ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баярлалаа, Урнаа гавьяат аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-04

Токио хотноо болж өнгөрсөн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль энгэртээ зүүж, Монголын багийн нэр хүндийг хамгаалж үлдсэн хүн бол МУГТ М.Уранцэцэг. Тэр аргагүй ясны бөх гэдгээ харуулав. Багийн барилдааны үеэр ч өөрөөсөө есөн кг-аар илүү бөхтэй эн тэнцүүхэн барилдаан хийж, харамсалтайгаар ялагдлаа. Ерөөс монголчууд Түвшээ аваргаас, Урнаа гавьяатаас заавал медаль хүлээдэг муу зантай болжээ.

Тэд монголчуудын найдвар, итгэлийг хэзээ ч алддаггүй юм. Оролцсон тэмцээн бүрээсээ л медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлуулж байгаа. Дэлхийн дэвжээнд Монгол Улсын төрийн дууллыг нэг удаа эгшиглүүлж, дэд аваргын медалийг улсынхаа Ерөнхийлөгчөөс гардахдаа түрүүлж чадаагүйдээ харамсаж байсан гавьяат өнөө жил харин дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Ингэснээр дэлхийн аваргын гурван медалийг энгэртээ зүүлээ.

Одоо түүнд олимпын медаль л дутуу байна. Санаснаа биелүүлэх, хүссэн амжилтаа гаргах ч эр бяр, бэлтгэл байгаа гэдгээ энэ удаа ч дахин харуулж чадлаа. 48-хан кг жинтэй шавилхан бүсгүйн дотор ямархуу эр бяр, тэсвэр тэвчээр нуугдаж байдгийг бидэнд олон жил харуулжээ. Уран гоё барилдаан, даацтай далайцтай мэх, өрсөлдөгчөө өчиггүйхэн цэвэр ялчихаад дэвжээнээс бууж одох ихэмсэг төрхөнд нь монголчууд хэчнээн хайртай гэж санана.

Болдогсон бол түүнд Хөдөлмөрийн баатар цол олгохсон. Гуйж биш гуядаж авах амжилтыг тэр гаргачихсан юм шүү дээ. 48 кг-даа дархан бөх гэдгээ дэлхийд нотолж байна. Дэлхийн аваргын тэмцээн, “Их дуулга”-уудад гаргасан амжилтаараа жиндээ тэргүүлж байгаа. Хэчнээн ч олон жил Монголын шигшээ багийн нүүрийг тахалж барилдаж байгаа билээ дээ. Энэ мэтээр түүнд баатар цол авах амжилт, гавьяа олон бий. Ирэх жилийн олимпын наадмаар ч илүү ихийг харуулна даа хэмээн хүн бүхэн залбирч суугаа. Тэр ч найдлага алдахгүй нь тодорхой биз ээ. Тэр цагт олддоггүй цол бүхнийг гуядаад авна даа, гавьяат аа. Танд баярлалаа, бас бахархаж байна. Найдлага алддаггүй эрхэм бүсгүй таны мэх бүрийг, барилдаан бүхнийг үзэж, шимтэж суугаа олон хүн ингэж хэлэхийг хүсч байгаа шүү.