ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхи хэтрүүлэн хэрэглээд амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-04

Өсвөр насны, тэр дундаа хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүд хар тамхинд донтох, хэрэглэх тохиолдол Монгол Улсад цөөнгүй бүртгэгдэх болсон. Тэр ч байтугай олны танил дуучин, урлагийнхан ч энэ төрлийн хэрэгт холбогдож, ял эдэлж байсан удаа цөөнгүй.

Хар тамхи нь өндөр үнэтэй байдаг учраас наймаалагч этгээдүүд ч бэл бэнчинтэй айлын хүүхэд, залуусыг онилдог гэдгийг цагдаагийн албан хаагчид хэлж буй юм. Тухайлбал, одоогоос арав гаруй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 21-ны өдөр 03.00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, өсвөр насны буюу 15-17 насны зургаан эрэгтэй хүүхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байсныг албан хаагчид илрүүлж, шалгаж байсан билээ.

Тэгвэл энэ хэрэг явдлаас ердөө ес хоногийн дараа буюу өнгөрөгч наймдугаар сарын 30-нд мөн л залуу хосууд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж, амиа алдсан байсан аж.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт наймдугаар сарын 30-ны өдөр 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан баржээ. Хэргийн газраас цагдаагийн албан хаагчид эд мөрийн баримтаар тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авсан аж. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн өсвөр насны охид, хөвгүүд болон амьдрал зохиож амжаагүй залуус ихээр уруу татагдаж байгаа учраас эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгаа юм.