ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жил бүр 150 сая ам.долларын эрчим хүчний борлуулалт хийнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-22

Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд 20-30 мвт-аар нэмэгдэж, тэр хэрээр гаднаас авах импортын эрчим хүч нэмэгддэг байна. Тийм ч учраас Засгийн газар Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга зэрэг уул уурхайн томоохон орд газруудыг төвийн эрчим хүчтэй холбох зорилт тавиад байсан юм. Тэгвэл энэхүү эрчим хүчийг төвийн бүсээс хангах боломжийг бүрдүүлсэн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 249 км урт цахилгаан дамжуулах шугам ашиглалтад орж, Засгийн газрын зорилго биелэв.  

Улсдаа хамгийн өндөр буюу 330 квт-ын хүчин чадалтай  тус шугамыг байгуулахыг Эрчим хүчний яам анхлан санаачилж, БНХАУ-ын Засгийн газраас олгосон тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн, өнгөрөгч баасан гарагт хүлээлгэн өглөө. Тус цахилгаан дамжуулах шугам ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өмнөговь аймгийн эрчим хүчний системтэй холбогдож, сүлжээний системийн ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулж, уул уурхайн хөгжлийн эрчим хүчний урт хугацааны хэрэгцээг хангах аж. Өөрөөр хэлбэл, Өмнөговийн уул уурхайн томоохон ордуудыг эрчим хүчээр хангах эх үүсвэр болж байгаа юм.

 Мөн тус бүс нутаг жилийн турш импортын эрчим хүчнээс хамааралтай байдаг асуудлыг шийднэ гэдгийг салбарынхан хэлж буй. Монголын анхны 330 киллвольтийн цахилгаан дамжуулах шугам барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын техникийн салбарт тэргүүлэгч 100 аж ахуйн нэгжийн зургадугаарт бичигддэг “Ти Би И Эй” компани ажиллаж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамтран ажиллажээ. Уг бүтээн байгуулалтын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ  “Энэ шугам бол Өмнөговийн томоохон бүтээн байгуулалтууд, уул уурхайн ордуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах эх үүсвэр болох юм.

Ялангуяа Оюутолгойн цахилгаан хангамжийг энэ шугамаар дамжуулна. Ингэснээр гаднаас авч байгаа импортын эрчим хүчийг бууруулж, валютыг Монголдоо үлдээх боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар бид нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг гаднаас авч байгаа. Энэ шугам ашиглалтад орсноор 10 хүртэл хувь болж буурах боломжтой юм. Тиймээс гадагшаа урсаж буй юалютыг хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээн байгуулалт боллоо” хэмээн дүгнэв.

Харин цаашид эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэхдээ “Өмнөговьд Тавантолгойн дэд станц ашиглалтад орно. Харин Улаанбаатарт одоо байгаа станцуудын хүчин чадлыг 400 гаруй мвт-аар өргөтгөнө. Багануурын станцыг мөн 700 мвт-аар өргөтгөхөөр ажиллаж байна. Эдгээр эх үүсвэрүүд ашиглалтад орсноор үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг Улаанбаатар-Мандалговь чиглэлийн агаарын шугамаар Өмнөговь руу дамжуулах боломжтой” гэлээ.

Тэгвэл цахилгаан дамжуулах энэхүү шугам ашиглалтад орсноор зөвхөн тус станцад ажлын байр олноор нэмэгдэхээс гадна эрчим хүчээр хангаж байгаа томоохон бүтээн байгуулалтууд, ордуудад гарах ажлын байрыг тооцвол хэдэн мянгаар тоологдох шинэ ажлын байрыг бий болно гэдгийг ч нээлтийн үеэр салбарын сайд онцоллоо. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр зангилаа дэд станцууд нь эрчим хүчний системийн ашиглалтын аюулгүй найдвартай, ухаалаг ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх аж.

Энэ талаар Төслийн зохицуулагч Ч.Батзоригоос тодруулахад “Стратегийн бүсийн чанартай цахилгаан дамжуулах агаарын шугам бий болж байна. Хамгийн гол нь эрчим хүчний эх үүсвэрийг төвийн бүс рүү нийлүүлэх техникийн бололцоо энэ шугам ашиглалтад орсноор бүрдэж байгаа юм. Мөн ОХУ болон БНХАУ-ыг дамнасан бүс нутгийн цахилгаан дамжуулах агаарын томоохон хэлхээ бий болно. Засгийн газар Оюутолгойг төвийн эрчим хүчинд холбох зорилтдоо хүрлээ. Өмнө нь тус орд газар нь БНХАУ-ын Өвөр Монголын цахилгаан дамжуулах хорооноос цахилгаан авч байсан юм” гэсэн юм. Тэгвэл эдийн засгийн хувьд ямар ахиц, дэвшил гарах талаар  тодруулахад “Энэ төсөл 119 сая ам.долларын өртөгтэй. Бүрэн хүчин чадлаараа буюу 330 квт-аар хоёр хэлхээгээр дамжуулвал 400 мтт-ыг дамжуулах боломжтой.

Ингэснээр жилд 120-140 сая ам.долларын цахилгаан эрчим хүчний борлуулалт хийнэ. Дамжуулалтын хөлсийг одоогийн эрчим хүчний тариф буюу  0.09 центээр тооцвол 25 жилд хөрөнгөө нөхөх бүрэн боломжтой. Насжилтыг 70-80 жил гэж тооцоход ирэх 50 жилд жил бүр 140-150 сая ам.долларын борлуулалт хийнэ. Эрчим хүчний одоогийн үнэ тариф өөрчлөгдвөл үүнээс богино хугацаанд хөрөнгөө нөхөх боломжтой” хэмээн мэдээлэв. 

Ийнхүү Эрчим хүчний яамны санаачилгаар өмнийн бүсийг, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болох томоохон орд газруудыг төвийн эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах агаарын шугам ажиллаж эхэллээ. Ингэснээр жилд 150 сая орчим ам.долларын эрчим хүчний борлуулалт хийхээр салбарынхан төлөвлөжээ.