ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Амарсайхан: Тэгш, сондгойгоор Явуулах асуудлыг судалж эхэлсэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-16

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах бодлогын хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах төслийг аж ахуйн нэгжүүдээр хийлгэнэ. Улмаар орон сууцаа бариулсны дараа хот эргээд хөнгөлөлттэй үнээр худалдаж авна. 30 хувийг нь ч юм уу. Ингэсэн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй ир­гэд өөрсдөө таван жилийн хугацаанд түрээсийн жур­маар түрээслээд, өмчилж авдаг сонголтыг бий болгож өгнө. Одоогоор ямар ч тийм сонголт алга. Хоёрдугаарт, иргэдийг газраа чөлөөлж өг гэж шаарддаг биш, тэнд амьдрах хүсэл сонирхол нь байвал дэд бүтэц зэргийг нь шийдэж, хүссэн үйлчилгээгээ авдаг байдлаар жишиг хороолол бий болгоно. Баянхошуу, Дэнжийн мянга, Сэлбэ, Дамбадаржаад ногоон орон сууц хөтөлбөр хэрэг­жээд явах юм. Орлогод нийц­сэн орон сууц гэдэг нь ямар нэг төлбөрийн дарамтгүйгээр төлбөрөө төлөөд явна аа гэсэн үг. 

-Түгжрэлийн асуудал ир­гэдийн бухимдлыг төрүүлж байгаа. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ. Нийтийн тээврийг шинэчлэх зэрэг ажлууд хийгдэх үү? 

-Улаанбаатар хотод одоо 980 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүний 80 гаруй хувь нь энэ оны намар гэхэд хугацаа нь дуусна. Тэгэхээр 2020 оноос өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Хоёрдугаарт, хэзээ баригдах нь тодорхойгүй метро барина гэх мэтээр сэтгэлийн хөөрлөөр асуудлыг ярихгүй. Хүн амын бүтэц, газар нутгийн байршил, амьдарч байгаа орчинтойгоо зохицуулаад хэд хэдэн шинэчлэл хий­хээр ярилцаж байгаа. Баруу­наас зүүн тийшээ богино хугацаанд хурдан барих боломжтой агаарын дүүжин тээврийн ТЭЗҮ-г боловс­руулаад дуусч байна. Нийтийн тээвэр байтугай такси ч очдоггүй газруудад барина. ТЭЗҮ-гээ хийгээд санхүү­гээ болон захиалагчаа олчихвол ирэх оны хоёр­дугаар улиралд агаарын дүүжин тээврийг ашиглалтад оруу­лах боломжтой. Үүнээс гадна Дэнжийн мянгаас босоо тэнхлэгтэй Хан-Уул дүүрэг, шинэ, хуучин Нисэх рүү явсан түргэн замын буюу нэгдүгээр замын автобусны шинэ төслийн ажил эхлээд явж байгаа. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна. Дундын тойргуудад харин автобусыг богино эргэлтэд оруулахаар ярилцаж байгаа. Нэг цэгээс нөгөө цэг хүртэл урсгал нь тасардаггүй вагон шиг автобус хэдэн цагаар явж байна. Богино эргэлтэд оруулаад тээврийн хэрэгслээ сонголтоор хэрэглэх ажлыг ойрын хугацаанд хийнэ. 

-Ойрын үед ямар ажил хийх бол. Та урт хугацаанд хийгдэх ажлуудыг ярьж байна шүү дээ? 

-Ойрын хугацаанд олон ажил хийхээр ярьж байгаа. Хэнийх нь ч ажил амжихгүй, хэн ч харьж чадахгүй бүгд зам дээрээ өнжиж байгаа. Эдийн засаг, эд хөрөнгө, цаг заваараа хохирч байна шүү дээ. Тиймээс ойрын үед тэгш, сондгойгоор явах асуудлыг судалж эхэлсэн байгаа. Мөн зарим нэг урсгал нэмэх, нэг чигийн урсгалтай болгох, хашаа хашлагыг чөлөөлөх, сэтгэх зэргээр ажлууд хийгдэнэ. Мөн Энхтайвны гүүрийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс нүхэн гарц хийнэ.

-Хүйтэрч эхэллээ. Шах­мал түлшний талаарх шүүмж­лэл дуусахгүй л бай­на. Хотын захиргаа энд ан­хаарал хандуулж байна уу? 

-Мэдээж байнга анхаарал хандуулж байгаа. Олон янзаар туршиж байна. Нэг дор долоон төрлийн зууханд хийж туршлаа. Янз бүрээр шатааж, хэдэн минут шатаж, хэдэн цаг дулаанаа барьж, мөн үнс нурам нь ямар байна вэ гэдгийг ч судалсан. Иргэдийн амьжиргааны асуудал учраас бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Одоогоор 160 гаруй мянган тонн түлш бэлэн болчихсон. Дундын болон түгээх цэгүүдээр борлуулаад эхэлчихсэн байгаа. Хүндрэл­тэй асуудал бий. Мэдээж амархан байхгүй. Зөвхөн хот үүнийг шийдээд явчихаж чадахгүй. Иргэд өөрсдөө хариуцлагатай, идэвхтэй байж галаа яаж түлэх, картаа яаж ашиглах, үнсээ хэрхэн асгах гэх мэтээр хүн бүхэн оролцож, үр дүнгээ өгнө. 

-Ногоон нуурын орчимд хөрсний ус ихээр гарч, иргэд зутарч байгаа юм билээ. Энд хот анхаарлаа хандуулж байна уу. Ер нь жил бүхэн ийм асуудал үүсдэг шүү дээ? 

-Хөрсний усны асуудлыг анхаарч байгаа. Мөн гарах ёстой үерийн далан сувгийг гаргаагүйгээс болж асуудал үүсч байна. Үүнээс болоод хөрсний болон үерийн ус халиад зундаа чийгтэж, өвөлдөө хөлддөг. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд биднийг очиход үерийн даланг хаачихсан байгаа юм. Нэг айлаас болж дөрвөн жил гацсан. Ингээд айлын урдуур гарц гаргаж байж, асуудлыг шийдлээ. Ногоон нуурын асуудал байгаа. Хүссэн, хүсээгүй хөрөнгө мөнгөний бэрхшээл гарч байгаа. Ирэх жилээс бид саарал ус ашиглан цөөрөм байгуулж эхэлнэ. Ногоон нуур, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байгуулна. Саарал усаа хот тохижилтод ашиглана гэж ойлгож болно. 

-Ганц гэр хороолол ч гэхгүй орон сууцны барил­гууд ч хөрсний ус нэвчиж, нурахад бэлэн боллоо гэх асуудал яригдаж байгаа? 

-Төрийн байгууллагуудын хариуцлагагүй байдал гэж хэлнэ. Хотын болон төрийн хүнд суртал байна. Аж ахуйн нэгжүүдээ хүлээлгэдэг, хүлээсээр байгаад аргаа бараад барилгаа эхлэхдээ буруу барьдаг. Комисс нь хүлээж авахдаа шууд барилгаа хараад л хүлээгээд авчихдаг. Ногоон байгууламж байна уу, усны асуудал нь ямар юм, орчны аюулгүй байдал хангагдсан уу гэдгийг хардаггүй. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сараас эхлээд бид журамдаа өөрчлөлт оруулна. Барилгыг зөвхөн дотор талаа тохижуулсан гэдгээр нь шалгуур болгохгүй. Гадна тохижилтоо хийсэн, стандарт норм, дүрэм журмаа мөрдсөн, зогсоол, автомашины замаа шийдсэн бол улсын комисс хүлээж авна. Цаашдаа энэ мэт алдаа багасах байх аа. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар гэж шинээр бий болсон. Энэ газрууд ерөнхий дүгнэлтээс эхлээд зураг төсөл батлах, хийж хэрэгжүүлэх, комисс хүлээж авахтай холбоотой бүх хяналтыг тавьж ажиллах юм.