ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Гантулга: Иргэд “Сайн” картаа хороогоор дамжуулан үнэгүй авч эхэлсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-10

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэд түүхий нүүрсийг халж, шахмал түлш хэрэглэх шийдвэрийг Засгийн газраас  гаргасан.  Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулсан аж. Тэгвэл иргэдэд шахмал түлш худалдаж авах “Сайн” картыг хэрхэн тараах талаар  НИТХ-ын төлөөлөгч,  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулгаас тодрууллаа. 

-Сайжруулсан түлшний “Сайн” картыг иргэдэд хэзээнээс тарааж эхлэх вэ?

-“Сайн” карт нь сайжруулсан шахмал түлшийг борлуулах, түүнийг хянах зорилготой. Нийтдээ 210 орчим мянган карт хэвлүүлсэн бөгөөд өчигдрөөс НЗДТГ, дүүргийн тамгын газар,  хороо,  хэсгээр тараах ажил эхэллээ. Өмнө нь нийслэлийн айл өрх 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг байсан бол одоо 600 гаруй мянган тонн сайжруулсан түлш түлэх тооцоо гарсан. Үүнийг айл бүрт жигд хуваарилснаар картын хяналтын системийг бий болгох, хэрэглээгээ хянах боломж нээгдэж байгаа юм. Нөгөө талаас гэрээт борлуулагчаас  бэлэн мөнгөөр авахгүй гэсэн үг. 

-Хэвлэж гаргасан картууд айл бүрт хүрэлцээтэй юу. Үнэгүй тараах уу?

-Айл өрх бүрийг  энэ картанд хамруулна. Картгүй бол түлш авах боломжгүй юм. Картыг хороо,  хэсгээр тараахаас гадна, иргэд  өөрсдөө очиж авч болно. Айл бүр өөрсдийн кодтой гэсэн үг  шүү дээ. Өөрөөр  хэлбэл тухайн дүүрэг, хороо, гудамжны айлууд хаалганы бүртгэлээр тус тусдаа кодтой байна. Тэгэхээр  хэрэглэгчийн код давтагдахгүй гэж ойлгох хэрэгтэй. Ингээд дүүрэг хорооны сайжруулсан түлш борлуулах цэгүүдээр борлуулах юм. Ерөөсөө  л усны карт шиг гэсэн үг. Эхний ээлжинд үнэгүй тараана. Харин алдсан тохиолдолд дахин авахдаа картын зардлаа төлөөд авна. Иргэд тухайн харьяалагдах цэгээсээ түлшээ авна.

-Борлуулагчид бэлэн мөнгөөр зарахгүй гэх баталгаа бий юу. Хяналтыг хэрхэн тавих вэ. Шахмал түлшийг зарим цэгт үнэ нэмж зардаг гэдгийг зарим иргэд хэлж байгаа?

-Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх, айл өрхүүдэд түгээх,  борлуулагчаар дамжуулж борлуулах, гэрээ байгуулах,  сургалт хийх,  карт унших машиныг хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглах заавар, түлшээ яаж хэрэглэх гэх мэт олон ажил зохион байгуулсан. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх том ажил учир, цоо шинэ зүйл л дээ. Хаа хаанаа хяналт хийх шаардлагатай. Нэг гэрээт борлуулагч дунджаар 400 гаруй айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж ажиллах юм. Үнийн хувьд нэг тонн нь 150 мянган төгрөгөөр тогтоож өгсөн. Ямар нэгэн шат дамжлагагүй, тогтоосон үнээ барьж үнийн хөөрөгдөлд орохгүй, хиймэл хомсдолд оруулахгүйн тулд бүх хяналтын систем хийгдэнэ. 

-Шахмал түлш түүхий нүүрс шиг илчтэй байж чадахгүй байгаа талаар өнгөрсөн хавар зарим иргэд ярьж байсан. Энэ өвөл хүйтэн байна гэдгийг цаг уурын газраас хэлж байгаа шүү дээ. Үнэхээр түүхий нүүрс шиг илчтэй байж чадах эсэхэд иргэд одоо ч эргэлзэж байгаа ?

-Тавантолгойн Ухаа худгийн уурхайгаас авчирч буй угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс бөгөөд 6100 калориос дээш шүү дээ. Багануурын нүүрсний калори 2200,  Налайхых 4200 орчим байдаг. Тэгэхээр өмнө нь түлж байсан  түүхий нүүрснээс хамаагүй өндөр илчлэгтэй гэсэн үг. Иргэд зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Хар утаа гардаг, хурдан шатдаг, үнс ихтэй гэх зэрэг зарим нэг шүүмжлэлүүд бий. Ямар нэгэн баримтгүй мэдээллүүд цахим ертөнцөөр гарч байгаа. Засаг дарга үүрэг өгсний дагуу Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар хяналт шалгалтыг тогтмол тавьж байна. Одоогоор гарсан айхтар доголдол байхгүй ч гэсэн шинэ бүтээгдэхүүнийг сайжруулж ажиллах ёстой гэж харж байгаа. 

-Цэгүүдийн тоо хүрэл­цээтэй юу?

-Ер нь бол 210 орчим мянган айл өрхөд 540 гэрээт борлуулагч ажиллуулах ёстой. Мөн хүнсний дэлгүүрийн дотор нь болон ойр орчимд 25 кг савлагаагаар нь хаана ч зарж борлуулах боломжтой юм.  Тээвэрлэлтийн зардал,  хүн хүч, цаг хугацаа, зохион бай­гуулалтын ажлууд орж байгаа ч шахмал түлш огт тас­рах­гүй тогтмол хангагдаад явна. 

-Шахмал түлшний хэрэглээ хязгааргүй биз дээ?

-Эхний жилд хяналттай ажиллах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэг айл гурван тонн шахмал түлш шатаана гэсэн тооцоо гарсан. Энэ тоогоо барьж ажиллана.  Айл бүрт хүссэн хэмжээгээр нь өгөөд байвал ихээр авч хадгалах, цааш нь авч борлуулах гэх мэтчилэн асуудал  гарч болзошгүй. Нэгэнт картаар хянаад эхлэхэд 2-3  жилийн дараа айл өрхүүд  дунджаар хэчнээн тонн  шахмал түлш хэрэглэх нь тодорхой болох байх. Мэдээж том ажилд  эрсдэл гарна. Бид ч үүнийг анхнаас нь тооцоолсон. Гэхдээ эрсдэлээс айгаад ажил хийхгүй орхиж болохгүй. Оролдож байж зөв шийдлүүдээ гаргаж авах хэрэгтэй. Энэ өвөл үр дүнгээ гаргахын тулд ажиллаж байгаа юм шүү дээ. 

-Өнгөрсөн тавдугаар сарын 15-аас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шүү дээ. Айлууд хүйтрэхээр хадгалсан түүхий нүүрсээ хэрэглэх байх?

-Хяналт тавих 4200 орон тооны бус хянагч зургаан дүүрэгт ажиллаж байгаа. НМХГ-аас 20 гаруй мэргэжилтэн ажиллахаас гадна ЦЕГ-ын харъяа Хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэх албаны 58 албан хаагчийн бүрэлдэхүүн 24 цагийн хяналт тавьж ажиллана. Нэгэнт  шийдвэр гаргасан учир,  нэг ч айлд хэрэглүүлэхгүй байхыг  зорьж байгаа. Үнэхээр Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс шатаасан бол Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авна. Өөр арга байхгүй.