэхүүн зөөхөөсөө ичих хэрэгтэй шүү. Гэвч импортлогчид ичихгүй, хүнсний үйлдвэрүүдээс боломжийг нь хулгайлсаар байгаа. Үйлдвэрлэгчдийг дарлаж байгаа юм. Тиймээс бодлого боловсруулагчид Монголдоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижил гадаадын барааны импортын татварыг нэмээд өгөөч.  Хүнсний ногоо нөөшилж байгаа компаниуд гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхгүй болчихвол хүчин чадлаа нэмнэ, үйлдвэрээ өргөжүүлнэ, ажилчдынхаа тоог нэмнэ. Цаашлаад тариаланчидтай гэрээ байгуулж, их хэмжээгээр нарийн ногоо худалдаж авна. Ердөө л ганцхан салбарыг дэмжихэд үндэсний үйлдвэрлэл яаж нэмэгдэхийг төсөөлөх аргагүй. Гэтэл бодлого гаргагчид нь нүдэн балай, чихэн дүлий сууж, импортлогчид  сүлжээ дэлгүүрийнхээ тоог нэмж,  хиам, зайдас хүртэл гадаадаас авчирч зарж байхад үндэсний үйлдвэрлэл сэргэнэ гэж хүлээгээд нэмэр алга.