ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ханасан мэдрэмж”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-22

“Энэ цагаас хойш 10 жилийн дараа хамтлагийнхаа 40 жилийн ойг хийхийн тулд яг өнөөдрөөс эхлэн би тамхинаас гарна” хэмээн догдолсон сэтгэлээ фэнүүдтэйгээ хуваалцсан хүн бол Монголын рок хөгжмийн яруу найраг, хөгжмийг үндэслэгч “эцэг” гэгдэх Харангын Лхагваа. Тэд өнгөрөгч бямба гарагт монголчуудтай хамтдаа 30 жилийн ойгоо “Буянт-Ухаа-2” спортын ордонд нүсэр, нүргээнтэйгээр тэмдэглэв. Монголын хөгжмийн салбарт энэ таван залуу бүх зүйлээрээ анхдагчид байсан, цаашдаа ч байх болно.

Ардын армийн “Соёмбо” хамтлагаас эхэлсэн залуусын нөхөрлөл 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг байгуулах эхлэл болсон юм гэнэ лээ. Энэ цагаас хойш бидний тархи, зүрхэнд “урилгагүй” зочилж, аз жаргал, хайр, харуулсал, гуниг зовлон, эх үрсийн элбэрэл, эх орны тухай бадрангуй бас гунигламаар, огшмоор, онгирмоор олон бүтээлийг хүргэлээ.

Монголын рок поп хөгжмийн амьд архив, домог хэмээн нэрлэгддэг эдгээр тэнгэрлэг эрчүүдийн дууг сонсож, тэднээр бахархаж, тэдэнтэй хамт омогшиж яваа энэ л цаг хугацаагаар бахархаад ч ханашгүй нь ээ. Урлагаас авах ханасан мэдрэмж гэдгийг тэднээс л авч ирсэн юм, бид. “Амьдрал”, “Манан”, “Шиврээ бороо”, “Дөрвөн улирал”, “Зүүд”, “Зүүдэндээ би хайртай”, “Үгүйлэн санана”, “Энэ бол дурлал биш” зэрэг олон дуунд нь залуус анхны хайртайгаа учирч, бас хагацаж, амьдралын ханиа олсон. Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын тодорхойлсон шиг “Монголын эрх чөлөөний дуудлага” болсон эдгээр тэнгэрлэг эрчүүдтэй дахиад ч 30 жил нөхөрлөхийг бид хүсэж байна.

Бүтээсэн, туурвисан дуу бүхнээр чинь огшиж, омогшихийг бас хүсэж байна. Харангийн Лхагваатай он цагтаа баярлаж сууна. “Миний бүх зүйл баруун болсон” хэмээн бардамнахыг чинь дахиад олон жил сонсохыг хүснэм. Чукагийн нулимс унагахыг харж, бөмбөрчин Пүүжээ, хөгжимчин Баяраа, хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Манлайгаас урсан гарах аялгуу, дуу бүхнийг даган дуулж, түүнд нь дурлаж яваа нь хэчнээн азтай хэрэг билээ. Дуулагдах бүтээл, дурсагдах алдрыг бүтээсэн та нартаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Ирэх өдрүүдэд илүү олон бүтээлээс чинь “ханасан мэдрэмж” амтлахыг хүснэм, би. Арван жилийн дараах амьдрал руу эгэл жирийн боловч их хүслийн далайгаар сэлүүрдэн замд гарцгаая, цугтаа.