ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхий сайд П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд байрлуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-10

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрладаг. Уг түүхэн дурсгалт байшинг сэргээн засварлах ажил эхлүүлсэнтэй холбоотой буул­гаж, суурин дээр нь  22 давхар барилга барихаар болсон талаар өчигдөр П.Гэндэнгийн нэрэмжит сан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог уг хоёр давхар дүнзэн модон барилга нь өдгөө 90 гаруй жилийн насжилттай.  Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ,  “Энд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байх юм. Харин газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан. П.Гэндэнгийн нэрэмжит сангийн барилга нь  Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжтай 1652 мкв газартай, музей конторын зориулалттай. Анх 2016, 2017 онд архитектур төлөвлөлтийн даалгавар гарч байсан. Музейн зориулалтай 16 давхар барилгын нэг давхарт нь П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг хадгалах хэлбэрээр шилэн хоргонд байрлуулах зураг төслийн даалгаврыг манай байгууллагаас гаргаж байсан юм.

Хэлмэгдэгсдийн музейн зориулалттай Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг өв соёлоо хадгалж хамгаалж үлдэх зорилгоор шилэн хоргонд байрлуулахаар болсныг П.Гэндэнгийн нэрэмжит сангаас онцлов. П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат энэ талаар мэдээлэл өгсөн.  

Тэрбээр, “Би байшинг сэргээн засварлах талаар олон жил судалж, олон талын мэргэжилтнүүдтэй ярилцаж байсан. Сэргээн засварлах, үндсэн төрхийг нь авч үлдэх нь их амаргүй ажил юм билээ. Байшинг хэвээр  үлдээхээр сууринд нь зайлшгүй бүтээн байгуулалт хийх ёстой болж байгаа юм. Гадаа үлдээхээр мод нь өгөрч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай байшинг 95 хув­ийн элэгдэлтэй ашиглалт­ын шаард­лага хангахгүй гэж дүгнэсэн. Иймд байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн. Гэхдээ энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан юм. Би гэр бүлийнхээ мөрөөдлийг биелүүлж байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг байшинг нураагаагүй. Түр хугацаанд буулгасан.  П.Гэндэн сангийн хоёр давхар  модон байшинг сэргээн засварлаж шинээр баригдах барилгын нэг давхарт байрлуулж музей хэлбэрээр хадгалах гэж байгаа юм” гэлээ.

Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага ханга­сан, үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломж бүрдэх аж. Мөн төсв­ийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, П.Гэндэнгийн сангаас хөрөнгө оруулалтыг нь хийж, нэр бүхий 2-3 компанитай хамтран ажиллаж байгаа гэлээ. Шинэ барилгын 1-4 давхар нь музейн зориулалттай бол үлдсэн нь оффисын зориулалттай.  Шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг  нэг жил гаруйн хугацаанд  гүйцэтгэх тооцоо гарчээ.