ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Беларус экспортын зээлийн хэлэлцээрээ яаравчлахыг сануулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-09

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 2-ноос 5-ны хооронд Бүгд найрамдах Беларус улсад айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан “Шинэлэг арга хэрэгсэл, технологи ашиглан терроризмтой тэмцэх нь” сэдэвт олон улсын өндөр төвшний бага хуралд оролцсон юм. Энэ үеэр тэрбээр Беларусын Гадаад хэргийн сайд Владимир Макейтай уулзсан байна. Тэгвэл уулзалтын үеэр Беларусын сайд экспортын зээлийн хэлэлцээрээ яаравчлахыг сануулсныг тус улсын хэвлэлд мэдээлжээ. 

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Владимир Макей манай улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй уулзалт хийх үеэрээ Бларус улс Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улс даруй батална гэсэн хүлээлттэй байгааг онцолсон байв. “eng.belta.by” мэдээллийн сайтад “Гадаад харилцааны сайд Владимир Макей, Б.Батцэцэг нар Бларус, Монголын өнөөгийн харилцаа, хэтийн хөгжлийн төлөв хийгээд Бларус Монголын гадаад харилцааны дэд сайд нарын улс төрийн зөвлөлдөх дөрөвдүгээр уулзалтын үр дүнгийн талаар ярилцав. Энэ үеэр В.Макей хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа хурдацтай хөгжиж байгааг дурьдав. Улмаар Монголын тал экспортын зээлийн Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг ойрын хугацаанд батална гэж найдаж буйгаа онцолжээ. Тус хэлэлцээр батлагдсанаар Беларуст үйлдвэрлэсэн машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол руу экспортлох боломжтой болох юм. 

Түүнчлэн, талууд Беларус дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын төвшинг ахиулах нь хоёр улсын хоорондын улс төрийн яриа хэлэлцээрийг өндөр төвшинд эхлүүлэх чухал түлхэц болохоос гадна эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх түлхэц болно гэдэгт санал нэгдсэн байна” хэмээн мэдээлжээ. 

“Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд БНБУ-ын Засгийн газар манай улсад 50 сая еврогийн санхүүжилт олгох юм байна. Энэ зээлийн жилийн хүү нь 0.78 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь хоёр жил байх аж. Улмаар хэлэлцээр батлагдвал нэг тэргүүнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Беларусын хувьд манай улсыг техник, тоног төхөөрөмж нийлүүлэх зах зээл хэмээн харж,  экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг яаравчлуулах сонирхлоо ийн илэрхийлсэн байна. 

spglobal.com: Нүүрсний экспортод тээвэрлэлт бэрхшээл учруулж байна

Сингапурын мэдээллийн сайтад ес дэх удаагийн “Coal Mongolia-2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтын талаарх мэдээлэл гарчээ. Үүнд “Монголын коксжих нүүрсний экспорт экспортын орлогын салшгүй хэсэг хэвээр байгаа бөгөөд бусад нүүрс үйлдвэрлэгч орнуудтай өрсөлдөхийн тулд тээвэрлэлтийн асууд­лаа шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах шаард­лагатай байгааг уул уурхайн компаниудын удирдах албан тушаалтнууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ес дэх удаагийн олон улсын чуулга уулзалтын үеэр онцоллоо. 
Монголын Уул, уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар “Манай улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг учраас Засгийн газар нүүрсний салбарыг бүрэн дэмжинэ” гэв. 

Нүүрс нь Монголын эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг төдийгүй тус улсын экспортын орлогын гуравны нэгийг хангадаг аж. Монголын Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Сүү­лийн жилүүдэд БНХАУ руу экспортлох коксжих нүүрсний экспорт эрс нэмэгдсэн. Энэ бол эдийн засагт маш их нөлөө үзүүлдэг салбар. Монгол Улсын нүүрсний экспорт жилээс жилд нэмэгдэж байгаа ч, дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүссээр байна” гэж хэллээ. Тэрбээр үүгээрээ ОХУ, БНХАУ, Индонезийг дурьдсан хэрэг. 

Ялангуяа БНХАУ эрчим хүчний хэмнэлтийн бодлогод шилжиж буй тул Монгол цаашид тооноос илүү чанарт шилжих зайлшгүй шаард­лага бий болсон гэд­гийг Ж.Золжаргал дурьдав. Үүнээс гадна, ложистик, тээвэр Монголын нүүрсний экспортын гол бэрхшээл болж буйг чуулганд оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, Хятадын нүүрс тээвэрлэлт, түгээлтийн ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жонмин “Ложистик, тээврийн асуудал гол бэрхшээл болж байна” хэмээн онцолжээ. 

Монголын нүүрс хойд Хятадын эцсийн хэрэг­лэг­чид­дээ очихын тулд 4-5 шат дамж­лага дамждаг. Коксжих нүүрсний уурхайгаас Монгол, Хятадын -Ганц мод” боомт хүртэл 240-250 км зайтай гэнэ. Хэдий ийм байгаа ч, тээвэрлэлтийг сайжруулах чиглэлээр албаныхан шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос “Ганц мод” боомт хүртэл төмөр замаар холбохоор ажиллаж буй бөгөөд бүтээн байгуулалтыг  2021 онд дуусгахаар төлөвлөжээ. Мөн Транс-Монголын төмөр замыг 2020 онд жилд 34 сая тонн нүүрс экспортлох хүчин чадал­тай болгохоор өргөтгөж байна. 

Монгол бараг бүх коксжих нүүрсээ  БНХАУ руу экспор­тол­дог бөгөөд 2018 онд 64.2 сая тонныг экспортолжээ. Энэ нь нүүрсний экспортынх нь 43 хувийг эзэлж байна” хэмээжээ.