ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөрөн: Замын ажил хийх зөвшөөрөлтэй хятад иргэд махны үйлдвэрт ажиллаж байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-17

Монгол Улсад гадаадын нийт 28268 иргэн оршин сууж байгаагаас БНХАУ-ын 13,764 иргэн амьдардаг аж. Энэ нь бусад улс орныхоос хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд БНХАУ-ын араас АНУ-аас 2589, ОХУ-аас 2556 иргэн ажиллаж амьдардаг байна. Энэ талаар болон гадаад иргэдтэй холбоотой чухал асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар манай улсад ажиллаж амьдардаг гадаадын хэчнээн иргэн бүртгэлтэй байгаа вэ? 
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28268 иргэн байна. Байршлаар авч үзвэл Улаанбаатарт 20111, Дорнодод 1568, Өмнөговьд 1409 Баян-Өлгийд 953, Дорноговь аймагт 544 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байгаа. Дорнод аймагт хамгийн өндөр байгаа нь Монгол, БНХАУ хоёр орны Засгийн газрын шийдвэрээр “Петро чайна” компани газрын тос олборлож байгаатай холбоотой. Харин Өмнөговь аймагт уул уурхайн үй ажиллагаатай холбоотойгоор тоо өндөр байгаа юм. 

-28268 иргэн манай улсад ямар хэлбэрээр оршин суудаг вэ? 
-Гадаадын иргэд зөвшөөрөл авах 29 хэлбэр байдаг. Үүнээс 21497 иргэн голлох таван ангиллаар манай улсад оршин сууж байгаа л даа. Нэгдүгээрт , Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд  2695, Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд буюу тэдний гэр бүлийн гишүүд 11114 байгаа бол  ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд сурч буй иргэд 2773,  Аж ахуйн нэгж байгууллгад хөрөнгө оруулагч 2989, цагаач харьяалалгүй иргэн 1927 байгаагаас ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна.

-Манай улсад аялал жуулчлал болон ажил эрхлэх хэлбэрээр ирсэн  БНХАУ-ын маш  олон иргэн байдаг.  Ер нь эрх зүйн талаасаа нэг улсаас тийм хэмжээний хүн манай улсад амьдарна гэсэн заалт байдаг байх? 
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсад тодорхой хэмжээнд гадаадын иргэн нийт хүн амын хэдэн хувийг эзлэх эсвэл нэг улсын иргэн хэд байж болох вэ гэдэг тоог хуульчилж өгсөн байдаг. Уг хуулиар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат нийт хүн амын гурван хувь буюу 3.200.000 гэж үзвэл 97154 гадаадын иргэн оршин сууж болно гэж хязгаарласан байдаг. Энэ тооноос нийт гадаадын иргэдийн тоогоо хэтрүүлж болохгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хэтрээгүй гэсэн үг.  Харин нэг улсын иргэн  Монгол Улсын нийт хүн амын нэг хувь байхыг тусгасан байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 13248 иргэн байна. Энэ нь нийт хүн амын 0.4 хувийг эзэлж байгаа юм. Харин цагаачлан амьдрах иргэдийн тоог хуулиар нийт хүн амын 0.5 хувь буюу 16192 иргэн байна гэж тусгасан байдаг. Одоогийн байдлаар 16 улсын 1927 иргэн Монгол Улсад цагаачлан амьдарч байна.