ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гаалийн байцаагч нар хахуулийн мөнгөө ор болон агааржуулагчийн хоолойд нуужээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-10

АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ. Тухайлбал, БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахууль авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. Энэ бол тухайн цаг үед авсан хахуулийн  бичлэг. Мөн 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4.5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад  28.2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан юм байна. Мөн гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна" гэлээ. Түүнчлэн “АТГ газар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төрийн байгууллагуудад авлигын эсрэг зөвлөмж хүргүүлдэг. Гэтэл зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг гарсаар байна.  Тухайлбал, Жаст” группын Ерөнхий захирал Ш.Батхүүгийн холбогдсон хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Ингээд анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Ш.Батхүү нь долдугаар сарын 19-ны өдөр УДШ-д хяналтын журмаар гомдол гаргасан. 

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг шүүхээс өнөөг хүртэл шийдвэрлээгүй

Мөн Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр хянатын журмаар гомдол гаргасан.  Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцээгүй бөгөөд хэрэг шалгах процесстой холбоотой гомдлуудыг удаа дараа үндэслэлгүй гарган хугацаа хожиж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх зорилгоор үндэслэлгүй гомдол гаргаж байна АТГ-аас үзэж байгаа. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завших боломжийг олгож байна.  Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллагууд санаатайгаар удааж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж байна. 

Хамгийн их удаж байгаа хэрэг 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. 

Шүүгч асан С.Төмөрбаатарыг буцаан авахаар ажиллаж байна

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Энэ хугацаанд хэргийг шалгасан мөрдөгчийн ажил ямар ч үр дүнгүй болж байна" гэлээ.  Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага гарсан. Энэ үед шүүгч асан С.Төмөрбаатар ОХУ-аар дамжин АНУ-д очсон гэсэн мэдээлэл авсан. Бид түүнийг буцаан авчрахаар ажиллаж байна. 

С.Баяр, Ч.Сайханбилэг. С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт  дуусчээ

С.Баяр, Ч.Сайханбилэг. С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Холбогдогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулж байгаа. Энэ ажиллагаа дуусмагц дараагийн шатанд шилжүүлнэ. 

ЭМДЕГ-ын дарга болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга. 

ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хэргийг шалгаж байгаа. Эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ  гэсэн юм.