Нийслэлийн хэмжээнд 200 орчим мянган гэр хорооллын айл өрх бий. Тэгвэл тэдгээр айлуудад угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах шийдвэр гарчээ. Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг оруулж, хэлэлцүүлнэ гэж байсан. Ямар шийдвэр гарсан бэ?
-Угаарын хий суурилуулах, айл өрхүүдэд тарааж өгөх суурилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан шийдвэрлүүллээ. Ямар ч байсан сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх, олноороо амь нас эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох, бусад хорт хавдрын өвчлөлийг бууруулах үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч, бага оврын төхөөрөмж суурилуулахаар болсон. Энэ ажлыг бид дундаас нь зогсоохгүй, буруу зөрүү ойлголтыг төрүүлжхгүй, иргэдийг эрсдэлт оруулах байх арга хэмжээг бүх талаас нь авна. 200 гаруй мянган гэр хорооллын айл өрх Улаанбаатарт бий. Энэ айл өрхийн судалгааг дахин нарийвчилж гаргана. Халаалт хэрэглэж байгаа, цахилгаанаар халааж буй олон айл өрх бий. Тиймээс энэ бүхнийг дахиад нягтална. Мөн аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эх үүсвэрээс гаргах байх.
-Хэчнээн төгрөгийн өртөгтэй төхөөрөмж байгаа вэ?
-Одоогоор яг тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж авна гэж шийдээгүй байна. Монгол мөнгөөр 30, 40 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгийнх ч бий. Гэхдээ бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртөг хямд төхөөрөмжийг нийлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна. Энэ дунд ямар нэгэн бизнес шахаа, хэн нэгний цавчаа орох ёсгүй, шууд үйлдвэртэй нь харьцаад, хямд үнээр олноор авна. Бүхий л төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг энэ ажилд оролцуулж байж богино хугацаанд шийдэх юм.
-Айлуудын ашиглаж байгаа зууханд нийслэлээс ямар арга хэмжээ авах вэ?
-Угаартсан, эрсдэл бий болсон айлууд ихэнхи нь ханан пийшэн байна. Дундуураа завсартай, хавхлагаа түлхсэн, яндангаа хөөлөөгүй гэх мэт тохиолдол бий. Эсвэл шаталтаа багасгах зорилгоор хавхлаг буюу хаалтаа хаасан гэх мэтчилэн асуудал гарч байна. Тиймээс зуухаа засварлах, яндангаа өндөрлөх маягаар айл өрх бүрт нийслэлийн ажилтан албан хаагчид зөвлөмж өгч ажиллаж байгаа. Үүнд мэргэжлийн хяналт, ус сувгийн байгууллагаас эхсүүлээд олон мэргэжилтэн багтсан. Өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй мянган айл өрхийн 49 хувьд нь зөвлөмжөө өгч, урьдчилан сэргийлэх ажлаа хийж хийлээ.
-Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу, зогсоочихсон байгаа юу?
-Үндэсний хэмжээний, хүн амын эрүүл, аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас янз янзын шалтгаан үүсэх байх. Тухайлбал, горим алдагдах, хөндлөнгийн нөлөө орохоос урьдчилан сэргийлж үйлдвэрийг онцгой обьект болгож хамгаалалтад авах ёстой гэдэг асуудал орууллаа. Одоогоор үйлдвэр зогсоогүй, хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ стандарт, дүрэм журмын хувьд аюулгүй ажиллах ёстой.