ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: Барилга барих компанийг шударгаар сонгосон

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-12

Монголбанкнаас өчигдөр Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Үйл ажиллагааны дунд хугацааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд төв банк хууль эрхзүйн орчны шинэчлэл хийж, Үндэсний төлбөрийн системийн хуулийг хэрэгжүүлсэн байна. Хуулийн хүрээнд төлбөр тооцоог төв банк зохион байгуулдаг. “Төв банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Мөн УИХ-д Валютын зохицуулалтын, Эрдэнэсийн сангийн, Активын тухай хуулийг өргөн барьсан” гэлээ. Өнгөрсөн гурван жилйн хугацаанд 10 гаруй хуульд өөрчлөлт оржээ. Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, судалгааны байгууллага, сургалт явуулж байгаа аж. Олон нийтэд санхүүгийн боловсролыг олгоход анхаарч байгаа гэв. “ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг хасах нэг хувьтай агшиж байсан бол 2019 оны гуравдугаар улиралд долоон хувийн өсөлттэй гарчээ. Үүнийг бэхжүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.

Хурлын  үеэр Монгол банк шинэ байртай болох тухай мэдээлсэн юм. Тус банкны төв байр 1930 онд баригдсан бөгөөд Нэгдүгээр байр нь 5-6  жилийн дараа баригджээ. Харин Монголбанкны төв аппаратад 400 орчим ажилтан ажилладаг байна. Энэ талаар тус банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  хэлэхдээ, “Монголбанкны хувьд дата сервер, өгөгдлийн бааз бий болгох үүднээс төлбөр тооцооны барилга шинээр барих шаардлагатай болсон. Манай хуучин төлбөр тооцооны төвийн барилга Санхүүгийн зохицуулах хорооны ард талд хоёр давхар байр байв. Бид захирлуудын хурлаар хэлэлцэж байгаад Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 16 давхар байр барьж, ашиглахаар тохиролцсон юм. Энэ байр өнгөрсөн гуравдугаар сард баригдаж эхлээд одоо дуусч байна. Харин барилгын тендертэй холбоотой мэдээлэл өгөхөд, бид эхлээд дата центр бүхий том хэмжээний барилгыг хурдан хугацаанд,  чанартай барих компаниудыг судалж үзсэн.  Ерөнхийдөө зургаан компанийн жагсаалт гаргасан. Эдгээр компаниас үнийн санал авч, ямар хугацаанд ,  хэр хүчин чадалтай барьж чадах зэрэг бүх материалыг судалж байгаад нэгийг  нь сонгосон. Энэ бүх шалгаруулалт стандартын дагуу,  шат шатны байгууллагаас зөвшөөрлийг нь авсан гэдгийг хэлмээр байна. Уг барилга нь мэдээж нууцын зэрэглэлтэй. Тиймээс хуулийн хүрээнд барилгын ажил явагдаж байна” гэлээ. 

2018 оны тавдугаар сарын 22-ноос  аравдугаар сар хүртэл үндсэн таван сар судалгаа хийж байж, хууль журмын дагуу компанийг сонгон шалгаруулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн тухайн заалтаас хамааран шууд гэрээ байгуулах эрхтэйгээр зөвшөөрөл авсан байна. Гэхдээ гэрээ шууд байгуулаагүй. Бүх талын оролцоог хангахын тулд шударгаар сонгон шалгаруулалт хийж, компанийг сонгосон гэдгийг онцоллоо.

Мөн мэдээллийн үеэр арилжааны банкуудын эх үүсвэрт хийж буй аудитын шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм.  Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2018 оны тавдугаар сард активын чанарын үнэлгээ дууссан. Хэчнээн хэмжээний хөрөнгийг хэдэн банк нэмэгдүүлэх шаардлагатай талаар бид мэдээлсэн. Үүний дагуу нэмэгдүүлсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх эсэхэд ОУВС нөхцөл тавьсны дагуу АНУ-ын компани хөндлөнгийн шалгалт явуулсан. Наймдугаар сарын 16-нд эцсийн үр дүнг өгөх ёстой байсан ч долоо хоногоор хугацаа сунгах хүсэлт тавьсан юм.  Эх үүсвэрүүд бол мөнгө угаах, эсвэл хоосон бичилт хийж бүрдүүлээгүй гэдэг нь баталгаажсан. Энэ бол нааштай мэдээ гэж болно. Харин нэмэгдсэн эх үүсвэр нь өөрөө банкны дүрмийн санд орж явах боломжтой юу гэдэгт хууль эрх зүйн дүгнэлт хэрэгтэй болсон тул есдүгээр сарын эхээр үр дүнг эцэслэж чадаагүй. Учир нь АНУ-ын компани учраас Монголын хувьд хууль эрх зүйн дүгнэлт гаргах үүднээс Монголын нэг компани сонгоод дүгнэлтээ гаргуулах байх” хэмээлээ.