ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хаалга онгойлгож өгсөнд баярлалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-12

Одоогоос хэдхэн жилийн өмнө бид багахан  тус хүргэх,  алдаа гаргах төдийд л  “уучлаарай”,  “баярлалаа” гэдэг үгийг хэлэхэд гайхаж, “юун сүртэй юм бэ” гэх маягаар хүлээж авдаг байлаа. Бүдүүлэг, болхи нь дэндсэндээ бус, бусад орнууд шиг  өдөр тутамдаа хэрэглэж сураагүй  болохоор  тэд ач холбогдол өгдөггүй байсан биз.  Харин өнөөдөр  бид харилцааны соёлоос чамгүй суралцаж,  нийгэм нь ч үүнийг шаарддаг болжээ. Гэхдээ л  учир дутагдал байсаар л байна. 

Жишээ нь, албан байгууллагын хаалгаар орох  гэж яваа бүсгүйд хэн нэгэн нь  хаалга онгойлгож өгөхөд үг дуугуй ширэв татаад  алхдаг, салхинд хийссэн малгайг  нь замын голд гүйн байж авч өгөхөд шүүрээд авдаг  нэгэн байх.  Автобус, нийтийн унаанд  суудал тавьж өгсөн охид, хөвгүүд,  залуусыг тэгэх л  ёстой юм шиг ойлгох хөгшид ч байх. Гэтэл тэд хэн нэгэн бүсгүйд  хандраагүй, малгайг нь шүүрч зугтаахгүй, суудал тавьж өгөх албагүй,  зүгээр л  таньд тус хүргэж буй хэрэг. Үүний хариуд та энгийнээр “баярлалаа” гээд  хэлчихэд л хангалттай. Хөл дээр нь гишгэсэн,  хэдий яарсан ч санамсаргүй мөрлөж хүндрэл учруулсан  бол уучлаарай гэдэг ганцхан үгийг л  хэлчих. 

Энэ мэтчилэн энгийн бөгөөд жижигхэн зүйлд ч талархлаа илэрхийлж,  саад болсон  бол уучлалт  гуйдаг наад захын соёлыг бий болгох нь их хотын иргэд бидний бичигдээгүй үүрэг мэт.  Хэн нэгэнтэй соёлтой харьцсанаараа, талархлыг нь хүлээж авснаараа та, бид  нийгэмд үлгэр дууриалал болж буйн илрэл юм.  Тиймээс өөрсдөөсөө эхлэн эерэг хандлагыг бий болгоцгооё нөхөд өө.