ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлд суурилуулсан камеруудын 39.2 хувь нь шаардлага хангахгүй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар  “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”-ыг хэлэлцсэн байна. 

Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөнд хяналт тавих, тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэх чиглэлээр нийслэлд 2010, аймгуудад 2012 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээлээр улсын хэмжээнд нийт 3569 хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналттай системийг суурилуулсан байна. Дээрх суурилуулсан хяналтын камеруудаас 78.4 хувь нь хэвийн, 32.1 хувь нь цахилгаан тэжээлийн найдваргүй холболттой, тоног төхөөрөмжийн эвдрэлтэй, 7.1 хувь нь дүрсний чанар шаардлага хангахгүй байгаа юм.

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Нийслэлийн нутаг дэвсгэр 4704.4 кмкв талбайтай. Нийслэлд суурилуулсан 2065 камер бүрэн ажиллахад суурьшлын бүсийн 20 хувь орчмыг хянах боломжтой. Иймд шинээр суурилуулах камеруудыг хяналттай, зөв зохион байгуулалттай хийх нь чухал асуудал болоод байна. Теле хяналтын нэгдсэн бүртгэлийн загварыг үүсгэж, орон зайн мэдээллийн санд суурилсан мэдээллийн санг зохион байгуулах, хяналтын камер бүр өөрийн кодлох дүрмийн дагуу кодтой байна. 

Мэдээллийн санг орон зайн мэдээллийн санд суурилуулан хийснээр камерын гэмтэл, холболтын төрөл, хүчин чадал, үзүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн хянах боломжтой болно. Түүнчлэн хяналтын камерын бүртгэлд хандах эрх бүхий байгууллагуудад хэрэглэгчийн эрх нээж өгснөөр өгөгдөл, мэдээлэл солилцох, шийдвэр гаралтад үзүүлэх хэрэгсэл болох юм” хэмээн танилцууллаа.

Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагуудын камерын нэгдсэн системийг хөтлөх, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна. Мөн удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлж, камерын мэдээллийн давхардлыг арилган, хамтын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ. Нутгийн захиргааны байгууллагууд цаашид теле хяналтын камерын суурилуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу хяналтын камеруудыг суурилуулж, гэмт хэрэг гаралтыг бууруулах нөхцөл боломжийг бүрдүүлэн иргэдийн амар тайван амьдрах нөхцлийн бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх аж.