ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Путин”-ы эзэн мянгат болсон нь

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-01

Одоогоос арав гаруй хоногийн өмнө Төрийн ордонд энгэрээрээ дүүрэн одон, медаль гялалзуулсан намхан шар эгч нүдэнд  дотно харагдаж билээ. Түүний байгаа байдал, цалгисан инээд гавьяат жүжигчин “Бондгор” Б.Туяатай тун ч төстэй харагдаж байсан юм. Андуурахаар төстэй юм байна гэж хэлэхэд хэзээний  танил мэт хариулт өгч, яриа дэлгэж байсан эмэгтэйг Шагдарсүрэнгийн Дашдолгор гэдэг. Тэрбээр  энэ  өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад оролцож, санал бодлоо хуваалцаж явжээ. Түүнийг энэ удаагийн дугаарынхаа “Эгэл амьдрал” буландаа урив.  

 

Хүүгээ тэврээд Халхголыг зорьжээ

“Хөдөлмөрлөж чадаж бай­вал, хүн хүссэнээрээ амьдарч чадна” гэх уриаг амьдралын гол зорилгоо болгон хөдөлмөрлөж яваа нэгэн юм. Тэрбээр өдгөө 65 насыг зооглож байгаа юм. Түүний залуу нас Дорнод аймгийн Халхгол сумын отрядаас эхэлжээ. 19-хөн настай хоёр салаа гэзэгтэй жаахан шар охин Халхгол сумыг зорьжээ. Учир нь түүний нөхөр цэрэгт явахаар Дорнод аймгийн Халхгол сумыг зорьсон боловч, офицероор үлдэхээр болсон тул ханиа дагаж ийм шийдвэр гаргасан байна. Түүний ханийг Ж.Баатар гэдэг. Ш.Дашдолгор эгч айлын гэргий болохоор хэдэн хувцсаа чемоданд хийгээд, ээжийнхээ өгсөн оёдлын машинаа авч, том хүүгээ тэврээд Дорнодын Халхголд иржээ. Залуухан гэр бүлийг дэмжиж, отрядаас нь хоёр өрөө байраар шагнажээ. Шинэхэн хоёр өрөө байранд гурвуулаа, хоёр чемодан нэг ширээтэй сууж байснаа эргэн дурсах дуртай. Тэрбээр энэ талаар ярихдаа “Яагаад гэвэл анхны гэсэн юм бүхэн гэгээн байдаг. Тэгэхэд бидэнд хөдөлмөрлөж, зүтгэхээс өөр зүйл байгаагүй. Бүх зүйл бэлэн. Төрийн энэ их дэмжлэгийг хөдөлмөрлөж, хариулна гэсэн амлалтыг хоёр биедээ өгч байлаа” гэсэн юм. Ингээд Ш.Дашдолгор эгч Халхгол сумын отрядад холбоочноор ажилд оржээ. Энэ бол 1974 он. Түүнээс хойш таван хүү, нэг охины эцэг, эх болж, өнөр өтгөн айл болжээ. Анх яаж дүүргэх вэ гэж бодож байсан хоёр өрөө байрандаа өнөр өтгөн болж, тавилга нь хүртэл багтахгүй болтлоо дүүрсэн гэдэг. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн боловч энэ нь тэдний 20 жилийн түүхт амьдрал байсан юм. “Айл бүрт жаргал,  зовлон ээлжилдэг авч, бидний амьдралын олон өдөр чухам жаргалаар дүүрч байсан” гэж тэр ярьж байлаа.

 

“Үйл хэргээрээ үлгэр дуурайлал болохыг зорьж ирлээ”

Цэл залуугаараа тэтгэ­вэрт гарсан тэдэнд үр хүүхдийнхээ төлөө зүтгэж, хөдөлмөрлөхөөс өөр зам үлдээгүй юм гэдэг. Цэргийн байгууллагад ажилласан 20 жилийн хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Юу хийх талаар төдийлөн тооцоогүй учраас Төв аймагт ирж, хүнсний ногоо тариалсан байна. Ингээд өөрсдийн гэсэн хүлэмжтэй болж, төмс, өргөст хэмх, лууван, байцаа сонгино зэрэг 12 нэр төрлийн хүнсний ногоо тариалж эхэлжээ. Дан ганц улирлын чанартай хүнсний ногоо тариалахаар амьдралд нь хангалттай хүрэлцдэг хэдий ч улирлын чанартай учраас өвлийн цагт  дэндүү цаг завтай санагддаг байжээ. Тиймээс гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад давхар мал маллахаар болжээ. Хүнсний ногоогоо хурга, ишгээр сольсоор байгаад цөөн тооны малтай болсон аж. Ингэж мал аж ахуй, газар тариаланг хослуулжээ. Тэдний арав гаруй жилийн зүтгэл нь 1000 гаруй малтай болгож, хөдөлмөр зүтгэлийнхээ шимийг үзсэн байна.  Анх малынхаа зүсийг сайн танихгүй учир бүгдэд таних тэмдэг болон нэр өгсөн гэдэг. Алим, луувангаас эхлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэрийг хүртэл хурга, ишгэндээ өгч явснаа хуучлав. Орой хонь хотлуулахаар “Алим хаана байна, алимны ээж хаана байна, Путин тэр байна. Ээжийг нь оллоо” гэх зэргээр хүүхдүүд нь шуугиж гарна. Ийнхүү мунгинасаар хоёр жилийн дараагаас малынхаа зүсийг төвөггүй нүдэлж, нэр өгөх шаардлагагүй болжээ. “Хүний ариун цагаан хөдөлмөр гэдэг багаддаггүй. Хүүхдүүддээ хөдөлмөрлөж, зүтгэ  гэж ярьдаггүй бас үглэдэггүй. Харин бид үйл хэргээрээ үлгэр дууриал болохыг хичээж ирлээ. Энэхүү зүтгэлийн минь хариу өнөөдөр ч гэсэн үргэл­жил­сээр байна. Зургаан хүүхэд минь бүгд хүний дайтай сайхан ажил­лаж, хөдөлмөрлөж явна. Бүгд тус, тусын амьдралаа хөөсөн. Зарим нь зөгийн болон мал аж ахуй эрхэлж байгаа. Нөгөө хэсэг нь эрдмийн мөр хөөж байна. Энэ л надад хангалттай” хэмээн бахархан ярьж сууна.

 

Хашаандаа шарилж бус ногоо тариалахыг уриалав

Түүний амьдралын бас нэгэн зорилго эко хөгжлийг дэмжих. Энэхүү зорилгынхоо төлөө зүтгэж бас үлгэрлэж яваа эмэгтэй. Тэрбээр Баянзүрх дүүрэгт “Хонхор” тосгонд өөрийн эзэмшлийн газартаа хүнсний 12 төрлийн ногоо, алим, интоор, чацарганы мод тариалжээ. Түүний ажил өглөө 04:00 цагт эхэлдэг байна. Хүлэмжийн хаалгаа нээгээд л “Сайхан амарсан уу. Даарч хөрсөн үү” гэж мэндлэхээс эхэлдэг гэв. Учир нь “амьтай бүхэн нүдтэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдгийн адилаар  өөрийн хөлс хүчээ урсаж, сэтгэл зүрхээ өгсөн ажлаа үрж үнгэхгүйн тулд үр хүүхэд шигээ тордож ургуулдаг гэв. Түүний хамгийн их сэтгэл чилээдэг зүйл нь айл бүр ногоо тариалдаг байгаасай гэсэн хүсэл. Монголын хөрсөнд тарьсан ногоо амттай байдаг гэлээ. Тиймээс айлуудыг шарилж биш, ногоо тариалахыг өөрийнхөө хэр чадлаараа, сурталчилж, ойр орчимдоо мэдээлэл өгдөг хэмээлээ. Өнөөдөр бид­ний дунд чимээгүйхэн хөдөл­мөрлөж, зүтгэж яваа энгийн нэгэн ээжийн эгэлгүй амьдралын нэгээхэн хэсгээс хүргэлээ. Тэр бол Монголын олон мянган ахмадуудын төлөөлөл билээ. Та бүхэндээ ахмадын баярын мэнд хүргэе.