ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг өдрийг сайн сайханд зарцуулах нь нийтээр жигших шалтгаан гэж үү

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-09

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүдийн санаачилсан Бурхан багшийн их дүйчин өдрийг баярын өдөр болгох тухай хуулийн төсөл сүүлийн үеийн улс төр, нийгмийн гол сэдэв болов. “Монголд баярын өдөр мундаагүй, сонгуулийн оноо горьдлоо” гэх мэт шүүмжлэл, ар араасаа хөвөрсөөр. Шүүмжлэлээс давж доромжлол газар авчээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилсныхаа төлөө сүүлийн хэдэн өдөр Д.Оюунхорол гишүүн газар дор ортлоо гутаалгуулж байгааг хүн бүхэн харж байна. Харж байгаа хэдий ч энэхүү доромжлолыг улам сэвж, улам дэвэргэсээр, дэмнэсээр. Эндээс бидний монголчууд ямархан дотоод сэтгэлтэй байна вэ, аливаад хэрхэн хандаж байгаа нь тодоос тод харагдаж байх юм. Ерөөс хазайсан нэгнээ түлхэх, унасан нэгнээ гишгэчих, аливаад хэт туйлшран давалгаалах үзэгдэл бидний дунд нэгэнт суурьшжээ. Толгой нь өвдөхөд хүртэл Гандан орж, арц хүж уугиулдаг шүтлэгтэй ард түмэн бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт баярын өдөр болгоход болохгүй юм арга билээ уг нь. 

Монгол Улсын 15 дээш насны нийт хүн амын 53 хувь нь бурханы шашинтай гэсэн судалгаа энэ шашин монголчуудад хэр нөлөөтэйг нотолж буй. Билэгт сайн өдрүүдээр Гандангийн дэнж олны хөлд дарагддаг нь ард түмэн шашныг хэр шүтэж буйг харуулах билээ. Ажиглаад үзээрэй. Найман настай балчраас наян настай буурал хүртэл бурханд мөргөж, жилдээ нэг хийдээр орж байгаа. Магад бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэж, сайн сайхан үйлсэд нэг өдрийг зарцуулах гэснийг амаа олохгүй элдэвлэж суугаа эрхмүүд ч Гандан орж, ном уншуулдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Бурхны шашин монголчуудад ийм л нөлөөтэй. Магадгүй сайн сайхнаас илүүтэй муу муухайд хошуурч, түүнийг тойрон хэл амаа билүүдэн бие биенээ хэмлэж буй өнөөгийн нийгэмд нийтээр шүтдэг шашнаар нь дамжуулж иргэдийн хандлага, сэтгэл­гээнд эерэгээр нөлөөлж болох ч юм бил үү, хэн мэдлээ. Ерөөс бурхны шашин соён гэгээрүүлэх хамгийн том үүрэгтэй гэдэг. Бие, хэл, сэтгэлийн нүглийг цээрлэнэ гэдэг нь соён гэгээрлийн үндэс. Үүнийг л баримталж чадвал, нийгмийг цочроож буй гэмт хэргүүд, шил дараалан гарах дуулиан, хулгай худлын асуудал багасах биз гэж сэтгэх юм. Манайд баяр олон уу гэвэл тийм. Гол нь баяр бүрийг согтуурч, наргиж цэнгэж тэмдэглэх ёстой гэж ойлгодог буруу сэтгэлгээ тогтсонд л асуудлын гол нь байгаа гэлтэй.

Тэмдэглэлт өдөр болгоно гэхтэй зэрэгцэн архи уудаг өдөр нэгээр нэмж байна хэмээн шүүмжлэх олны хандлага үүнийг нотлов. Гэтэл харин ч эсрэгээрээ Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг улс орнууд энэ өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, нийгэмд чиглэсэн сайн сайхан үйл хийдэг аж. Тухайлбал, нийтээр мод тарих, их цэвэрлэгээ хийх, буян үйлдэх гэх мэт сайн сайхан үйлд нэг өдрийг зарцуулдаг ажээ. Аль нь л бидэнд ус агаар мэт хэрэгтэй зүйлс. Агаарын бохирдлоос болж эхнээсээ угаартан амиа алдаж байгаа монголчуудад ногоон байгууламж  хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Архидалт гудамжнаас хальж, цагаан захтнуудын үүдээр орсон нийгэмд согтуурахыг нүгэл хэмээн цээрлэх хандлага хэрэгтэй юу гэвэл бас л тийм. Гэтэл олон түмний эв нэгдлийн бэлгэдэл болж, тэднийг төлөөлж, төрд суусан түшээд хүртэл нэг өдрийг сайн сайханд зарцуулахыг эсэр­гүүцэн, харлуулах ар­мийн тэргүүн эгнээнд явж бай­гаа нь харамсалтай.

Тод­руул­бал, УИХ-ын гишүүн Д.Хаян­хярваа болон Б.Дэлгэр­сайхан нарын олон нийтийн мэ­дээллийн хэрэгс­лээр илэр­хийлж буй хандлага нь бурх­ны шашныг шүтдэг ард түмний итгэлийг үл хүн­дэт­гэсэн үйлдэл байсныг хэлэх нь илүүдэхгүй болов уу. Төр нь ард түмнээ хуулиар хашиж, дотоод сэтгэлийг нь шашнаар дамжуулж засдаг хос ёсыг Монгол туур­га­тан эртнээс эдүгээг хүртэл баримталж ирснийг түүхийн шаргал хуудас харуулна. Эл өдрийг зуу зуун жилийн турш ач холбогдол өгөн тэмдэглэж ирсэн түүх бидний өмнө дурайж байгаа. Бурхны шашны нөлөө одоо ч монголчуудын дунд том байр суурьтай байгаагийн адил өмнө нь ч эрх чөлөө, тус­гаар тогтнолыг тогтооход түү­хэн үүрэг гүйцэтгэж, хэд хэ­дэн удаа төрийн шашин болж байсныг одоогийн тө­рийн түшээд мэдэхгүй юм гэхэд амьд сэрүүн суу­гаа өвгөд мартаагүй л бай­гаа шүү. Авлига, хээл хахууль, хүчирхийлэл гэх мэт аливаа нүгэлт үйлдлийг цээр­лэд­гээ­рээ энэ шашин хүн төрөлх­төний түүхэнд баларшгүй ач холбогдолтой гэдэгт маргах хүн байхгүй биз.

Тийм ч учраас хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, НҮБ-ын Үндэсний Ассамблейгаас Бурхан багшийн их дүйчин өдрийг олон улсад Зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг аж. Ерөөс хүн амынх нь дийлэнх нь бурхны шашинтай улс орнууд та бидний эвэртэй туулай үзсэн мэт хачирхан дооглож байгаа Бурхан багшийн их дүйчин өдрийг тэм­дэглэхийг хуульчилж өг­сөн байдаг ажээ. Тухайлбал, Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Непал, Сингапур, Тайланд, Шри-Ланк зэрэг улсуудад энэ өдрийн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон, хуульчилсан байдаг аж. Үүнтэй адилхан Христийн шашин зонхилсон АНУ болон европын дийлэнх улс орнууд ч мөн Кристмасын баярыг эртнээс хуульчилж, үндэсний хэмжээнд тэмдэглэж иржээ. Тэгэхээр ард түмний зонхи­лох хэсэг нь шүтдэг шашинд ач холбогдол өгч, Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь тийм ч хүн гайхаж, нохой гасалмаар хачирхалтай зүйл биш ажээ. Бид л тэмдэглэлт өдөр гэхээр архи уудаг өдөр хэмээн ойлгож, нийгэм даяараа эсэргүүцэж байгаа болохоос дэлхийн улс орнууд эртнээс эдүгээг хүртэл энэ жишгээр явж иржээ. Нэг өдрийг сайн сайханд зарцуулах нь нийтээр жигших шалтгаан юм гэж үү. Бодох л асуудал...