ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хонконгчууд АНУ-аас тусламж хүслээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-10

Хонконгод сүүлийн 14 долоо хоногийн турш жагсаж байна. Их Британийн засаг захиргаанаас 1997 онд БНХАУ-д нэгдсэнээс хойш Хонконгод ийм хэмжээний томоохон жагсаал болж байгаагүй юм. Тухайн үеийн Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн хуульд зааснаар тус шилжүүлгээс буюу 1997 оноос хойш 50 жил, хамгийн багадаа 2047 он хүртэл Хонконг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой хэмээн заажээ. 

Гэвч, эрх баригчдын өнгөрөгч дөрөвдүгээр сард танилцуулсан  сэжигтнийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн хонконгчууд гудамжинд гарч жагсаж эхэлсэн юм.  Хэрэв энэ хууль хэрэгжвэл Хятадын талаас хүссэн хүнээ хилс хэрэгт унагаж, өөрийн хууль шүүхээр яллах боломжтой болох учир гэм зэмгүй, ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс уг хуулийн золиос болно гэж жагсагчид үзэж байсан билээ. 

Хонгконгийн удирдагч Керри Ламын тухайд  үүсээд буй нөхцөл байдлыг намжаахын тулд тэдний гол шаардлагыг биелүүлж, хуулийн төслөө эргүүлэн татсанаа мэдэгдсэн ч, эсэргүүцэл тэмцэл өргөжиж, жагсагчдын шаардлагууд ч нэг нэгээр нэмэгдсэн юм. Тэдэнд одоо гүйцээгээгүй дөрвөн шаардлага үлдсэн бөгөөд тэдгээр  шаардлагуудыг биелүүлэхээс нааш жагсаал цуглаан үргэлжилсээр байх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэдний эсэргүүцлийн хөдөлгөөн зарим үед хүчирхийллийн шинжтэй болж, жагсагчид олон улсын нисэх онгоцны буудал руу нэвтрэх оролдлого хийж байв. Өмнө нь ч нисэх онгоцны буудлыг эзэлж, нисэх буудлаар үйлчлүүлж буй хүмүүсийн ая тухыг алдагдуулж, үйл ажиллагааг нь саатуулж байсан. 

Харин энэ удаа АНУ-аас тусламж хүсээд байна. Өмнө нь Германы канцлер Ангела Меркел БНХАУ-д айлчлахад Хонконгийн жагсагчид түүнийг өөрсдийнх нь гүүр болохыг уриалж байсан бол ням гарагт АНУ-аас тусламж хүслээ. Тэд Хонконг дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна “Ерөнхийлөгч Д.Трамп, Хонконгийг чө­лөөлж өгөөч”, “Хонконгийг дахин агуу болгооч” гэх мэт уриа лоозон барин зогсч, АНУ-ын Төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг нь дуулж байжээ. Тэдний ийн жагссан нь учиртай. Учир нь ирэх долоо хоногт АНУ-ын Ардчилсан намын зарим сенаторууд “Хонконг дахь хүний эрх ба ардчиллын тухай хууль” нэртэй хуулийн төслийг сенатын танхимд хэлэлцүүлэх санал гаргасан аж. Харин Хонконг дахь АНУ-ын Элчин сайдын яамны өмнө жагссан тэмцэгчид уг хуулийг баталж, хүчин төгөлдөр болгож өгөхийг Нэгдсэн улсаас хүссэн байна.  Тус хууль хэрэв батлагдвал Хятадын хэн нэгэн албан тушаалтан хонконгчуудын эрх чөлөөнд халдвал тэдэнд АНУ хориг арга хэмжээ авах боломжтой болох гэнэ. Гэвч, БНХАУ Хонконгод өрнөж буй үйл явдлыг улс орны дотоод асуудал гэдгийг тодотгож, бусад улсыг оролцохгүй байхыг анхааруулж буй. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр твиттер хуудастаа “Хятадын дарга Ши Жиньпин ард түмэндээ хүндлэгдсэн удирдагч. Би түүнийг Хонконгод болж буй үйл явдлыг ухаалгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” хэмээн жиргэж байсан юм.