ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Геологичид 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг илрүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-17

“Геологи бол байгалийн шинжлэх ухаан. Геологич хүнээс үргэлжид танин мэдэхүйн мэдлэг шаарддаг. Тэр дундаа түүх, археологи, сансар, биологи зэрэг бүхий л чиглэлийн мэдлэг шаардаж байдаг  мэргэжил. Хүнд гээд орхиж болдоггүй, жаргалтай байна гэж ташуурч гүйдэггүй. Алдар нэр, албан тушаал горьддоггүй. Эгэл даруухнаар хөдөлмөрлөж явдаг хүмүүс шүү дээ” гэж  өвгөн геологич ярьж байхыг одоогоос  хэдэн жилийн өмнө сонсож байсан юм. Түүний хэлсэн үг үнэхээр үнэний ортой санагдав. Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Тэртээх 1939 оны Сайд нарын зөвлөлийн хурлын 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд ”Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн албаны  түүх эхэлдэг. Тэр цаг­аас хойш геологийн алба манай улсын бие даасан томоохон салбар болтлоо хөгжиж, нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрогеологи, геофизик зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулж чаджээ.  Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг илрүүл­жээ. Олон ч томоохон орд газруудыг  нээжээ. Энэ бол төдийгөөс өдий хүртэл хөлс хүчээ урсгаж зүтгэсэн олон зуун геологич нарын хөдөлмөр юм. Ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлын нэг нь Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал аж. Хурлыг УУХҮЯ, АМГТГ, ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн палеонталогийн хүрээлэн МУИС, ШУТИС-иас хамтран энэ сарын 16,17- ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНЧехУ, Ардчилсан Солонгос Улс, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, хамтын ажиллагааны хүрээнд хийсэн геологийн судалгааны үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын талаар санал солилцож байна. Эрдэм шинжилгээний хурлыг  нээж, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд геологийн салбарт Япон, Канад, Австрали, Франц, Солонгос зэрэг орнуудын геологийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн геологийн судалгааны болон хайгуулын төслүүд хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Манай геологичид гадны геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж орчин үеийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмж, программ хангамжийг эзэмшин тэднээс суралцахаас гадна бусад улсад ч ажиллах болсон нь тэднийг олон улсын түвшинд хүрснийг харуулж байна. Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс орныхоо нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг судлах, ашигт малтмалын хэтийн төлвийг тогтоож олон арван орд илрэлийг нээж, илрүүлсэн. Мөн нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан яваа геологийн салбарын үе үеийн эрдэмтэд, багш нар, геологичид, зочид төлөөлөгчдөд ойн баярын мэнд дэвшүүлье” гэв.  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг хөгжүүлж, эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэг­дүүлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа юм.

Хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр томоохон ажлууд хийж байгаа. Мөн олон улсын дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгааны ажлыг чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна мэдээллийг цахимжуулах, шинэчилж боловсронгуй болгох, хурдан шуурхай цаг алдалгүй үйлчлэх  ажлууд үр дүнгээ өгч эхэлжээ. Мөн энэ үеэр геологичид  судалж шинжилсэн судалгааны үр дүн, бүтээж туурвисан ном товхимол, хийсэн ажлынхаа ололт амжилтыг   чиглэл тус бүрээр  салбар хуралдаануудаар танилцуулах юм. Энэ үеэр мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсоход Ашигт малтмал,  газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал “Геологийн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Үндэсний геологийн алба байгуулагдсан нь геологичдын хөдөлмөрийг үнэ цэнэтэй болгох, олон улсын жишигт салбарынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх юм. Ингэснээр эрдэс баялгийн салбараа гадаад, дотоодод сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын түүхэн үйл явдал, ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлэх ач холбогдолтой” хэмээлээ.

УУХҮЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтанхуяг “Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна. Цаг үеэ олсон ач холбогдолтой хурал болж байна. Өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулах тухай хэлэлцээд, шийдвэрлэжээ. Ингэснээр геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах боломжтой. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.