ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

yomiuri: Монголын төлөөх БНХАУ, ОХУ болон ЯПОН, АНУ-ын тэмцэл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-06

-В.Путины таван жилийн дараах айлчлал-

 

Японы өдөр тутмын “yomiuri” сонинд манай улсын талаарх дараах нийтлэл гарчээ. Тус нийтлэлийг уншигчиддаа орчуулан хүргэж байна. 

Эртнээс нааш төвийг сахисан гадаад бодлого баримталж ирсэн Монгол Улсыг өөрийн талд татахыг эрэлхийлэх БНХАУ, ОХУ болон Япон, АНУ-ын тэмцэл ширүүсч эхэллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-нд таван жилийн дараа Монголд дахин айлчилж, тус улстай түүхэн харилцаатай гэдгээ тодотгов. Тодруулбал, тэрбээр нийслэл Улаанбаатар хотноо зохион байгууласан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярт уригдан оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн уулзалтынхаа үеэр В.Путин ЗХУ-ын үеэс өнөөдрийг хүртэлх түүхт найрамдалт харилцаагаа дурьдаж, “Олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь болж байна” хэмээжээ. 

Улмаар төрийн тэргүүнүүд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурав. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын харилцаа шинэ шатанд хүрснийг онцолсон юм. ОХУ Монголд БНХАУ-ын үүсгэн байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны гишүүн болохыг уриалж буй. 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох асуудалд нааштай байр суурьтай байдаг. Гэвч, гадаад харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн болгоомжилж буй. 

ОХУ, БНХАУ-тай хиллэх Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элсвэл эдийн засагт нь эерэг нөлөө авчрах магадлалтай.  1990 онд Монгол Улс Ардчилсан тогтолцоонд шилжсэн бөгөөд хөрш орнуудтай харилцахын зэрэгцээ гуравдагч хөрш Япон, АНУ гэх улсуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилгоор төвийг сахисан гадаад бодлогыг баримталж ирсэн юм. 

Төвийг сахисан Монгол Улс БНХАУ-тай хэрхэн харилцаж буйг АНУ ч ихэд анхаарч байна. 

Өнгөрөгч наймдугаар сарын эхээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Т.Эспэр Монголд айлчилсан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сард АНУ-д айлчилж, Эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдсэн билээ. Японы Гадаад хэргийн сайд Коно ч мөн зургадугаар сард Монголд айлчилсан бөгөөд энэ үеэр Энэтхэгийн далай, номхон далайн бүс нутгийн үзэл баримтлалд дэмжлэг авах талаар шийдэлд хүрсэн юм. 

Монгол Улсын гадаад бодлого зөвхөн БНХАУ, ОХУ-аар хязгаарлагдах бус, Япон, АНУ-тай ч дээд төвшинд идэвхтэй харилцаж байгаа. Гэсэн ч, улс орноо хөгжүүлэхийн тулд гол жолоогоо хөрш зэргэлдээх том гүрнүүдэд алдаж болохгүй гэх бодлого бий тул тус улс БНХАУ, ОХУ-ын талд тийм ч амархан хөрвөхгүй л болов уу.  

-Халхын голын дайны талаарх товч тайлбар: 1939 оны тавдугаар сарын 9-нд  Манжуур, Монгол Улсын хилийн зурваст болсон. Манжуурт байрлаж байсан японы Канто арми болон Монголын ар тал болж байсан ЗХУын арми хооронд гол тулаан болж , ЗХУ цэрэг болон зэвсэгийн хүчээр давуу байсны улмаас Японы тал илт хохирол амсч ялагдал хүлээсэн. Монголчууд энэ явдлыг тухайн газарт байдаг голын нэрээр буюу “Халх голын дайн” хэмээн нэрийддэг.