ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нефтийн үйлдвэр барих хагас зуун жилийн мөрөөдөл нэг алхам урагшлав

O.Admin
2019-10-09

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг албан ёсоор нээх ёслол өчигдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд болов. Засгийн газар нэг жилийн хугацаанд маш шуурхай ажиллаж, гаднах бүтээн байгуулалтын ажлыг шуурхай дуусгаж чадсан нь энэ ажээ. Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  БНЭУ-ын Байгалийн хий, газрын тосны сайд Шри Дармэндр Драдан болон Эрчим хүч, УУХЯ, Гадаад хэрэг, Зам тээврийн хөгжлийн сайд, БНЭУ-аас манай улсад суух Элчин сайд Сингх, тус улсын “Экзим” банкны удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэтхэгийн ард түмний дэмжлэгээр бүтээн байгуулж буй энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь сүүлийн 20 жилийн хугацаанд зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, шатахууны хэрэглээгээ хангах зорилтыг бодит ажил болгож чадлаа. Би гурван зүйлийг бодож явдаг. Эрчим хүч, эрүүл хүн ч, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болсон цагт Монгол Улс хөгжинө. Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлье” хэмээв. Үйлдвэрийн гадна бүтээн байгуулалтын ажил нэг жилийн хугацаанд эрчимтэй өрнөж, Сайншанд өртөөнөөс үйлдвэр хүрэх 27 км урт төмөр зам, 17.5 км урт, хүнд даацын авто зам, 110/10 квт-ын цахилгаан дамжуулах шугам, Ширээт дэд станцыг байгуулж дуусчээ. Цаашдаа 550 айлын орон сууц бүхий ажилчдын хотхон барина. Нийт 15 байрыг 12 компани барихаар өнгөрсөн хавар шаваа тавьсан аж. Харин үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлж 2023 онд ашиглалтад өгөх бөгөөд  2024 оноос газрын тосоо олборлож эхэлнэ гэлээ. 

Харин 2022 оноос ажилчдын амарч зугаалах спортын төв, номын сан, сургууль, цэцэрлэгээс гадна худалдаа үйлчилгээний төв барина гэсэн  тов гарсныг ч дуулгалаа. Түүхий тосны агуулах, ачиж буулгах байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтыг цаашдаа хийх гэнэ лээ. Нээлтэд оролцсон БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэсэн юм. Тус улсын Засгийн газраас “Экзим” банкаараа дамжуулан манай улсад 1.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон билээ. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1.5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм.

Үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурах давуу тал бий. Мөн ДНБ 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөж, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө гэсэн сайхан мэдээг дуулгалаа. Түүхий газрын тосоо Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайгаас авах бөгөөд 550-600 орчим км-ын алсаас түүхий тосоо хийн хоолойгоор уу, эсвэл төмөр замаар зөөх үү гэдгээ шийдээгүй байгаа гэв. Ажлын хэсэг байгуулагдан судалж эхэлжээ. Жилдээ 8000 цаг ажиллах үндэсний томоохон бүтээн байгуулалт нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсний дараа 500-650 инженер, техникийн ажилтнууд ажиллах бөгөөд оргил үедээ 8000 хүнийг ажлын байраар хангана. Нээлтийн ёслолын төгсгөлд дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. 

Б.ЭРХЭС