ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тив дэлхийн аврагчид нэгэн дээвэр дор цуглав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-18

Гамшигт үзэгдлийн үед хэн хэрхэн ажиллах, учирсан хор уршгийг хэрхэн даван туулж, сэргээн засварлах талаар орон орны аврагчид туршлага солилцдог “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийг сурвалжлахаар дорнын говийг зорилоо. Улаанбаатараас үдшийн бүрийгээр гарсан бид говийн наран мандахтай уралдан Дорноговь аймгийн Сайншанд хотод ирэв. Энд гамшигт үзэгдлийн үед хэрхэн ажиллах, учирсан хор уршгийг хэрхэн арилгах, нөхөн сэргээлт хэрхэн хийдэг талаар өөр өөрсдийн орны туршлагыг танилцуулж, бусдаас суралцахаар ирсэн 20 гаруй орны аврах ангийнхан цуглаад буй. Биднийг очиход Дорноговь аймгийн төв талбайд эрээн, шар, ногоон өнгийн парад хувцсаар жигдэрсэн аврагчдын болон төрийн албан хаагчдын “холимог салаа” нээлтийн үйл ажиллагаанд бэлтгэн байраа эзэлсэн байв. Шадар сайд Ө.Энхтүвшин “Говийн чоно-2019”-ийг нээж үг хэлснээр олон улсын гамшгаас хамгаалах сургуулилт албан ёсоор эхлэв. Тэрбээр энэхүү дадлага сургуулийг бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор найм дахь удаагаа зохион байгуулж байгааг онцолсон юм. Мөн “Монгол орны дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл хөгжсөн Дорноговь аймгийг түшиглэн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг төлөвлөх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна. Та бүхэн мэдлэгээ дээшлүүлж, сурч мэдэхийг хичээн, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа сайжруулах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх талаар хичээж оролцоорой” хэмээн  аврагчдад амжилт хүссэн юм. 

“Говийн чоно” хэмээн нэрийдсэн энэхүү сургуулилтыг 2009 онд хоёр орны төлөөлөлтэйгөөр анх удаа зохион байгуулж байсан бол өнөө жил 20 гаруй орон болж хүрээгээ тэлжээ. Тодруулбал, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Тайланд, Вьетнам зэрэг 21 орны төлөөлөл оролцож буй юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, онцгой байдлын газар тэргүүтэй холбогдох байгууллагуудын нийт 500 гаруй төлөөлөл оролцож байна. Сургуулилт энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хооронд  “Орон нутгийн чадавхи ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд дөрвөн чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулах аж. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа. 

 

Б.Ууганбаяр: Жил ирэх тусам говийн бүсийн гамшгийн тоо олширч байна

-“Говийн чоно-2019” дадлага сургуулийн энэ жилийн онцлог юу байна вэ. Яагаад Дорноговь аймгийг сонгосон юм бэ?

-Говийн бүс нутагт гамшиг, ослын эрсдэл бага гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлт, аймаг, орон нутгийн хөгжлөөс хамаарч гамшиг, ослын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Дорноговь аймагт сүүлийн 10 жилийн байдлаар 468 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 17 хүний амь нас хохирсон. Гамшгийн улмаас 1.1 сая төгрөгийн хохирол учирсан. Эдгээр гамшиг, ослын дийлэнх хувийг  хүчтэй шороон шуурга, мал амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн осол эзэлдэг. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 30 жил болоогүй үер, 25 жил гараагүй хээрийн түймэр гарсан. Энэ мэт гамшиг, ослын давтамж нэмэгдэхийн хэрээр бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудал тулгарсан хэрэг.

Дадлага сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын бие бүрэлдэхүүнийг хамруулсан команд штабын дадлага сургуулийг зохион байгуулж байгаа нь энэхүү сургуулийн нэг онцлог. Сайншанд сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг явуулж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох гэх мэт олон нийтийг хамруулсан сургалтыг явуулж байгаагаараа онцлог. Бид өнгөрсөн долоо хоногт аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой сургалтыг түлхүү зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 21-нийг хүртэл удирдах албан тушаалтны ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн сургалтуудыг зохион байгуулах юм.  Энэ танхимд академик сургалт болж байлаа гэхэд өөр нэг танхимд эмэгтэйчүүдийн манлайллын талаарх сургалт болж байх жишээтэй. Энэ мэт өөр өөрсдийн туршлага дадлагыг солилцож байна.

-Өнгөрсөн хугацаанд гарсан ноцтой ослуудын үеэр ажиглаж байхад манай аврах анги техник, тоног төхөөрөмж, зориулалтын хувцас хэрэгсэл дутмаг юм шиг байсан?

-Байгаа тоног төхөөрөмжийнхөө хүрээнд бид өдөр бүр бэлэн байдлыг хангаж ажилладаг. Тусгай зориулалтын багаж хэрэгсэл дутагдах тохиолдол бий. Дутагдалтай байгаа багаж хэрэгслийн нөхөн хангалтыг хийх талаар Засгийн газраас анхаарч байгаа. Шадар сайд ч ихээхэн ач холбогдол өгч байна. Үүний хүрээнд урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ямар багаж хэрэгсэл шаардлагатай байна вэ, ямар өртөг зардал гарах талаар судалж, урьдчилсан тооцооллоо Шадар сайдад танилцуулсан. Жил бүрийн Улсын төсөвт тусгаад үе шаттайгаар шийдээд явах байх. Үүнээс гадна бид олон улсын байгууллагуудтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Саяхан Беларус улсаас ирэх тоног төхөөрөмжийн гэрээ байгуулахыг УИХ-аар баталсан. Мөн Польш улсаас гал унтраах зориулалттай тусгай тоноглолтой машины төсөл хэрэгжүүлээд машинаа авчихлаа. Одоо хээрийн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. 

Манай улсын аврах ажиллагааны талаар тэрбээр ийнхүү мэдээлэв. Тэгвэл гадны орнууд аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг вэ гэдэг нь сонин. АНУ-ын Онцгой байдлын менежер, дэд хурандаа н.Слэйтер хэмээх өндөр шар залуугийн ярьсанаар энгийн иргэд нь хүүхэд байхаасаа гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах, юу хийх талаар бэлтгэгддэг гэнэ. Бэлтгэдэг гэхээр мэдээж төр засгаас иргэдийг дайчлан сургалтад хамруулдаг болов уу гэж төсөөлөгдөх биз. Гэвч үгүй аж. Хэн ч тэднийг гамшгийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах сургалтад хамрагдахыг уриалдаггүй аж. Гагцхүү сайн дурын үндсэнд энэ чиглэлээр сургалтад хамрагдах хүсэлтээ гагадаг гэнэ. Тэд хүүхдээ багаас нь ийм төрлийн сургалтад хамруулдаг аж. Тийм ч учраас АНУ-ын аврах ажиллагаанд “Сайн дурын аврагчид” гэх бүлэг томоохон байр суурийг эзэлжээ. Энэ талаар АНУ-ын дэд хурандаа н.Слэйтертэй цөөн хором ярилцлаа. 

 

н.Слэйтер: Аврах ажиллагаанд сайн дурынхны үүрэг маш их

-Танай улсын иргэд гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг маш сайн эзэмшсэн байдаг талаар та илтгэлдээ дурдлаа. Иргэдэд энэ талын мэдлэг мэдээллийг хэрхэн хүргэдэг юм бэ. Ямар зохион байгуулалт хийдэг вэ?

-Иргэдийг соён гэгээрүүлэхийн тулд анхаарах хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, төр засаг гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах чиглэлээр ямар чадамжтай вэ гэдгийг иргэд мэддэг байх ёстой. Мэдээллээр хагах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэдтэйгээ харилцах чухал. Аврах ажиллагаанд оролцдог байгууллагууд болон иргэд хоорондын харилцаа гэсэн үг. Бидний хувьд харилцаа холбоог хангах талаар нэлээд анхаарч ажилладаг. Онцгой байдлыг газар болон армийнхан энгийн иргэдэд гамшгийн үед ямар хэрэгслийг хэрхэн ашиглах, юунд хэрэглэх талаар нээлттэй байдлаар үзүүлдэг. Иргэд өмсөж, зүүж, өөрийн биеэр хэрэглэж үзсэнээр итгэлцэл бий болдог. Монгол Улс ч мөн энэ чиглэлээр анхаарч, ахиц дэвшил гараасай гэсэн үүднээс Сайншандын “Улаан загалмай” нийгэмлэгт үзүүлэнгийн сургалт зохион байгуулах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хийдэг. 

-Сайн дурын аврагчид гамшгийн үед маш чухал үүрэгтэй байдаг гэж байна. Тэдэнд цалин олгодог уу. Ямар нэг насны хязгаар байх уу?

-Гамшгийн хор уршгийг арилгах хариу ажиллагаанд сайн дурынхны гүйцэтгэх үүрэг маш их. Томоохон асуудал үүсэхэд мэргэжлийн туршлага бүхий аврагчдын хүч, нөөц дутах үе бий. Харьцангүй хөнгөн хэмжээний асуудалд сайн дурынхан орсноор мэргэшсэн хүмүүс ноцтой гамшгын цэгт ажиллах боломжийг олгодог гэсэн үг. Сайн дурынханд насны ямар нэг хязгаар тавдаггүй. Хэн ч суралцах боломжтой. Хүүхдүүдийг багаас нь онцгой байдлын утас руу хэрхэн залгах вэ гэх мэтээр бэлтгэдэг. Технологи хөгжиж, гар утсанд суулгадаг төрөл бүрийн аппликэйшнүүд их болсон.

Үүгээр дамжуулан залуус мэргэжлийн аврагч нарт туслах чадамж нэмэгдэж байна. Хэн нэгэнд анхны тусламж үзүүлэх чадамж эзэмшсэн л бол нас хамаагүй. Цаг алдалгүй утсаар ярьсанаар та хүний амь нас аврах тохиолдол олон. Улаан загалмай нийгэмлэгээс зааж байгаа анхны тусламжийн сургалтууд маш чухал. Суралцах боломж нээлттэй байдаг учраас энгийн иргэд аврах чадамж эзэмшчихсэн байдаг. Ямар нэг асуудал болоход туслах хүсэлтэй сайн дурынхан хэт олон болдог нь нэг талаар асуудал дагуулдаг. Гэтэл тэдний тусламж маш их хэрэгцээтэй байгаа гамшгийн голомтод нэгэнт чадамж эзэмшсэн иргэд цаг алдахгүйгээр тусламж үзүүлж чаддаг. Гэхдээ сайн дурынханд ямар нэг цалин, хөлс олгодоггүй. Зөвхөн сайхан сэтгэлийн үндсэнд энэ ажлыг хийдэг.

-Гамшигтай тэмцэх зардлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Орон нутгийн онцгой байдлын газрууд тус бүр жилдээ нэг сая ам.долларын төсөвтэй. Хэрэв энэ нь хангалтгүй байвал Холбооны Засгийн газраас санхүүжилт авдаг. Санхүүжилтийн хэд хэдэн эх үүсвэр бий. Тухайлбал, холбооны болон мужийн эх үүсвэр байна. Гэхдээ энэ нь харилцан адилгүй. Муж бүрээс шалтгаалан өөр өөр байдаг. 

Хурандаа н.Слэйтер өөрийн улсын аврах ажиллагааны талаар ийн сонирхуулав. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аврагчид дорнын говьд цуглан ийн өөр өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа солилцож байна. Тэдний чуулга энэ сарын 22-ны өдрийг хүртэл, үргэлжлэх юм.