ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ренжер

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-04

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос 2015 оны долдугаар сард Бригадын генерал цолоо албан ёсоор гардан авч байсан Д.Ганзоригийг хэвлэлийнхэн “ренжер генерал” хэмээн нэрлэдэг. Хэвлэл мэдээлэлд барагтай бол ярилцлага өгч байгаагүй, цэргийн салбарт 1995 оноос эхлэн ажиллаж байгаа удам дамжсан цэрэг эр өнөөдрөөс эхлэн Зэвсэгт хүчний жанжин штаб гэх том айлыг удирдах үүрэг хүлээж байна.

Өчигдөр түүнийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар дэмжсэн бөгөөд цэрэг, армийн нэр хүнд унаж буй энэ цагт мэргэжлийн хүн салбараа зөв чиглүүлнэ хэмээн итгэж байгаа хэрэг билээ. Д.Ганзориг генерал 2002 онд АНУ-ын Ренжерийн дамжааг дүүргэсэн бөгөөд байлдааны үүргийг ямар ч хүнд цаг үед биелүүлэх чадвар суусан, хамт олноо, салаагаа удирдан чиглүүлэх талаар сэтгэлзүйн асар өндөр түвшинд бэлтгэгдсэн гэсэн үг.

Тиймдээ ч сайн эцгийн нэрийг гутаахгүй энэ том айлыг удирдаж, Монголын зэвсэгт хүчний түүхэн тод мөр үлдээх төмөр замын бүтээн байгуулалтыг удирдах үүргийг төр түүнд өглөө. Өмнө хэлсэнчлэн тэр хэвлэлд тийм ч нээлттэй нэгэн биш. Гэхдээ л эрхэлсэн ажлаа нэр төртэй гүйцэтгэж ирснийг нь зэвсэгт хүчнийхэн хүлээн зөвшөөрдөг юм билээ. Монгол Улс энхийг дэмжих үйл ажиллагаанд албан ёсоор оролцож эхлэхээр бэлтгэж байх үе буюу 2000 онд Казахстан улс руу салаа удирдан явж, цэргийн хээрийн сургуульд хамрагдан цэрэг дайчдаа бэлтгээд ирж байжээ.

Эндээс ердөө хоёрхон жилийн дараа буюу 2002 оноос эхлэн монгол цэрэг дэлхийд гарч, энхийг дэмжих үйл ажиллагаанд Монгол Улсын нэр хүнд үргэлж өндөр явж ирсэн юм. Д.Ганзориг ОХУ-ын Тамбов хотын Хими хамгаалах цэргийн дээд сургуулийг төгссөн. Мөн өмнө бичсэнчлэн АНУ-д суралцаж, мөн БНХАУ-д ч цэргийн эрдэмд боловсорчээ. Түүний аав нь НАХЯ, Ардын армид ажиллаж байсан Р.Довчинсүрэн гэх дэд хурандаа цолтой нэгэн байлаа. Хүүдээ ажил мэргэжилдээ үнэнч байж, эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж, ард нь гарч байхыг захиж байсан өвгөн хурандаагийн хүү өдгөө эцгийн нэрийг хугалахгүй, захисан захиасыг нь биелүүлэхээр төрийн өмнө тангараг өргөв. Монголын зэвсэгт хүчний салбарт төдийгөөс өдийг хүртэл нэр төртэй зүтгэж ирсэн сайн нэрээ сэвтүүлчихгүй их бүтээн байгуулалтад хамт олноо түүчээлж, бэлтгэгдсэн ренжер гэдгээ нотлон харуулна хэмээн итгэж сууя.