ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуун жилийг элээсэн ч дүрээ өөрчлөөгүй соёлын өвүүд

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-10-09

Хорвоод мөнгөөр үл хэмжигдэх үнэт зүйлс олон бий. Тэдгээрийг жагсаавал эрүүл мэнд, эцэг эх, хайр, цаг хугацаа гэх мэтээр хөврөх хэдий ч, он цаг улиран одох тусмаа үнэ цэнэ нь нэмэгдэж, ямар ч зүйлээр хэмжигдэхгүй зүйл бол соёлын өв, түүхэн дурсгал юм. Нэгэн түүх дурьдвал, Ирак Сирийн хойд этгээдийн нутгийг эзлэн түрэмгийлж, улс байгуулсанаа зарласан Исламын хэт даврагч бүлэглэл 2015 онд дэлхийн соёлын өв рүү бүдүүлгээр халдаж, эвдэн сүйтгэсэн байдаг. Тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд дайсныхаа хамгийн үнэтэй басхүү сул тал болсон хэмжээлшгүй үнэт соёлын өв  Сирийн Алеппо хот дахь Омейядын их сүмийг сүйтгэсэн юм. Исламын улс бүлэглэлийн соёлын эсрэг террорист халдлагын уршгаар хүн төрөлхтөн дахин хэзээ ч эл дурсгалыг харах боломжгүй болсон билээ. Үүнтэй адил шалтгаанаар дайн самууны үед устаж үгүй болсон маш олон соёлын дурсгалт барилгууд бий. Гэсэн ч, өнөөдрийг хүртэл өнгө төрхөө анхных шиг нь авч үлдсэн дурсгалууд ч хангалттай олон байгаа билээ. Тэдгээрээс жишээ болгон цөөн хэдийг уншигчиддаа сонирхуулья. 

 

Палау де Ла Музыка Каталана

Испанийн Барселона хотод байрлах “Палау де Да Музыка Каталана” театр тус улсын урлагийн үнэт өвд тооцогддог. Цогц гантик баримлууд бүхий уг театрын барилгыг 1905-1908 онд Каталаны найрал дууны нийгэмлэгт зориулан барьжээ. Улмаар 1908 оны хоёрдугаар сард нээлтээ хийж байсан аж. Театрыг барих санхүүжилтийг ард түмнээс босгосон гэдэг. Гэхдээ тус улсын чинээлэг давхаргынхан, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг уг гайхам­шигт соёлын дурс­галын гол хөрөнгө оруулагчаар нэрлэдэг юм. Барилга 1909 онд тус улсын хамгийн шилдэг архитектуртай барилгаар нэрлэгдэж байжээ. Дараа нь барилга баригдсанаас хойш 80 жилийн дараа буюу 1982-1989 онд театрыг Оскар Таскитс, Карлес Диаз нарын архи­текторуудын удирд­лага дор сэргээн засварласан байна. 1997 онд барилга Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд эдүгээ жилдээ л сая хүн тус театрт зочилж, симфони, жазз, каталан зэрэг хөгжмийн олон тоглолтуудыг сонсох болжээ. Барилга бүхэлдээ гайхамшигт чимэглэл, уран баримал, гоёлоос бүрдэх бөгөөд эдгээд элементүүдийг нутгийн янз бүрийн гар урчууд хөлс хөдөлмөрөө шингээн бүтээсэн гэдэг. 

 

Хориотой хот

Бидэнтэй ойр орших соёлын нэгэн дурсгал бол БНХАУ-ын Бээжин хотод байрлах Хориотой хот. Мин гүрний хаанчлалын үеэс Чин гүрнийг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан эл хот 1406-1420 оны хооронд баригджээ. Эдүгээ хагас сая жилийг элээсэн ч, хуучны төрхөө өнөөдрийг хүртэл хадгалан үлдэж, сая сая жуулчдыг хүлээн авч, хүн төрөлхтөний нэгэн зурвас үеийг таниулан сурталчилсаар байгаа юм. Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв байсан. Уг цогцолбор 980 барилгаас бүрдэх бөгөөд 720 мянган м.кв талбайг хамардаг. Хориотой хот Хятадын уламжлал архи­тек­турын хамгийн том жишээ болсон төдийгүй Зүүн Азийн болон бусад орнуудын архитектурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн байна. 1925 оноос хойш эл барилга музейн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Музейг жилд 15 сая хүн үзэж сонирхдог гэсэн мэдээлэл бий. 
Музей ордны нөхөн сэр­гээлт, арчлалт, хадга­лал­тын ажлыг хариуцдаг. Ордон музейн ойр орчимд өндөр барилга барихыг хориглосон. 2005 онд урт хугацааны сэргээн засварлалт хийсэн бөгөөд энэ үеэр 1912 оноос өмнөх байдалд нь оруулан засварласан байдаг. Ингэхдээ устсан болон хэт хуучирч, өгөршсөн хэсгийг нь шинээр сэргээж, 2008 онд дууссан байдаг. 

 

Парисын дарь эхийн сүм 

Францын хамгийн урт бөгөөд баялаг түүхтэй уран барилга бол Парисын дарь эхийн сүм. Байгуулагдсанаас хойшхи 850 жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд, хэдэн удаа шинэчилсэн бөгөөд өдгөө жилд 12 сая хүн ирж үздэг байна. Сүмийн анхны суурь чулууг Луис хаан VII болон пап лам Александр III нар тавьж, барилгын ажил 200-аад жилийн турш үргэлжилж, 1345 онд баригдаж дуусчээ. Энэ хугацаанд  тухайн цаг үеийн нэртэй архитектор Пьер де Монтрей, Жан Батист Лассю, Жан де Шелль, Жан ле Бутейе, Раймон дю Тампль, Жан Рави нарын оролцоотойгоор сүмийг барьж, шинэ Готик хэв загварыг бий болгосон байдаг. Парисын дарь эхийн сүм түүхэн он жилийн хугацаанд сүндэрлэхдээ олон удаагийн дайн самууныг давж, үе үеийн хаадын сэргээн засварлалтын ачаар өнөөдрийн цаг үеийг хүртэл хадгалагдан үлдсэн түүхтэй. Сүмд Францын түүх соёлтой холбоотой олон чухал үйл явдал болж байсан бөгөөд үүнээс дурдвал 1431 онд Францын хаан VI Генрихийг хаан ширээнд өргөмжлөх ёслол, 1804 онд Наполеон Бонапартыг Францын эзэн хаанаар өргөмжлөх ёслол, 1945 онд Францын ерөнхийлөгч Шарль де Голль Парис хотыг чөлөөлсний дараа сүмийг зорьж, ёслол үйлдэж байсан юм. XVI зууны үед сүм сүйдсэн боловч 1600 онд Луис XIII хаан дахин сэргээн засварлаж, 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжмийг бий болгожээ. XIX зууны эхээр сүйрлийн эрмэгт ирсэн сүмийг 1804 онд Напеолон хаан ширээнд сууснаар дахин сэргээсэн байдаг. 1829 онд Францын нэрт зохиолч Виктор Хюго “Парисын Дарь эхийн сүм” алдарт романаа бичиж, зохиолдоо сүмийн ур хийц, бүтцийн талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн нь тухайн үед Парист моодноос гараад байсан Готик хэв маягийн уг сүмийг дахин олны анхаарлын төвд оруулж, хожмоо энэ л зохиолоор дэлхий нийтээрээ мэддэг болсон билээ. Дэлхийн дайны аль ч үед сүмд томоохон хохирол учирч, олон уран бүтээлүүд устаж үгүй болсон ч XX зууны хоёрдугаар хагаст орчин үеийн хэв шинжтэй болгон завсарлаж, 13 тонн Эммануелийн хонх, гадна фасадыг шинэчилж, уран баримлуудыг нэмж барьжээ. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд дээврийн шинэчлэн засварлалтаас үүдэлтэй гал гарснаар хүн төрөлхтөний гайхалтай соёлын өв сүйдээд байна. Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг түймрийг “аймшигт үйл явдал” гэж нэрлээд дэлхийн улс орнуудын хандив тусламжийг оролцуулан сүмийг сэргээн босгох төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. 

 

Гарниэр дуурийн театр 

Францыг алдаршуулсан бас нэгэн гайхалтай бүтээн байгуулалт бол Гарниэрийн дуурийн театр юм. Энэхүү театрыг 1861-1875 онд III Наполеон  хааны зарлигаар барьжээ. 

Хамгийн анх “Salle des Capucines” хэмээн нэрлэгдэж байсан ч архитектурын гайхалтай шийдлийг хожмоо биширч, зураг төслийг нь гаргасан Чарьлз Гарниэрын нэрээр нэрлэгдэх болсон юм. Тэрээр энэхүү дуурийн театрын барилгын загварыг XIX зууны хоёрдугаар хагас, Парисын их сэргээн засварт тохируулж,  олон түүхэн сур­вал­жаас санаа авч, архи­тектор Паллидиогийн сон­годог үзэл баримтлалыг ренессанс архитектуртай хослуулсан байдаг. Мөн тансаглах дуртай III Напелеон хааны хүсэл сонирхолд  нийцүүлсэн нь дэлхийн хамгийн тансаг сайхан театрыг бий болгоход нөлөөлсөн юм.  Барилга 13 жилийн турш баригдсаны эцэст гайхамшигт неокласик архитектуртай Гарниэр театр нь Парис хотын нандин эрдэнэ болсон төдийгүй дэлхийн дуурийн театрын хэв маягийг тодорхойлсон анхны бүтээл болсон юм. 

Театрын гадна фасад болон дотоод засал чимэглэлд полихроми, олон өнгө, зэс, алдатмал хүрэл, гантиг чулуу ашигласан төдийгүй гадна нүүрэн хэсэгт гэхэд 70 төрлийн фасадыг ашиглажээ.

Мөн олон тооны гантиг, чулуун баганууд, тансаг баримлууд байх бөгөөд эдгээрийн ихэнх нь Грекийн домогт бурхадыг дүрсэлсэн байдаг.  Түүнчлэн цагаан гантиг чулууг улаан болон ногоон гантигтай хослуулсан тансаг шаттай, Паул-Жакуз-Аиме Баудри зурсан хөгжмийн түүхэн дэх олон янзын зураглалыг харуулсан тансаг таазтай байдаг.

Энэхүү заал нь 18 м өндөр, 154 м урт, 13м өргөнтэй аж. Харин театрын гол танхим нь 1979 суудалтай, уламжлалт Италийн хэв маягийг шингээсэн байдаг. Театрын хувьд Европдоо хамгийн томд тооцогддог бөгөөд 450 гаруй уран бүтээлчтэй аж.