ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Тэгшбаяр: Угаартсан хүнийг шууд салхинд гаргаж болохгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-17

Иргэд угаартсан тохиолдолд  хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон бусад асуудлаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяраас тодрууллаа.  

-Өнөөдрийн байдлаар  нийтдээ хэчнээн хүн шахмал түлшний хийнд хордсон гэсэн албан ёсны мэдээлэл байгаа вэ. Сүүлийн өдрүүдэд янз бүрийн тоо гараад байгаа?
-НЭМГ-аас Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабад 24 цагийн жижүүр томилон ажиллуулж байгаа. Эдгээр хариуцлагатай жижүүрүүд тухайн өдөр угаарын хордлогын улмаас эмчлүүлэн, тусламж үйлчилгээ авсан нийт хүний тоог нэгтгэхээс гадна,  онцгой нөхцөл үүссэн тохиолдолд яаралтай мэдээллээр хангах үүрэг бүхийн хүмүүс юм. Ингэснээр НЭМГ, НОБГ-аас тус тусдаа мэдээлэл гаргахгүй, Шуурхай удирдлагын штабын мэдээг үндэслэж хэвлэл мэдээллийн байгууллага,  иргэд олон нийтийг нэгдсэн, зөв бодитой тоон мэдээллээр хангах үүрэгтэй юм. Албан ёсны хариуцлагатай мэдээ гаргахын тулд ийм шийдвэрт хүрсэн.  Аравдугаар сарын 2-16-ны өдрийг хүртэл нийт угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандсан 165 өрхийн 360 хүн байгаа. Үүнээс 146 хүүхэд, 241 насанд хүрэгч байна. 

-Эмнэлэгт хэвтсэн хүний тоо буурч байна уу? 
-Нийтдээ  35 хүн эмнэлэгт хэвтэж, 27 хүн гарсан байна. Ингэснээр аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар есөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин хамгийн сүүлийн буюу 15-ны өдрийн 06:00 цагаас 16-ны 06:00 цагийн байдлаар 20 өрхийн 54 хүн хордсон гэж эрүүл мэндийн байгууллагад хандсан. Үүнээс 22 нь хүүхэд, 32 нь насанд хүрэгчид байна. 

-Хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүний биеийн байдал ямар байгаа вэ? 
-Эдгээр хүмүүсийн хувьд онцгой анхаарал татсан, ухаангүй эсвэл хүнд хэлбэрийн хүн байхгүй. Хүндэвтэр, хөнгөн хэлбэрийн хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. 165 өрхийн 360 хүн хандсан гэж байгаа боловч анх дуудлага өгсөн хүн бүрийг бүртгэж байсан. Гэтэл энд томуутай, даралт нь ихэссэн, ходоод гэдэсний хямралтай гэх зэрэг шалтгаантай хүмүүс байсан л даа. Сүүлийн үед  шалтгааныг  нь ялгаад зөвхөн угаарын хордлоготой хүмүүсийнхээ тоог авч  эхэлсэн. Тэгэхгүй бол хиймлээр тоо өсч,  иргэдэд буруу мэдээлэл хүрч байна шүү дээ. Нөгөө талаас иргэд өөр шалтгаанаар өвдсөн байсан ч,  угаартсан гэж дуудлага өгвөл түргэн тусламж хурдан ирнэ гэх зэргээр зарим ажилд саад учруулж байгаа. 

-Эмчилгээ хийлгээд гэртээ гар­сан хүмүүсийг хянаж байгаа юу?
-Зөвлөгөө, тусламж үйлчилгээ аваад буцсан иргэд,  эмнэлгээс гарсан хүмүүсийн  мэдээллийг дүүрэг хороогоор нь нэгтгээд,  Өрхийн эрүүл мэндийн  төвд  хүргүүлж, тэднийг хянаж байгаа. Одоогоор хяналтад байгаа хүмүүсийн дунд биеийн байдал муудсан,  өөрчлөгдсөн зүйл байхгүй. 

-Иргэд угаартахгүй байхын тулд  яах ёстой вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг сайтар дагах хэрэгтэй. Тухайлбал, шахмал түлшээ хэрэглэхдээ зууханд дүүрэн биш, дундуур хийх, ханан пийшинтэй айлууд яндангаа сайн хөөлөх, өндөрсгөх шаардлагатай. Мөн яндангийн дээд талын малгай буюу хаалтаа хэрэглэх, ханан пийшингийн дундах завсар зайгаа бөглөх хэрэгтэй. Энэ нь утаа алдагдахаас сэргийлж байна гэсэн үг шүү дээ. Угаарын  хий нь өөрөө өнгөгүй,  үнэргүй,  нүдэнд харагдахгүй учраас хордлогод өртөх магадлал өндөр байдаг. Түүхий нүүрс адаглаад үнэртдэг учир хүмүүс дор нь арга хэмжээ авчихдаг шүү дээ. 

-Угаарын хийн хордлогын үед иргэд юуг анхаарах ёстой вэ. Хордсон үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 
-Угаарын хий  гэдэг нь нүүрс хүчлийн дутуу эсэл. Тэр нь цусанд байгаа гемоглобин гэдэг бодистой нийлэхээр гарбоксигемоглобин гэдэг зүйл үүсдэг. Энэ нь цусанд хэр хэмжээтэй байгаагаас хамаарч хөнгөн, хүнд хэл­бэрээр явагддаг. Хөнгөн хэлбэрийн үед толгой эргэх, өвдөх, дотор муухай оргих, огиулах, чих шуугих, нүднээс нулимс гоожих, ханиалгах, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илэрдэг. Харин хүнд хэлбэрийн үед, унтах, нозоорох, таталт өгөх, хий юм сонсох, өтгөн шингэн хяналтгүй гарах, биеийн халуун буурах, амьсгалын тоо өөрчлөгдөх шинж тэмдэг илэрнэ. Аль ч хэлбэрийн үед иргэн өөрөө эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд заримдаа хэнэггүй байдаг. Тухайлбал, бага зэрэг толгой өвдөхөөр цааргалж маргааш,  нөгөөдөр үзүүлье гэдэг. Аль болох эмнэлгийн тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд авах ёстой. 

-Хүнд хэлбэрийн үед яах вэ.  Түргэн тусламж ирэх хооронд яаралтай тусламж үзүүлэх энгийн арга хэрэглэх боломжтой юу?
-Аливаа гэмтэл осолтой адилхан угаарын хийн хордлогын үед  хамгийн эхэнд түргэн тусламжаа  дуудах ёстой. Үүний дараа угаартсан хүнийг гэрийнхээ аль болох агаартай хэсэгт хажууд талаар нь хэвтүүлнэ. Шууд салхинд гаргаж болохгүй. Угаартсан хүний цээжийг ил гарган нойтон алчуур, ус, цас гэх мэт хүйтэн зүйлээр арчиж хордлогыг  багасгана. Хөвөн, цаасаар хамрын салстыг цочроож, найтаалгах арга хэмжээ авдаг. Хэрвээ угаартсан  хүн  хариу үйлдэл үзүүлж, хүний ярьж буйг ойлгож байгаа тохиолдолд унтуулахгүй, тасралтгүй яриулах хэрэгтэй. Мөн шингэн зүйл уух чадвартай байвал сахартай халуун цай, кофе, чацаргана уулгана. Магадгүй тухайн хүн угаартсан эсвэл амьсгалахгүй бол амилуулах суурь  тусламж буюу хиймэл амьсгал өгөх,  цээж шахах зэрэг аргыг зааврын дагуу хийж болно. Хүмүүсийн яриад байгаа шиг цус ханаж хэзээ ч болохгүй.