ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрсөн эцгийгээ зодож, аминд нь хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-13

71 настай эцгийгээ хүндээр зодож гэмтээн, улмаар амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн Дархан сумын зургадугаар багт амьдардаг иргэн Н-ийг түүний хүү болох 35 настай Б гэгч зодож, гэмтээсэн аж.

Төрсөн хүүдээ зодуулсан гэх 71 настай иргэн нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчлүүлж байсан ч өчигдөр гэмтлээ даалгүй амьсгал хураажээ. Хэргийг одоо Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хүү нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аавыгаа зодсон гэдгээ хүлээсэн аж.

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн эцгийгээ хутгалах, зодох, мөн ээжийгээ хөнөөх зэрэг аймшигт хэргүүд олон гарах болов. Өнгөрсөн жил гэхэд л "Буянт-Ухаа-2" хороололд амьдардаг настай эмэгтэйг төрсөн хүү нь онц хэрцгийгээр хутгалан хөнөөж, дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн аймшигт хэрэг гарч байсан юм. Насан өндөр аав, ээждээ үр хүүхэд нь анхаарал ямагт хандуулж, архины хамааралтай үр хүүхдээс нь хол байлгах зэргээр анхаарлаа нэмэхгүй бол энэ мэтээр төрсөн хүү, охиныхоо гарт амиа алддаг, зодуулж гэмтдэг хэрэг гарсаар байна.