ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Навч унах цагаар...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-20

Намар нүцгэн улирал. Өвөл нь цасанд, зун нь навчист даруулдаг моддыг энэ улиралд юу ч халхалдаггүй. Тэр ч бүү хэл тэнгэрт шувууд ч үгүй болчихдог. Цаанаа л нүцгэн. Миний өдөр бүр алхдаг, магадгүй чиний хэзээ ч алхахгүй тэр гудамжаар дүүрэн навч хөглөрч, тэр навчсын шав шар хөндүүр нүдний өмнүүр татчихаад инээмсэглэх хүсэл төрдөггүй учир хамгийн тэнгэрлэг нүцгэрлийг би намраас л олж хардаг. Шар өнгийн цамц өмсөж зүрхэлдэггүй минь учиртай ч юм шиг. Намрын өнгө бол түүний л, бас гунигийн, цээжин дотроос хэмлэх дурсамжийн, хаа холоос даллах алсын, тэнгэрээс ширтэх нарны өнгө.

Намрын өглөө, намрын үдэш, намрын өдөр, намрын шөнө нууцлаг, нам гүм. Юунд нь тэгтлээ дурладгаа  мэдэхгүй ч, шалтгаангүй хайрлаж, үзэн ядаж, гуниглаж, хааяа тэсэрч, заримдаа нүдээ анин мөрөөдсөн өдрүүд минь дандаа намрынх л байж таардаг. Хамгийн уянгалаг хөгжим шиг, хамгийн тансаг мөрүүд шиг үнэртэй навчис. Навчилдаг л нэг, нүцгэрдэг л нэг модод боловч сэтгэлийн минь дундуур хөг татуулж чадах  увидаст уналт навчных. Бас намрынх. Хаа нэгтээ зурагдсан хөрөг шиг нууцлаг, амирлангуй, удаан ширтвэл өмнөөс хашгирч ч мэдэх амьд, хүслээ шивнэвэл биелүүлж чадах шидтэй, шувуудгүй нуур шиг, аниргүй намар.

Навч унах цагаар л би өөртөө эргэж ирдэг. Хачин танил, заримдаа өөрт минь зохидоггүй тэр л багаа хуу татан хаяж, нүүр, нүдний цаана нуугдах “би”-гээ толиноос бус, навчнаас олж харахыг хүсдэг. Эцэс төгсөлгүй хөөцөлдөөн, хэзээ ч зогсдоггүй, урагшлан урагшлах цаг хугацаа, хэн нэгний тэнэглэл, цэцэрхэл, бардамналыг үл анзаарахыг мөрөөддөг. Ирдэг, явдаг, мартагддаг хүмүүсийн үй олон дүрээс залхмаар. Намарт л чихэвчээрээ чих хийж, хаашаа ч юм алхмаар. Навч унах цагаар л өөртөө би эргэж ирмээр.