ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орхон аймаг руу Дашинчилэн сумын замаар зорчихыг зөвлөж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-02

“Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа тул Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын хэсэг ажиллаж замын нөхцөл байдлыг газар дээр нь судлан үзэж, зохион байгуулалтын арга хэмжээг авчээ. 

Тухайлбал, Улаанбаатар- хот- Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуй нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуустал зохион байгуулахаар болжээ.  Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үүд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу Хонгор сумын 4-р бригадаар салдаг замаар тээвэрлэлт хийлгэхээр зохион байгуулсан байна. 

Түүнчлэн зам засварын ажил хийж байгаатай холбоотойгоор замын үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдал үүсч байгаа тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж урд яваа тээврийн хэрэгслээс 10 метрээс доошгүй зайтай зорчихыг тээвэрлэлт эхлэх бүр анхааруулж, зааварчилгаа өгөх юм байна.  Дээрх зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авснаар авто замын бодит нөхцөл байдлаас үүдсэн зам, тээврийн осол болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан хэллээ.