ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: Төмөр замын ажилд хөрөнгө босгоход санаа зовохгүй байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-06

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас уул уурхайн салбарын зарим асуудлыг тодрууллаа. 

-Хөрөнгө оруулагчдын зүгээс нүүрсний салбарын бодлого тодорхой биш гэдэг. Цаашид төр ямар бодлого барих вэ. Тусгай зөвшөөрөл ихээр цуцалж байгаа нь мөн сөрөг мессеж болж байгаа? 

-Мэдээллийг зөв, тодорхой тараах ёстой. Сүүлийн үед тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор сайн муу хоёр талтай асуудал олон нийтэд хүрч байна.  Бид тухайн орон нутгийн дүгнэлтийг үндэслэж,  Байгаль орчны яамны цуцлах дүгнэлтийг УУХҮ-ийн яамны  харьяа Ашигт малтмалын Ерөнхий газарт явуулдаг. Үүнийг үндэслэн бид тусгай зөвшөөрлийг цуцалдаг болохоос биш  манай яамнаас шууд очоод цуцлах эрхгүй. Ялангуяа орон нутгийн дүгнэлтийг бид сайтар судлах ёстой. Алт, нүүрстэй холбоотой 23 тусгай зөвшөөрөл бий.  Бид  байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах ёстой. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэр­лэлээ дэмжих ч ёстой. Тиймээс тэнцвэртэй байдлаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. Тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн орон нутгийн саналыг үндэслэн, хайгуулын илэрцтэй, ирээдүйд боломжтой гэсэн  компаниудаа хууль дүрмийн хүрээнд сонгон шалгаруулдаг.  Ард иргэд, ТББ-ын зүгээс олон санал гомдол ирсэн л дээ.

Жишээ нь, Ерөнхий сайдад л гэхэд 210, надад 50-60 орчим гомдол ирсэн. Гэхдээ би хоёр талтай харж байгаа. Өнөөдөр баялаг бүтээгчид  гэж байнга ярьдаг. Баялаг бүтээж буй төрийн байгууллага ч байна, хувийн хэвшлийнх ч байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ хамгаалах ёстой. Ингэхийн тулд хамгаалах системийг бий болгох ёстой гэж хардаг. Аж ахуйн нэгжүүдээ хамгаалж байж нэмүү  өртөг шингээсэн ,  дотооддоо үлдэх хөрөнгө мөнгөө хамгаалж байна гэсэн үг.  Аж ахуйн нэгжүүд ч хүлээсэн үүрэг, чиглэлийн хүрээнд тусгай зөвшөөрлөө эзэмшээд,  ТЭЗҮ-ээ боловсруулж, гадаад  дотоодын банк санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авсан ч бай, үүгээрээ ажлын байр бий болгож, хөрөнгө оруулагч татах гэх мэт маш олон эрсдлүүдийг хүлээж байгаа. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжүүддээ ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх, хариуцлагатайг  нь бодлогоор  дэмжиж гаргана. Уул уурхайн салбарт орон нутаг нь шаардлага тавьж, шаардлага нь шантааж  болдог. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд сөрөг  нөлөө үзүүлдэг зүйл маш их  байгаа. Эдгээрийг арилгахын тулд Эрдэс баялгийн тухай багц хуулийг өнгөрсөн тавдугаар сард  оруулсан. Хуулиараа салбараа хамгаална. 

-Төмөр замыг хоёр жилийн дотор ашиглалтад оруулна гэсэн. Таны харж буйгаар хөрөнгө оруулалт,  хууль эрхзүйн боломж, бололцоо  бүрдсэн гэж бодож байна уу? 

-Боломжтой. Бүх шийдвэрүүд гарчихсан. Ялангуяа Гашуунсухайтын төмөр зам есдүгээр сарын 15-наас бүрэн эхэлнэ. Хангимандалын төмөр зам аравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Гашуунсухайтын төмөр замыг бид хоёр жилийн хугацаанд тавьж дуусна гэсэн хатуу төлөвлөгөөтэй байгаа. Өөрийн эх үүсвэрээр, мөн  төслийн санхүүжилт, нүүрсээ борлуулах гэх зэргээр олон санхүүгийн эх үүсвэр бидэнд бий. Төмөр замын ажилд хөрөнгө босгоход  санаа зовохгүй байна.

-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг хэчнээн төгрөгийн өртгөөр барих вэ?

-“Айком” гэдэг олон улсын компанийн гаргасан 2012 оны ТЭЗҮ бий. Үүнд нэг тэрбум 76 орчим сая доллар гэж тогтоосон. Бидний гаргасан тооцооллоор Зүүнбаянгийн төмөр замыг 1.3 тэрбум доллар гэж тооцоолсон юм. Гэхдээ дотоодын аж ахуйн нэгжүүд, ЗХЖШ-ын бие бүрэлдхүүнийг оруулахад суурь эдийн засгийн тооцоонд  хэмнэлтүүд  гарч байгаа юм. Тэгэхээр бид аль болох хэмнэх үедээ хэмнэж, гаргах үедээ гаргах маягаар зардлаа багасгаж, төмөр замыг барих ёстой гэдэг байр суурьтай байна.  Энэ нь чухал  технологи учраас горимыг нь ерөөсөө алдагдуулж болохгүй. 

-Гашуунсухайтын төмөр замд 800 сая долларын асуудал яригдаж байсан шүү дээ?

-Угаасаа ТЭЗҮ нь нэг тэрбум 76  сая байгаагаас, өмнө нь төмөр замын суурь бүтэц , далан хийц гээд 208 км замд ажил хийгдээд явчихсан. Үүн дээр 276  орчим сая төгрөгийн аудит орж, дүгнэлт нь гарчихсан. Яг дутагдаж байгаа нь 800 гаруй сая ам.долларын санхүүгийн эх үүсвэр байгаа. 

-Өнөөдрийн уулзалтад гадны хөрөнгө оруулагчид ямар санал санаачилга дэвшүүлж байна вэ? 

-Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид төрийн бодлого шийдвэр тогтвортой байхыг нэн тэргүүнд тавьдаг. Үүнтэй уялдаад эдийн засаг нь өөрөө тогтвортой болдог. Төрийн тогтвортой байдал гэдэг нь гэрээ хийсэн бол гэрээгээрээ л байх ёстой. Монголын төр гэрээгээ хийсэн бол зөрчиж болохгүй. 

-Энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан шүү дээ. Одоо гүйцэтгэл нь  ямар байгаа вэ?

-Олборлосон  нүүрс нь 26.9 сая тонн, борлуулж экспортод гаргасан нь 21.5 орчим сая тонн болж байгаа юм. Тэгэхээр  хувьдаа хүрчихсэн байгаа. 

-Уул уурхайн орлогыг гурван их наяд хүргэх зорилт тавьсан. Өндөр биш үү?

-Төлөвлөгөө л бол төлөвлөгөө шүү дээ. Төлөвлөгөөг дорвитой тавьж байж,  түүндээ хүрэхийн тулд бүх хүчээ дайчилж ажиллах ёстой. 

-Орос , хятад зэрэг томоохон өрсөлдөгч орнууд  байгаа шүү дээ?

-Байршлын давуу тал шүү дээ. ОХУ, БНХАУ ямар байхаас илүүтэй, дотооддоо эв нэгдэлтэй, зохион байгуулалтад орж чадвал ямар ч өрсөлдөгчийг давах боломжтой гэж харж байна. 

-Нүүрсний олон улсын үнэ ханш  цаашид тогтвортой байж чадах уу?

-2020 онд нүүрсний прогноз нилээн тогтвортой байхаар төсөөлөгдөж байгаа. Гурван жилээс цаадахыг харах боломжгүй.