ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түүнийг Доналд Жр.Трамп гэдэг

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-08-30

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Доналд Трамп Жуниор саяхан манай улсад аялаад нутаг буцсан. Тэрбээр хувийн шугамаар хүүгийнхээ хамт Алтай Таван богдын Хүйтний оргилд авчирч,  загас барьж, ан хийгээд буцсан тухайгаа цахим хуудастаа бичсэн билээ. Түүний аялал Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын дараахан болсон ч, тэр энэ удаа зөвхөн амрах зорилгоор л Монгол орныг зорьж ирсэн юм. 

Тиймээс “Дэлхийн хүн” булангаараа Доналд Трамп Жуниор хувь хүнийхээ хувьд хэн болох, ямар боловсрол эзэмшсэн, ямар амьдрал туулж явааг  уншигчиддаа танилцуулахаар бэлтгэлээ. Тэр эдүгээ 41 настай, таван хүүхдийн эцэг. 1977 онд он солигдохын өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-нд тэрбумтан, АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү болон мэндэлжээ. Эцгийнхээ нэгэн адил шоу, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсны зэрэгцээ улс төрд ч идэвхтэй нэгэн. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр аавынхаа кампанитыг хариуцаж, арын албанд нь  зүтгэж байсан. Дараа нь Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлж байв. Түүнийг ихэвчлэн Дон хэмээн нэрлэх бөгөөд эцэг нь улс орныг удирдах явцад дүүгийнхээ хамт бизнесээ удирдаж яваа. Доны хөрөнгө 200 сая ам.доллараар тоологдох билээ. Тэр эдүгээ тэрбумтны гэр бүлд харьяалагдаж, элбэг хангалуун амьдарч байгаа ч, нөгөө талаар туйлын өрөвдөм нэгэн. Магадгүй уншигч та тэрбумтан юугаар дутагдав хэмээн гайхаж байж магад. 

Гэвч, тэр багаасаа л эцэгтээ хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх тэмцэлд хүлэгдсэн нэгэн байсан юм. Дон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын анхны эхнэр Ивана Трампаас төрсөн. Ивана Трамп чех бүсгүй бөгөөд Дон багаасаа эцэг, эхтэйгээ бус өвөөтэйгөө илүү ойр өсчээ.

Өвөөг нь Милос Зелнисек гэнэ. Тэрээр Чехийн нийслэл Прага хотоос холгүй зун бүр хоёр долоо хоногийн турш зээ хүүгээ дагуулан ан хийж, загалчилдаг байв. Энэ зуршил нь одоо ч жирийн хэвшил болон тогтжээ. Доналд Трамп Жр чех хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэр бүү хэл өөрийн хүүгээ өвөөгийнхөө нэрээр нэрлэсэн нь хүртэл  Милос Зелнисек гэх хүнийг хэчнээн их хайрлаж, хүндэлдэг байсныг нь илтгэх бизээ. Гэвч, нэг л өдөр өвөө нь зүрхний шигдээс өвчнөөр 63 насандаа өөд болж, удалгүй эцгээсээ өнчирч хоцорсон. Гэр бүл салалтын хор уршиг, дотны хүнээ алдах сэтгэлийн зовлонг хангалттай мэдрэх 13 насандаа өвөөгөө алдаж, удалгүй эцэг, эх нь салжээ. Тэр үед охин дүү Иванка Трамп нь есөн настай, Эрик Трамп зургаан настай байж.   

Тэрбээр Пеннсилванийн нэр хүнд­тэй “Hill” сургуулийг төгссөнийхөө дараа эцгийнхээ замналаар явах болжээ. Мөн Пеннсилванийн “Вартон” сургуулийг санхүү, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2001 онд коллеж төгссөнийхөө дараа Доналд эцэгтэйгээ хамтран ажиллах болсон байна.  Эдүгээ тэрбээр Трамп байгууллагын Худалдаа, хөгжүүлэлт хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэр Энэтхэг, Шотланд, Лас Вегас, Чикогод Трамп байгууллагаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт манлайлах үүрэгтэй оролцдог аж. 

Дон гэр ан ав хийдгээрээ Трампынхнаас ялгарах биз. Өвөөгөөсөө өвлөсөн энэ хобби нь тэдний хөршүүдийн ч тэвчээрийг бардаг гэдэг. Нью-Йорк дахь гэрийнх нь ойролцоо дайн болж байгаа юм шиг буун дуу гардаг хэмээн хөршүүд нь байнга шахам гомдол мэдүүлдэг гэнэ. Харин энэ зуршлаасаа Дон хэзээ ч ичиж байсангүй. 

Магадгүй түүний ангийн малгай нь амьдралаасаа түр завсарлага авахад тусладаг байсан ч байж мэднэ. Хүүгийнхээ мөрөөдөл, хичээл зүтгэлийг хэзээ ч ойлгож байгаагүй эцгээсээ ялгарах, өөрийгөө харуулахад ч тэр. 

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “TMZ” сайтад “Би ан авд дуртай нэгэн биш. Харин тэр ан хийх дуртай нь надад гэнэтийн мэдээ байсан” хэмээн ярьж байжээ. 

2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Д.Трамп том хүүгийнхээ сайн талыг олж харсан гэдэг. Тухайн үед эцгийнхээ арын албанд ажилласан гэдгийг дээр дурьдсан билээ. Тодруулбал, кампанитын үеэр Иова мужийн захирагч Трамптай хамт ан хийх урилга ирүүлэх үед “Дон, эцэст нь нэг юм чи миний төлөө ямар нэг зүйл хийх нь. Чи анд явж чадна шүү дээ” хэмээн хошигнож байсныг Трампын зөвлөх Сэм Нунберг хэвлэлд ярьж байсан удаатай. 

Яг үнэндээ эцгийнхээ хувьд хэн нэгэн байх Доны амьдралын тэмцлийн гол утга учир. Тэр Трампын гэр бүлд яг л ахлах ангийн сурагч шиг л байр суурь эзэлнэ. Гадаа гарч тайвшралыг мэдэрдэг шоовдор, ичимхий хүүхэд шиг. Үргэлж л аавынхаа хайр бахархлыг хүртэхийн төлөөх тэмцэл нь магадгүй түүнийг эцгээс нь улам алсруулдаг ч байж мэднэ. 

Д.Трампын зөвлөх асан “Миний бодлоор Дон эцэгтээ тоогдохын тулд бүхнийг хийдэг. Гэвч, бүх хүн Иванка Трампыг л ярьдаг. Энэ нь түүнд маш их дарамт учруулдаг. Дон түүний ууган хүү. Түүний нэрийн ард Трампын нэр бичигддэг. Тэр маш их үүрэг хариуцлага хүлээж, бизнестээ ч асар их зүйл хийдэг ч, эцгийнх нь зүрх сэтгэлд Иванка Трамп л онцгой байр суурь эзэлдэг” хэмээн ярьжээ. 

Эцэст нь, Доналд Жр Трамп загвар өмсөгч Ванессатай гэрлэж,  таван хүүхэдтэй болсон билээ. Гэвч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2018 онд тэд гэрлэлтээ цуцлуулсан юм. 

Асар их нэр алдар хийгээд хөрөнгө мөнгө, бүхнийг өөрийн гарт оруулж чадах ч нэг л зүйлийн төлөө чимээгүй тэмцэх нэгэн энэ ертөнцөд бишгүйдээ их. Тэдний нэг нь Доналд Трампын том хүү. Түүнийг Доналд Трамп Жуниор гэдэг.