ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажил энэ сарын 17-д эхэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-05

Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн "Өрсөлдөөнд манлайлъя" уриатайгаар ес дэх жилдээ өнөөдөр болж байна. Тэгвэл энэхүү чуулга уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар гэдэг бүс нутгийн хамтын ажиллагааны үндсэн дээр үнэ цэн, өртөг бий болдог. Нүүрсний салбар өөрөө массын үйлдвэр. Хэдэн зуун галт тэрэг, машин урагшаа болон зүүн тийшээ явж байж манай татварын орлогыг нэмж,  төсвийг бүрдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой, онцгой салбар. Төсвийн орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэдгийг нь бодсон ч нүүрсний салбар том. Экспортын орлогод ч чухал үүрэг гүйцэтгэж байгаа салбар учраас төрөөс Засгийн газраас онцгой анхаарч байна. 

Тавантолгойгоос бусад чиглэлийн төмөр замыг барих бүх шийдвэрүүд бүрэн гарсан. Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил энэ сарын 17-ны өдөр эхэлнэ. Хоёр жилийн хугацаанд барьж дуусгана. Зүүнбаян чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг аравдугаар сарын 1-ээс эхэлнэ. Бас л хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Бидэнд бүрэн боломж бий. Санхүүгийн маш олон боломж, бололцоо байгаа. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 1.3 тэрбум ам.доллараар барих тооцоо гаргасан. 

Дотоодын аж ахуйн нэгжүүд, ЗХЖШ-ын ажиллах хүчийг ажилд оролцуулаад явбал эхний гаргасан ТЭЗҮ-д тусгасан үнээс бага зэрэг татуу болно. Бид хэмнэх газраа хэмнэж, гаргах газраа гаргаж, аль болох зардлаа багасгаж төмөр замаа барих ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ технологи гэж бий. Технологийнхоо дагуу л ажиллана. Тиймдээ ч хөрөнгө гаргах ёстой газраа гаргана гээд байгаа юм” хэмээлээ.