ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Мөнх-Эрдэнэ: Ашиглахыг хориглосон 234 орон сууц байна

O.Admin
2019-09-05

Барилга байгууламжийг паспортжуулах, дахин барилгажуулах талаар Хот байгуулалт хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. 

-Барилгыг паспортжуулах аж­лыг танай байгууллагаас зохион бай­гуулж байгаа гэсэн. Энэ нь стан­дартад нийцсэн барилгад олгодог тусгай эрхийн бичиг юм уу?
-Тэгж ойлгож болно. Аливаа барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бөх байдалд мэргэжлийн дүгнэлт гаргахыг барилгыг паспортжуулах гээд байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 оноос өмнө баригдсан барилга 1937 байдгийн 1413 нь орон сууцны, 524 нь олон нийтийн барилга байдаг. Өнөөдрийн байдлаар 658 барилгад газар хөдлөлтийн эрсдлийн дүгнэлтийг гаргасан. Тус барилгуудыг ангилж үзэхэд паспортжуулах шаардлагатай 784 барилга, паспортжуулсан 629 барилга байгаа. Эдгээрийн 182 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 354 нь газар хөдлөлтийн ая даахгүй гэж дүгнээд байгаа юм. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын 234-ийг нь хэрэглэхийг хориглосон. Төрийн өмчийн болон олон нийтийн байгууламж 524 байгаагаас дүгнэлт гаргах шаард­лага­тай 465, паспорт­жуул­сан 56 барилга байна. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 18, тэсвэргүй 33 барилга бий. 2019 оны байдлаар Улсын төсөвт хөрөнгө суулгаж олон нийтийн 76 барилгад шалгалт хийх ажил үргэлжилж байна. Газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээгээр барилгыг паспортжуулах ажлыг иргэд болон байгууллагын хүсэлтийн дагуу газар дээр нь үзлэг шалгалт хийж, иж бүрэн судалгааг гаргадаг. Ингээд улсын байцаагчийн дүгнэлт гарч, ашиглахыг хориглосон барилгыг Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсээс дахин төлөвлөх ажлыг хэрэгжүүлдэг юм.

-Ашиглалтын шаардлага хангах­гүй байгаа барилгыг дахин төлөв­лөлт хийдэг гэж байна. Нураагаад дахин барина гэсэн үг?
-2011 онд Орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц гэдэг ойлголт шинээр бий болсон юм. Ингээд 2014 оноос шаардлага хангахгүй барилгыг буулгах журмыг баталсны дагуу эдгээр барилгуудыг дахин төлөвлөлтөд оруулж, буулгах ажлыг хийж эхэлсэн. 2015 онд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гэж батлагдсан юм. Одоогийн байдлаар 234 барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гээд ашиглахыг хориглосон. Шаардлага хангахгүй байгаа орон сууцны оршин суугчдын дунд танай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулах уу гэдэг санал асуулга явуулдаг. Одоогийн байдлаар 162 орон сууцны оршин суугчид дахин барилгажуулах ажлыг дэмжээд, Нийслэлийн Засаг даргын захирамж гараад ажиллаж байна. Эдгээр 162 барилгын 64-д нь төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгарч, дахин барилгажуулах үйл ажиллагаа явж байна. Тухайлбал, нэхмэлийн шар барилгууд, төмөр замын хойд талын барилга, БЗД-ийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг барилгуудад дахин барилгажуулалт хийж байна. Одоогийн байдлаар 27 орон сууцыг буулгаж, 931 айлын есөн орон сууцыг шинээр ашиглалтад орууллаа. Үүний цаана дахиад 35 багцын 84 орон сууцад төсөл хэрэгжүүлч шалгаруулах шаардлагатай байгаа.

-Төсөл хэрэгжүүлэгчийг хэрхэн шалгаруулдаг юм бэ. Санхүүжилтийг нь хаанаас гаргадаг юм бол?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээ­ний хороо гэж бий. Эндээс хоёр сар тутам төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулдаг. Иргэд сонгон шалгаруулалтыг  тендертэй андуураад байдаг. Энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил учраас нийслэлээс ямар нэг хөрөнгө оруулалт хийдэггүй. Барилгыг буулгаад шинээр барих ажлыг цэвэр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийдэг гэсэн үг.  Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг нь шугам сүлжээний ажил. Бусад бүх зардлыг бүгдийг нь  төсөв хэрэгжүүлэгчээс гаргадаг. Тухайн орон сууцны иргэдийг түр амьдруулах байрны зардлыг мөн төсөл хэрэгжүүлэгч гаргана. 

-Бүх зардлыг өөрөөсөө гаргадаг юм бол төсөл хэрэгжүүлэгч компанид ямар ашигтай байдаг юм бол?
-Нээлттэй сонгон шалга­руулалтад сонирхсон ком­паниуд саналаа ирүүлдэг. Тухайн компани өөртөө ашигтай байлгахын тулд орон сууцны хүчин чадлыг нэмэгдүүлж барьдаг гэсэн үг. Тухайлбал хоёр давхар барилгыг таван давхар болгож бариад, ашгаа хүртдэг. 

-Ашиглахыг хориглосон 234 барилга байгаа гэлээ. Энд Байгалийн түүхийн музей орж байгаа юу. Эдгээр барилгуудыг нураагаад дахин барина гэж ойлголоо?
-Ашиглахыг хориглосон 234 барилга бол зөвхөн орон сууцны барилгад гарсан тоо юм. Тэгэхээр Байгалийн түүхийн музей орохгүй.

-Паспортжуулснаар ямар давуу талтай вэ?
-Нэгдүгээрт, барилгын чанар, аюулгүй байдал хангагдаж байна. Хоёрдугаарт, тухайн орон сууцыг дулаалах механизм бүрдэнэ.  Гуравдугаарт, дахин төлөвлөх механизм бүрдэх юм.  

С.ПҮРЭВДУЛАМ