ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна

O.Admin
2019-10-21


БНХАУ-ын Ухань хотод Дэлхийн цэргийн 7 дугаар спортын наадам зохион байгуулагдаж байна.  Энэ наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт
хорооны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тус улсад ажлын айлчлал хийж буй  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдын хотхоноор зочиллоо.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан нийт 82 тамирчин цэргийн наадмын нээлтэд оролцсон байна.  Н.Энхболд сайд тамирчидтайгаа уулзаад  Ухань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.  
Дэлхийн цэргийн 7 дугаар наадамд  109 орны 9300 гаруй тамирчид оролцож байна.

Энэхүү наадмыг зохион байгуулагч “Дэлхийн цэргийн спортын холбоо” /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодуудын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан найрамдлыг зузаатгах, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны "Дэлхийн цэргийн спортын наадам"-д оролцож 1 мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол оролцож байна.  2015 онд БНСУ-д зохиогдсон Дэлхийн цэргийн /CISM/ VI наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг, тамирчид спортын 8 /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, спортын 5 төрөлд алтан медаль - 6, мөнгөн медаль - 12, хүрэл медаль - 6 нийт 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 байрт шалгарсан өндөр амжилт үзүүлж байв.