ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цогтбаатар: Тамхины наймаанд холбогдсон хүмүүс манай яам руу халдаж эхэлсэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ОХУ-ын Ерөнхий­лөг­чийн айлчлалын хү­рээнд манай улсын га­даад харил­цаа шинэ шатанд хүр­­лээ гэдгийг Ерөн­хий­лөгч мэдээлсэн. Ямар, ямар бодит ахиц дэвшил гарсан талаар яриагаа эхэлье? 

-Хоёр орны харилцаа шинэ шатанд хүрсэн ач холбогдол өндөртэй айлчлал байлаа. Хоёр орны хамгийн суурь хэлэлцээр болох 1993 онд байгуулсан “Найрсаг харил­цаа, хамтын ажил­лагааны хэлэл­цээр”-ийг шинэчилж, страте­гийн иж бүрэн хамтын ажил­ла­гаа­ны түвшинд хүрч байгааг хэлэлцээрт тус­гаж, хугацаагүй болголоо. ОХУ болон Монгол Улсын харил­цааны гол суурийг тавьж өгсөн эрх зүйн бааз нь энэ гэрээ юм. Тиймээс дандаа өөрчлөг­дөөд байхгүй. Харилцаа шинэ шатанд гарч байгаа учраас өөрчлөгдөж байгаа юм. Энэ гэрээг шинэчилснээр маш олон салбарт хамтарч ажиллах боломж нээгдэж байна. Энэ удаагийн айлчлалаар эдийн засгийн ач холбогдолтой хэд хэдэн гэрээ байгууллаа.

Тухайлбал, хоёр орны хооронд худалдаа ярихаараа дандаа бараа материалын худалдаа ярьдаг байсан. Тэгвэл орчин үед үйлчилгээний худалдаа маш том орон зайг эзэлдэг болчихсон. Айлчлалын хүрээнд хоёр орны шуудан холбооны байгууллагын хооронд энэ гэрээг байгууллаа. Ингэснээр электрон худалдааг хөгжүү­лэх хамгийн гол суурь тавигдаж байна гэсэн үг. Ялалт бүр Тусгаар тогтнолын үнэтэй байсан үед бид хамтраад явж байсан нь өнөөдрийн харилцааны суурийг тавьсан. Өнөөдөр хоёр орон ялалтын баяраа хамтран тэмдэглэж байгаа нь зүгээр нэг баяр тэмдэглэх төдий бус хамтын ялалтаа төрийн түвшинд, хоёр талын ард түмний түвшинд өнөөдрийг хүртэл үнэлсээр ирсэний илрэл юм. Энэ бүхэн хоёр орны харилцааны суурь, сэтгэхүйн орчныг харуулж байгаа юм. Суурь сэтгэхүйн орчин гэдэг нь хоёр хүний бие биедээ сайн хандах асуудал бус хоёр талын сая, сая иргэний цаанаасаа ундарч байгаа бие биенээ дэмжих сэтгэл. Энэ л хоёр орны харилцааны хамгийн гол суурь нь. 

-Гадаад худалдааны эргэлт 20 хувьтай байсан нь манай талд ашиг багатай байсныг айлчлалын үеэр онцолж байсан. Үүнийг сайжруулах талаар ямар бодит дэвшил гарсан бэ?

-Шуудан харилцаа холбоо гэх мэт хамтын ажиллагааны шинэ салбараар дэвшил гарна шүү дээ. Айлчлалаар ярьж байгаа зүйл нь юу вэ гэхээр бид худалдаагаа нэмэгдүүлмээр байна. Тиймээс ОХУ-ын Владивостокт Худалдааны төлөө­лөгчийн газраа нээж байна. Өөрийнхөө бараа бүтээгдэхүүний зах зээ­лийг баталгаажуулж авах гэж л нээж байгаа хэрэг. Айлч­лалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн хооронд яригдсан бас нэг чухал асуудал нь Монголын хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний импортыг /Манай улсын хувьд экспорт/ нэмэгдүүлэх талаар хоёр тал анхаарч ажиллах ёстой. Ялангуяа малыг эрүүлжүүлэх талаар хоёр улс уламжлалт тогтсон харилцаатай байгаа. Үүнийгээ цаашид илүү үр дүнтэй, өргөжүүлж явуулах ёстой юм. Яагаад гэвэл энэ нь эргээд манай экспортыг дэмжиж байгаа хэлбэр. Энэ бүгдийг дагаад нийт худалдаанд эзэлж байгаа манай талын экспортыг нэмэгдүүлнэ гэдгээ ОХУ-тай илэн далангүй ярьж байгаа. 

-Айлчлалын хүрээнд яригдсан гэрээ, хэлэл­цээрүүд үр дүнтэй байх талаар танай яам хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Гэрээ, хэлэлцээр бүхэн үр дүнтэй. Харин түүний хэрэгжилт 100 хувьд хүрч чадаж байна уу гэдэг нь асуудал. Үүнд анхаарч ажиллах ёстой. Хоёр талд хааяа хүнд суртлын механизмууд байна. Мэдээж удаашралтай, шийдэхэд амаргүй асуудлууд бий. Тухайлбал, хил нэвтрэхэд хүндрэлтэй асуудал байгааг ярьж байгаа. Бид найрсаг харилцаатай улс атал хоёр талын иргэд хил нэвтрэхэд хүндрэл багатай баймаар байна гэдгийг ярьж байгаа. Орос улс бүхэл бүтэн холбооны улс учраас шийдвэрүүд тийм амархан гарахгүй. Монголд зориулаад тусад нь шийдвэр гаргахгүй шүү дээ. Хоёр тал ойлголцолд хүрээд аль болох хөнгөлөх талаар ажиллаж байна. 

-Хилийн чанадад Монголын дипломатууд ман­сууруулах төрлийн бодис тээвэрлэсэн хэрэг гарсантай холбоотойгоор 60 орчим хүнийг шалгаж байгаа талаар та мэдээлсэн. Шалгалтын явцад хэрэг зөрчил илэрч байна уу?

-Өнгөрсөн жилийн арван­хоёрдугаар сард мансууруулах төрлийн бодис Европ руу оруулж байгаад баригдмагц бид ТЕГ-т Европын бүх элчин сайдын яамдыг шалгах хэрэгтэй байна гэсэн бичиг явуулсан. Ингээд ТЕГ холбогдох байгууллагуудтай ажилласан юм. Хар тамхины хэрэг гэдэг зүгээр нэг тохиолдлоор баригддаг асуудал биш. Дандаа тусгай мэдээллээр, тусгай бай­гуул­лагууд ажиллаж байж илрүүлдэг.  Хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө бид ТЕГ-т энэ талаар хамтарч ажиллая гэсэн бичиг хүргүүлсэн. Үүний үр дүнд асуудлыг илрүүлсэн гэж бодож байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард гарсан хэргийн шүүх хурал саяхан болсон. Үүнийг хэрэг нь саяхан гарсан мэтээр албаар мушгиж яриад байгаа юм. Тамхи зөөж байна гэх мэдээлэл 2008 оны үед гарч байсан юм. Энэ үед би нэр холбогдсон хүмүүсийг Төрийн нарийн бичгийн дарга байхдаа бүгдийг нь ажлаас хөөж гаргасан. Таван жилийн дараа ороод ирэхэд нөгөө хүмүүс буцаад ажилдаа орчихсон байсан. Би дахиад шийдвэр гаргаад  ажлаас нь чөлөөлсөн. Тэгтэл 60 орчим сэжигтэй, шалгах ёстой хүмүүсийн нэрс байж байгаа юм. Тэднийг бүгдийг нь цагдаагийн байгууллагад өгч, нэгбүрчлэн шалгуулаад явж байна.

-Шалгаж дууссан уу. Шалгалтын талаар танд ямар мэдээлэл өгч байна вэ?

-Шалгаж байгаа. 60 хүнийг нэгбүрчлэн шалгана гэдэг амар биш. Шалгагдаж байгаа хүмүүсийн нэрс дунд нэг ч удаа Европ руу яваагүй хүний нэр ч байгаа. Тэд үүнийхээ учрыг тайлбарлах ёстой. Тэдгээр 60 хүний нэрс дунд манай яамны ажилтаны Их Британид томилолттой ажиллаж байсан нөхөр нь эхнэртээ мэдэгдэлгүй, хулгайгаар дагалдаж явсан байгаа юм. Үүнээс болоод эхнэр нь гэр бүлээ салгуулсан юм билээ. Тэгэхээр өөрөө биш, нөхөр нь хулгайгаар тийм хэрэгт холбогдсон байхад тэр эмэгтэйг ажлаас нь хөөж болохгүй биз дээ. Энэ асуудлаас болоод хүн гэр бүлээсээ хүртэл салж байна шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй асуудалд ямар ч оролцоо байхгүй нь тодорхой харагдаж байхад түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй. Энэ мэт асуудал шалгагдаж байгаа хүмүүсийн дотор их бий. Бид хэргийг барих нөхцлийг бүрдүүлж хөтөлсөн болохоос биш асуудлыг шалгадаг газар нь биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Дахиж ийм асуудал гаргуулахгүйн тулд яамны зүгээс ямар бодлого баримталж байгаа вэ. Ер нь хэрэг гарахаас өмнө нь шалгалт явуулж байсан уу?

-Би 2008-2012 оны хооронд Төрийн нарийн бичгийн дарга байсан. Энэ үед мансууруулах төрлийн бодистой холбоотой асуудлыг зогсоогоод явсан. Үүнийгээ би бардам хэлнэ. 2008 оныг хүртэл бараг сар бүр иймэрхүү асуудал гарах гээд байсан юм. Намайг байхад ийм асуудалд холбогдсон дөрвөн хүнийг хөөж гаргасан. Түүнээс хойш одоог хүртэл тэр хүмүүс Гадаад яамны үндсэн дипломат кадр зүүгээгүй байгаа. Таван жилийн дараа буцаад ирэхээр дахиад хууль бус тээвэрлэлтийн асуудал гарч байна. Үүнийг дахиад зогсооно. Зогсоож болно гэж итгэж байгаа. 

-Тэгэхээр цаашид шал­гал­тыг тогтмол хийнэ гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Тодорхой хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа. Өмнө нь тамхины хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсийг бүгдийг нь шалгуулна. Тамхины гэхээр хүмүүс зөвхөн хар тамхи гэж ойлгоод байгаа юм. Хар тамхи биш. Гэхдээ л зөвтгөх зүйл байхгүй адилхан хууль бус зүйл хийсэн л бол хийсэн. Тэд цагдаад дуудагдаад л явж байгаа. 

-Шалгагдаж байгаа 60 хүнээс одоо танай яаманд ажиллаж байгаа хүн бий юу?

-Байгаа. Гэхдээ түүний дагуу яамнаас шууд арга хэмжээ авч болохгүй байгаа юм. Яагаад гэвэл Европ руу огт явж байгаагүй хүний нэр хүртэл байгаа. Эсвэл нөхөр нь өөрт нь мэдэгдэхгүй явсан зэрэг хүмүүс байгааг би хэллээ. Тэгэхээр ийм хүмүүст шууд арга хэмжээ авч болохгүй. Үүний учрыг нь олох газар манай яам биш учраас цагдаагийн байгууллагын шалгалтаар л шийдэгдэх байх. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлье. Өнөөдрийг хүртэл манай мэргэжлийн дипломат бие бүрэлдэхүүнээс хууль бус бодис зөөгөөгүй. 2016 онд нэг хүн зөөж байгаад баригдсан. Тэр нь тэтгэвэртээ гараад Гадаад харилцааны яамнаас аль эрт гарсан байсан юм билээ. Харамсалтай нь манай яамд нэгэн цагт ажиллаж байсан хүн байсан. Хоёр яам нэгдэхэд манай яаманд өөр яамнаас орж ирсэн хүн юм билээ. 

-Их хэмжээний мансуу­руулах бодис тээвэрлэж яваад баригдсан хүмүүс дипломат дугаартай машин­тай байсан гэсэн. Албан ёсны дипломат хүн л ийм дугаартай машин унана биз дээ?

-Машин нь дипломат дугаартай байсан бол тухайн машинд бүртгэлтэй хүмүүсийг  бүгдийг нь шалгах ёстой. Үүнийг үүрэг бүхий тусгай байгууллага нь шалгана. Тамхины наймаанд оролцож байсан хүмүүс эргээд манай яам руу халдаж эхлээд байгаа. Жишээлбэл, Монгол Улсыг гадны тагнуулын байгууллагаар шалгуулж байна гэх мэт эсэргүүцлийг илэрхийлж байгаа. Гадны тагнуулын байгууллагуудыг дотоодын тусгай байгууллагатай холбож эхэлсэн нь үнэн. Тэгэх ч болно. Яагаад гэвэл гадаадад гарч байгаа хэргийг Монголын хууль хүчний байгууллага шийдэхгүй шүү дээ. Гадны байгууллагуудтай хамтарч ажиллахгүй бол хар тамхины наймаачдад дахин, дахин доромжлуулна. Хар тамхины хэрэгтэй олон улс хамтарч тэмцэж байгаа. Хамгийн хүчтэй орон ч дангаараа дийлэхгүй байна. 

-Та яамандаа буцаж ирээд хэд хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж байна. Хэчнээн хүн халсан бэ?

-Нэлээд хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гадаадад сууж байсан Элчин сайдын төлөөлөгчийн газрыг удирдаж байсан хүмүүсийг буцаан татлаа. Цаашид үүгээр зогсохгүй ийм асуудал гаргасан хүмүүсийг хаана ч гишгэх газаргүй болгоно. Шалгалтын системийг маш нарийн болгоно. Биднийг юу хийж байгааг мэдэх гэж оролдож байгаа хүмүүс бол наймаачид. Гадны тагнуулын байгууллагатай ажиллаж эхлэхэд сандарч байгаа хүмүүс гэмтэй байна л гэсэн үг. Тэднийг улам сандаргах болно.